Спорт

Бяртай нь давдаг юм бол би түрүүлнэ

Баруун Монголчуудын дунд Дөрвөн ойрадын бух ноолдоон /бөхийн барилдаан/ гэдэг өвөрмөц бөхийн төрөл байжээ.

Бух ноолдооны дээд цол нь Луу аварга агаад Төмөр хар, Гонгор буюу Гонгоо, “галзуу тэмээ” хэмээх Гүнгээ, “улаан гуя” хэмээх Жамбал, Боргогийн Туулай, Туйлдагийн Түгжээ, Төмөр харын Гойров, Хяргасын Очир зэрэг үлэмж хүчтэн аваргууд бяр тэнхээгээрээ ойрад даяар алдаршин дуурсаж байжээ.

Гэхдээ хэн нь ч Монгол үндэсний бөхийн Даншиг наадамд зодоглож байгаагүй бол Увсын хязгаарын Хан Хөхий нутгийн их хүчтэн “хар” Ламжав үндэсний бөхийн барилдаанаар зодоглож алдарт Намхай аваргыг өвдөг шороодуулан Даншиг наадамд түрүүлж байжээ.

Хөхийн халх хошууны ноён “Луу жанжин гүн” хэмээн халх, ойрад даяар нэршсэн Лувсандондов Богдын даншигт явахдаа Ламжавыг дагуулан явжээ.

Замд ачаатай нэг тэмээ нь шаварт шигдэж, олон эрчүүд элбэж хамжиж татаад дийлэлгүй ачаа барааг нь авч буулгаад “зөнгөөр нь ингээд орхиод явахаас, хайран тэмээ” гэлцэж байтал тарвагачлаад хөсөг жингээсээ хоцорсон Ламжав сая гүйцэж иржээ.

Луу Жанжин гүн уурлаж,

-Чи хаашаа алга болчихдог яасан задарсан албат вэ. Ачаатай тэмээгээ шаварт шигдүүлээд гаргаж хүчрээгүй тул бид орхиод явах гэж байна. Улам л доошоо шигдээд байгаа энэ хөөрхий амьтныг харсаар байж хар шаварт соруулж үхүүлэх нь. Хэрэв чи арай бага шигдсэн үед нь ирж хамжсан бол татаад авчхаж магадгүй байлаа.

Одоо өнгөрлөө дөө. Ер нь чи эцсийн мөр татаад үз гэж зандрах зөвлөх зэрэгцэн хэлжээ. Ламжав тэмээнд дөхөн очоод хоёр бөхнөөс нь зууран ганхуулж байснаа “Иш-чүү” хэмээн орилоод суга татвал хөөрхий тэмээ ёолох мэт орилж лаг шаварнаас жигтэйхэн их дуу чимээтэйгээр сугаран гарчээ.

Тэгэхэд Луу жанжин гүн машид хөхөн бахдаж,

-Манай Ламжав аргагүй л эгэлгүй их тэнхээтэй бөх дөө гэж магтжээ.

Энэ бол 1893 оны зун агаад Луу жанжин ноён Даншиг наадамд Ламжавыгаа зодоглуулсан билээ. Ингэж Засагт хааны Луу жанжин гүний хошууны бөх Ламжав 1068 бөх барилдсан даншигт Түшээт ханы Дайчин вангийн Намхай зааныг орхин түрүүлж арслан цол хүртсэн аж.

Тэр үед алдарт Намхай аварга даншгийн заан цолтой байсан ажээ. Ламжав арслан энгүй их тэнхээтэйгээс гадна аатай, амтай ч хүн байв. Даншигт түрүүлсэн хойноо Манж амбаны Улиастайн наадамд очиход нь амбан ноён түүнээс,

-Энэ наадамд хэн түрүүлэх вэ? гэж амыг нь асуухад Ламжав,

-Бяртай бөх түрүүлдэг юм бол би түрүүлнэ. Хараалаар түрүүлдэг юм бол лам түрүүлнэ. Зарлигаар түрүүлдэг юм бол таны бөх л түрүүлэх байлгүй гэж адарчээ.

Амбаны өөдөөс айхтар үг хэлсэн Ламжавыг манж, монгол ноёд зүхэн зандарч гэсгээн шийтгэх ял тулгахаар завдах үест Ламжав,

-Хэрэв би барилдвал хөлийг маань сураар тушсан ч түрүүлнэ! хэмээн аархжээ.

Манж амбан ам өчгийг нь авахын тулд

-Чамайг түрүүлэхгүй бол би яаж шийтгэх вэ? хэмээхэд Ламжав,

-Жа. Толгой ганц, хүзүү зургаа билээ… хэмээжээ.

Наадам эхлэхэд манж амбан нэгэн модон сэлэм Ламжав арсланд илгээсэн бөгөөд хэлсэн амандаа хүрч түрүүлж чадахгүй бол толгойг чинь цавчих хэвээрээ шүү гэсэн дохио байв.

Тэр байтугай Ламжавыг оргож зугтах вий гэж хардан тахар хуягууд авчруулан мануулжээ.

Ламжав түүртэхгүй давсаар амбан ноёны бөхтэй үзүүр түрүүнд үлдэхэд “Амбаны бөхтэй хөлөө сураар тушуулаад барилдсан ч хаяна гэж чи ам гарсан билээ. Хэлснээр чинь болгоё” гээд Ламжавын хоёр хөлийг сураар тушиж гаргахад наадамчид хэчнээн эсэргүүцэн бухимдаад ч нэмэр болсонгүй.

Ард олон Ламжавыг өрөвдөн “ам гарч амиа алдах юм хийлээ, хөөрхий” хэмээлцэн дэмий л залбирцгаажээ.

Тэгсэн Ламжав арслан амбан ноёны бөхийг бяраар ааглан түрж хөөсөөр Манж амбаны тухлан заларсан асарын урд ирмэгц өрөөсөн гараараа зодогны нь сэнжигнээс атгаад шилбүүрдэж хаяхад асарын хэц тас үсэрсэн гэдэг.

Амбан ноён түрүүлсэн бөхийн байд тавин лангийн ембүү, дээлийн хамба өгөхөд Ламжав арслан ембүүг нь гутлынхаа түрийд хийж, дээлний хамбаар нь айраг уухад аманд нь наалдсан тосыг арчуутаа бүсэндээ хавчуулаад явчихсанд амбантан сүрдэж,

-Ай яа яа, аргагүй хүчтэй, аатай аархуу хүн байна. Ийм эр хүн чинь ам гарч аархахаас ч яахав. Хойшид хэн ч битгий хорыг нь малтаж бай. Арслан цол нь багадсан хүн, үүнээс хойш “Аварга” хэмээн өргөмжлөн хүндэлж байгтун! Гэсэн бөлгөө.

Ламжав аваргын бяр тэнхээ нь цолоо дуудуулахдаа бүр чиг гойд задран гарч ирдэг байсан аж.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!