Спорт

Бат-Эрдэнэ аваргад насаараа дарагдсан ч аварга болсон хүчтэн

Одоо О.Балжинням аваргын ид барилдах үе дуусаж, насны эрхээр харьсан боловч Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж тив дэлхийд тамирчдаа оролцуулж эх орныхоо нэрийг өндөр өргөж яваа тэрбээр Ардын багш болсон алдартан билээ.

Гэхдээ түүнд доороос ид сайхан барилдаж байгаа залуу бөхчүүдийг дэмжих аваргын жудаг, нүнжиг дүүрэн байгаа. Магадгүй ирээдүйн их аварга болох хувь ерөөлтэй залуу бөхийг улсын цолд анх хүргэх тавилан ч түүнийг хүлээж байж мэднэ. Энэ бол бөх болгонд олддог завшаантай ерөөл биш билээ.

Хүн гэдэг даанч сонирхолтой “амьтан” юм. Асашёорюү Дагвадорж аваргыг Хакухо Даваажаргал дүүдээ ”ач хариулж” бууж өгөөгүйд эгдүүцэх мөрт хаясных дараа аргагүй л их аварга юм хэмээн бахдах бол энүүхэнд. Тэгсэн мөрт Нацу башёгийн хоёрын даваанд шагай шиг дөрвөлжин биетэй Ваканосатог хаяж яваад гэнэдэж унахдаа бэртэж цаашаа барилдахгүй болж өнжсөнийг сонсохдоо харамсаж Монголын Их аварга маань 17 дахь түрүүгээ алдаж байгаад нь харамсаж шүүрс алдах бөлгөө.

Үүн шиг цагийг эзэлсэн их аварга Бат-Эрдэнэд арваад жил “дарлуулсан” Балжинням аваргыг дөрвөн удаа түрүүлэхийн босгон дээр эдүгээ УИХ-ын гишүүн аваргад унаагүй бол өдийд дархан аваргын эрэмбэн дээр зогсож байх байсан даа хэмээн “өрөвдөн” уярах ажгуу.

Балжинням аваргыг биеэр бага ч хийгүй, бяр мэх тэнцсэн даацтай барилдаанч хэмээдэг. Жин суухын хэрээр удаан барилддаг гэм орсон ч хашир хэрсүү нь дэндсэн түүнийг зарим нэг нь аваргын зиндаагүй гэж өөлөх хүн өнөө хүртэл гараагүй л юм. Чухам үүнд Балжаа аваргын чансаа оршиж буй авай.

Аяар 26 жилийн өмнө түүнийг заан цолтойдоо улсын наадамд түрүүлж арслан цол авсны дараа гэрт нь очиж уулзаад “Та аварга болох уу” гэж асуухад “болно” гэсэн бөгөөд “хэзээ” гэж лавлахад “мэдэхгүй” гэж хариулсныг мартаагүй юм. 1989 оны наадамд үзүүрлэж, 1991 оны наадамд түрүүлж 1994 оны наадамд ахин үзүүрлээд 1995 оны наадмын дараа “Аварга” цол авахад бах ханаж магнай тэнийсэн хүмүүс олон.

Улам нэмэх, бат суурьт, улам өрнөх, хурц шалмаг, бат нягт, харьшгүй хүчит, өнөд баясгалант, хичээнгүй нягт, харьшгүй хүчит, манлайн дээд, олныг баясгагч, бүхнээ дурсгалт Улсын аварга Одвогийн Балжинням 1980 оны наадамд зодоглож хоёр давсан ч хариуцлагагүй зарим хүний гайгаар унаагүй Балжинням хасагдаж, унасан бөхийг оронд нь барилдуулснаас гурвын даваанд зодоглож чадалгүй хасагдаж байв. Анхнаасаа будлисан нь түүний бөх болох замд тээг болсон агаад таван жил барилдаж байж Улсын начин болоход хүргэсэн билээ.

Аравдугаар ангиа төгссөн зун сумынхаа наадамд түрүүлэхэд аймгийн начин аав нь өөрөө түрүүлчихсэн юм шиг баярлаж байжээ. Гэвч тэр үед Балжаа аймгийн заан цолтой болчихсон байв. Харин аав нь хүүгээ улсын начин болохыг үзсэн ч наадамд түрүүлэхийг нь үзэж чадаагүй байна.

1989 оны гурвын даваанаас эхлээд Загдаа начин, Жалаа начин, Жавхлантөгс начин, Дүвчин заан, Мөнгөн арслан, Баянмөнх аварга гээд мэхтэй бяртай бөхчүүдийг өвдөг шороодуулсаар Бат-Эрдэнэ арсланд унан үзүүрлээд заан цолыг алгасан арслан цолны үнэмлэх гардаж авахдаа Балжинням аавдаа л бушуу очиж үнэсүүлэхээр яарчээ.

Гэтэл яагаад ч юм, арслангийн үнэмлэхийг нь буцааж авч, заан цол өгөөд өнгөрсөн энэ явдалд тэр маш их гомдсон бөгөөд өөртөө “заавал түрүүлнэ” гэж амлажээ. “Заавал аварга болно” хэмээн өөртөө хатуу андгай тавьсан Балжаа аварга улсын наадамд 16 удаа шөвгөрсөн амжилтаараа Баянмөнх, Мөнхбат, Бат-Эрдэнэ, Түвдэндорж гэсэн дөрвөн дархан аваргын дараа тавд бичигддэг юм. Ерөөс улсын наадамд түүний түрүүлэх боломжийг хаасан цорын ганц хүчтэн нь Бат-Эрдэнэ аварга билээ.

Сонирхолтой нь Балжаа аваргаар Улсын начин цолд хүрсэн Бат-Эрдэнэ хожим бас түүнээр Улсын аварга цолд хүрсэн юм. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөхчүүдийн нэг нь Балжинням агаад улсын начин байхдаа 1987 онд Цэрэнтогтох аваргыг үзүүр түрүүнд өвдөг шороодуулаад түрүүлсэн.

Ер нь Цагаан сараар начин цолтой түрүүлсэн хоёрхон бөх байдгийн нэг нь тэр юм. 1992, 1994, 1995 оны цагаан сарын барилдаанд үзүүрлэхдээ зөвхөн Бат-Эрдэнэ аваргад л унажээ. Ерөөс Балжиннямыг дарсан их хүчтэн нь Бат-Эрдэнэ аварга билээ.

Гэхдээ Балжинням аварга Самбо бөхийн барилдаанаар дэлхийн дэвжээн дээр гурван удаа босоо түрүүлсэн бөгөөд жүдо бөхөөр дэлхийн аваргын мөнгөн медалийг эх орондоо хамгийн анх авчирсан хүчтэн билээ. Балжиннямаар Улсын заан болсон дөрөвхөн бөх байдаг нь Улсын гарди Д.Баяраа, П.Сүхбат, Дархан аварга А.Сүхбат, И.Доржсамбуу гарди нар юм.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!