Спорт

Аваргаа гомдоосон Архангайнхан 40 жилийн дараа аваргатай болжээ

Архангай аймаг олон сайхан хүчтэнүүдтэй боловч Вандан “буур” Жамъян, Чимэд-Очир, Өсөхбаяр, Санжаадамба гэдэг аваргатай бөгөөд 1963 онд аймгийн дөчин жилийн ойн баяраа сүрлэг ёслон тэмдэглэхдээ нутгийнхаа аварга Чимэд-Очирыг урьсангүйд даян аварга голдоо ортол гомджээ.

Гэвч наадам эхлэхийн өмнөхөн өөрөө очоод барилдсан боловч нэгийн даваанд шороодсон байна. Өөрт нь урилга заллага өгөөгүйд гомдсон аварга, аймгийн дарга нарт үг хаясан нь тавь шүргэж яваа аваргын аманд зориудаар хатуу учраа оноож унагасан гэдэг.

Энэ наадамд Архангайн бүх бөхчүүдээс гадна Булганаас Б.Бадам заан, Өвөрхангайгаас “том” Ц.Санжаа очиж зодогложээ. Онцгой ойн жилийн наадам учраас Архангайн дарга сайд нар урьд жилийн улсын наадамд түрүүлсэн Далайн Жамц арслан ба Ж.Чойжилсүрэн арслан, У.Мижиддорж заан нарын хэн нэгийг нь түрүүлүүлэхийг хүсэж байв. Тэгсэн Өвөрхангайн “том” Санжаа заан Архангайн Мижиддорж, Жамц, Чойжилсүрэн нарын хамгийн хүчтэй бөхчүүдийг нь өвдөг шороодуулсаар түрүүлэхэд зарим нь хаясан атал хайнцсан хэмээн хэл ам гаргаж булхайцахыг ч оролдсон байна. Харин Чойжилсүрэн аварга хээгүй журамтай эр тул “Би хайнцаагүй, үнэн унасан” гэснээр Санжаа заан түрүүлжээ.

Гэхдээ түүнд түрүү бөхийн байд өгөх ёстой байсан мотоциклийг “луу унжиж” булайгаа дэлгэсэн гэдэг юм. Тэр орой аймгийн хамгийн том зааланд цайллага хийхдээ Чимэд-Очир аварга, “том” Санжаа заан хоёрыг урьсангүй. Ойдоо уриагүйгээр үл барам ойн хүлээн авалтдаа ч уриагүйд даян аварга Чимэд-Очир гомдож шаралхсан байна. Тэр орой тэрбээр наадамд түрүүлсэн Санжаа заантай хамт айраг, архи холин ууж нэлээд халангуут “одоо хоёулаа нутгаасаа тодорсон аварга, наадамд түрүүлсэн заан хоёрыг дайллагадаа уриагүй тэр цайллаган дээр нь өөрсдөө очиж бараагаа харуулна аа” гээд явжээ. Чимэд-Очир очмогцоо,

-Та нар даян аварга Чимэд-Очир гэж дуулсан уу? Гэхэд нутгийнхаа аваргад урилга хүргүүлээгүй дарга нар тэвдэн үг дуугарч чадахгүй зогсох нь зогсож, суух нь сууцгааж байх үест Чимэд-Очир аварга дайллагын ширээ сандлуудыг эхнээс нь өшигчин нураажээ. Түрүүлсэн бөхийг байлах мотоциклоо ч өгөлгүй, ад үзэж гадуурхсанд нь бас дургүйцсэн “том” Санжаа заан, аваргатай хамжилцан идээ будаа өрсөн ширээг нь өшигчсөнд аймгийн дарга нар ихэд сандарч.

-“Аварга аа, та уучил. Уг нь танд бид урилга заллага явуулсан шүү дээ. Хэн гэгч хариуцлагагүй нөхөр таны урилгыг хүргэж өгөөгүйг бид тодруулна. Харин та одоо тайвшир. Ширээнд сууж идээ ундаа хүрт! Хэмээн найр тавьжээ. Харин Чимэд-Очир аварга хэзээ ч үл тайлагдах гомдол цээжиндээ тээсэн болохоор тэр чигээрээ явж нутгийнхаа айлд очин оройжин сархад хүртээд өглөө нь Улаанбаатар хот руу буцжээ. Ширээ сандал эвдэж агсам тавилаа гэж цагдаа сэргийлэх болоогүй юу” гэж Санжаа заанаас лавлахад,

-Өө, цаадуул нь ичиж нэрэлхээд аваргыг яагаа ч үгүй. Хэрэв би ганцаараа тэгсэн бол намайг ч лав суулгасаан! Хэмээн өгүүлсэн бөлгөө.

Монголчууд бөхөө гомдоохыг ихэд цээрлэдэг ёсон буй. Аваргаа гомдоосон учир дөчин жилийн дараа архангайчууд сая шинэ аваргатай болсон билээ.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!