Спорт

Хорьдугаар зууны сайн эр “хулгар” Нацаг “түрүүлэхгүй бол толгойгоо өгье” гэж ам гарч байжээ

Домогт Дугар аваргыг харьж алдарт Намхай аваргыг ид жагсаж явах үеийн нэгэн цуутай хүчтэн аваас “хулгар” Нацаг хэмээх зард гарсан бөх байв. Тэрбээр шилийн сайн эр байсан агаад “Надаас дээгүүрх нь намайг хулгайч гэдэг юм, надаас доогуурх нь хулгар гэдэг юм. Надтай нөхөрлөдөг нь бөх гэдэг юм” хэмээн хэлдэг байсан авай.

Хулгар Нацаг халх дөрвөн аймаг, шавь таван газар болон Дарьганга хошуу ойрадын нутгаар хэрэн давхидаг аргагүй цөстэй, чанга эр явжээ. Тэгж явахдаа хошууны болон овоо тахилгын наадам, даншиг, арван засгийн наадмуудад зодоглон эр чадлаа гайхуулж арслан цол хүртжээ. Таван бухын тэнхээтэй гэгддэг Нацаг бяр тэнхээгээр хэнээс ч илүү боловч түрүүлэхийг огт хүсдэггүй байсан учраас аварга цол авалгүй өнгөрчээ.

Тэрбээр халхын ах дүү хоёр аварга Лувсанжамбаа, Намхай нартай нөхөрлөж ялангуяа Намхай аваргатай маш дотносон үерхэж явжээ. Хууч ярианд өгүүлснээр нэгэн удаа Намхай аварга Нацагт “Чи хээрээр гэр, хэцээр дэр хийж алийн болгон ингэж гандаж хөхөрч явах вэ? гэмээ хүлээж өршөөл эрвэл эрх биш өршөөх биз. Тэгээд Даншигт зодоглож аварга цол хүртэхийг хичээ! Би чамд бууж өгөхгүй боловч нэг удаа өнжиж болох биз ээ” гэж хэлэхэд “хулгар” Нацаг “надад арслан л хангалттай. Тэгээд ч Хулгар гэдэг хочоос минь өндөр цол гуншин надад хэрэггүй” хэмээсэн бөлгөө.

Нацаг арслан хэдийгээр шилийн сайн эр муу нэртэй, луу данстай боловч хурдан морь, тарган махнаас буцдаггүй нэгэн байжээ. Гэхдээ гэмгүй ардуудын эд мал, биед халддаггүй харин ч тусалж асрахыг эрхэмлэдэг байжээ. Нас ахисан үедээ ч бяр тэнхээ нь саараагүй Нацаг нэг удаа Амарбаясгалант хийдэд мөргөхөөр явах замдаа хөгшдөө хөтөлж, хүүхдээ үүрч явган нүцгэн уйлан гаслан яваа мөргөлчидтэй таарч учир явдлыг асуувал морь мал, эд хогшил хамаг өөдтэй бүхнээ замын дээрэмчдэд тонуулсныг сонсож мэджээ. Тэгээд одсон зүгт мордон явбал уулын модон дотор утаа уугьж байв гэнэ.

Дөхөж очоод харвал модны чөлөөнд хэдэн эр гал тойрон суугаад шарсан мах үмхэлж байжээ. Хулгар Нацаг зулзаган хус булга татаж тулбал таяг, баривал бороохой болгосоор тэдгээр тонуулчин эрчүүд дээр яваад очжээ. Мөргөлчдийн зүсэлж хэлсэн морь мал, эд хогшил яг дүрээрээ тэнд байж байна гэнэ. Нацаг мэнд амар асуувал хэн ч дуугарахгүй хялайн харах ба нэг бүдүүн эр хутгаараа чичлэн “замаас зайл” гэж зандрахад Нацаг хилэгнэн уурлаж тэдний дундах тогоог нь зад өшиглөөд, мөнөөх бүдүүн эрийг зулзаган хусаараа үхлүүт болтол дэлстэл бусад долоон дээрэмчин хутга ташуураа барин түүн лүү дайрчээ.

Хулгар Нацаг эхнийх нь хүнийг базаж авуут бусдыг нь түүгээр эргүүлэн цохиж унагаад мөргөлчдийн эд юмсыг буцаан аваачиж өгчээ. Харин тэндээсээ өөрийн хошууны тамгын газарт очиж олон хүний аминд хүрсэн гэмээ хүлээвэл “Хүний амь нэхсэн хэрэг зарга манай хошуунд ирээгүй” гэжээ. Тэгэхэд Хулгар Нацаг “Өнөө биш ч маргааш ирэх нь магад. Муу явдалтай, хөл урттай намайг одоо барихгүй бол мордоод явсан хойно минь араас нэхэж бөөн чирэгдэл болох бус уу” гэсэнд ноён нь “Өөрөө гуйсан хүнийг яалтай билээ. Хар гэрт нь хорь” гэж тушаажээ.

Ингээд өвөл, хавар улирч зун наашлах үед хүний амь нэхсэн зарга мэдүүлэг огт ирсэнгүй, Өвөлжин, хаваржин хар гэрт туранхай мах, борцны шөл ууж ядарсан Нацаг хошуу ноёндоо “намайг наадамд барилдуулна уу. Амь нэхсэн зарга өдий хүртэл ирээгүй ч хаашдаа ирэх тул би гэмээ хүлээнэ. Харин наадамд түрүүлбэл намайг суллаж тавина уу” хэмээн айлтгажээ.

Хошуундаа огт түрүүлж байгаагүй “хулгар” Нацагийн түрүүлж “чадах эсэхийг харах хүсэл ноёнд нь их байвч бас жаахан хаширлаад “Манай хошууны бөхчүүд чамаар дутаагүй” гэж хэлээд сулласангүй. Гэтэл хар гэрээс гарч хээрийн агаар салхинд чөлөөтэй явахыг хүссэн Нацаг “түрүүлэхгүй аваас толгойгоо авахуулъя” гэхэд ноён сая зөвшөөрөв. Гэхдээ нэг болзол тавьжээ. Тэр нь “гурав давхарласан эр үхрийн суран аргамжийг ганцхан татаад тасалж чадвал барилдуулна” гэсэн болзол байлаа. Харин тасалж эс чадвал хоригдсон хэвээрээ хоцрох ёстой байв.

Хулгар Нацаг уг болзлыг зөвшөөрч эр үхрийн гурав давхарласан суран аргамжийг хөлдөө хийгээд ганцхан татаж тасалжээ. Тэр наадамд “шинэ” Жамц хэмээх айхтар тэнхээтэй бөхтэй үлдэж хаяад түрүүлсэн байна. Харин ноён нь түүнийг шууд суллаад явуулчхаж чадахгүй эргэлзэх үед “хулгар” Нацаг “Би долоон бөөс биш долоон хүний аминд хүрсэн болохоор гэмээ гэмшиж сайн дураар өөрийгөө гэсгээж хар гэрт суув. Одоо бол өөрийн зоргоор явъя. Хэрэв та сураг зарга хүлээхээр шийдсэн бол надад долоо хоногийн чөлөө олго. Би эргэж ирээд өвөл хүртэл дахиж хар гэрт хоригдъё” гэсэн аж.

Ноён суллаж ч зүрхлэхгүй, хориод байж ч чадахгүй удтал боджээ. “Хулгар” Нацагийн үгийг эс зөвшөөрвөл энэ айхтар хулгайч хорьсон ч оргоно гэж ноён ухаарч байв. Гэтэл яг энэ үеэр мөнөөх найман дээрэмчний амь тавьсан хошуунаас элч ирж “хулгар” Нацаг гэмээ мэдэн сайн дураараа хоригдож өөрийгөө гэсгээв. Жирийн ардыг тонож айлгасан дээрэмчид нэг биш олон удаагийн ялтай их гэмтнүүд байсан юм. Хаашдаа тэд хүнд ял авах байсан ч “хулгар” Нацагийн гараар тэнгэр бурхан тэднийг шийтгэжээ. Одоо Нацагийг суллаж болно” гэсэн ажээ. Хулгар Нацаг гэж ийм нэгэн хийморьлог агаад тэнгэрлэг монгол эр байсан ажгуу.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!