Спорт

Баянаа аваргын “хүсэлт”, Мөөеө аваргын “тушаал”-ыг сөрөх зоригтон Халхад байхгүй

Хорьдугаар зуунд Халхын их наадамд арваас илүү түрүүлсэн хоёрхон агуу хүчтэн тодорсон нь Баянмөнх аварга, Бат-Эрдэнэ аварга нар агаад Баянаа аварга 44 насандаа арав дахь удаагаа түрүүлсэн төдийгүй хойт үеийн их бөх, өөрөөсөө хорь дүү Бат-эрдэнэ аваргатай Хэнтийн их даншигт үзүүр түрүү булаалдан нэг цаг гаруй хүч үзэн барилдаад аргагүй насны эрхээр өвдөг шороодож байв.

Бөхийн ногоон дэвжээн дээр зодоглосон цагаасаа хэнд ч бууж өгч үзээгүй Баянаа аваргыг 1993 оны улсын баяр наадмын тавын даваанд өөрийнхөө гарын шавьд тахимаа өгч улсын начин цолд хүргэхэд хэн чиг түүнийг зэмлэж буруутгаагүй авай.

Ид цаг нь нэгэнт одож, харих тийшээ хандсан нь үнэн боловч тавин настай Баянаа аваргад аваргын сүрээр бааварлаад тав байтугай долоо давах эрэмбэ тэгэхэд түүнд өлхөн байсан юм. Гэвч их аварга өөрийгөө бодох бус шавь нарынхаа төлөө барилдахаар шийдсэн ажгуу. Шавь нараас нь гадна бас аваргын отгон хүү Гантогтох аавынхаа зодог шуудгийг өмсөн зодоглож эхэлсэн нь ч Баянмөнх аваргыг уярааж “зөөллөсөн” бололтой.

1986 онд Их аваргыг хилийн чанадад сайн санааны тоглолтод Монголын чөлөөт бөхийн шигшээ багийг ахалж хүүхдийн барилдаанд зодоглож түүртэлгүй давсаар түрүүлж 14 насандаа “Улсын шонхор” цол авахад энэ мэдээг сонссон аварга өөрийн эрхгүй нялхран нулимс унагаж суусан аж.

Б.Гантогтох шонхор 1994 оны улсын баяр наадамд анх бөхийн тоонд багтаж барилдаад хоёр давахад аварга аав нь дотроо нэгийг шившиж бодлогоширчээ. Тэр нь юу вэ гэвэл хүүгээ гурав давчихвал улсын цолонд хүргэх тухай бодол байжээ. Аавынхаа заан цолтой болсон 22 настайд отгон хүү нь улсын наадамд гурав даваад туг тойроход Баянаа аварга дөрөв давчих! Хэмээн хүүдээ “тушаажээ”. Гантогтох шонхрыг гурав давсан юм чинь дөрөв давах л ёстой гэлцэж байв. Дөрвийн даваанд С.Эрхэмбаяр начин амлаж барилдаад өвдөг шороодоход Баянмөнх аварга өөрийн бодолдоо хөтлөгдөн Мөөеө аваргатай очиж уулзаад,

-“Миний хүү дөрөв давчихлаа, Аварга та нэг юм бодооч” гэж гуйжээ. Мөнхийн өрсөлдөгчид хэмээгддэг “үнээ саалгадаггүй хоёр Мөнх”-ийн дотносох хандлага чухам эндээс эхэлсэн гэдэг. Мөнхбат аварга, Баянаагийн чин сэтгэлийн үгийг сонсоод,

-За би бодъё” гэж ам өгөөд Мөнгөн арслантай ярилцвал цаадах нь тас зөржээ. Гэвч халхыг эзэлсэн домогт аварга “тушааж” байхад арслан яахин зөрж зүрхлэх билээ. Мөөеө аваргын “зөвлөгөөг”-г дагаж нутгийнхаа их аварга Баянаатай уулзаж тохиролцжээ.

Уг нь Мөнгөн арслан тавийн даваанд Сүхбаатар аймгийн залуу бөх Ц.Анхбаярыг амлаж улсын начин болгохоор шийдсэн байж. Гэвч Баянмөнх аваргын “хүсэлт” Мөнхбат аваргын “тушаал” хоёрт ээрэгдэн Гантогтох шонхрыг тавын даваанд амлажээ. Харин Баянаа аварга Анхбаярыг амлахаар болжээ. Тавын даваанд аваргууд амаа авахад өөрийг нь Баянмөнх аварга амласныг сонсоод Анхбаяр машид цочин тэвдэж Мөнгөн арслан руу гүйж очоод,

-“Та намайг авна гэсэн яасан бэ, Баянаа аварга намайг амласан байна шдээ. Би одоо яах юм бэ” хэмээн уйлах нь холгүй болоход “найраа”-ныхаа талаар түүнд хэлж амжаагүй явсан Мөнгөн арслан тайвшруулж,

-“Аварга чамд унаж өгөөд начин болгоноо, айлтгүй” гэжээ. Ингээд Мөнгөн арслан, Баянаа аваргын бага хүү Гантогтох шонхорт бууж өгч улсын начин цолонд хүргэчхээд дээлээ нөмрөн бөх харж өнөө муу Анхбаяр нь Баянаа аваргаас зугтаагаад л байх юм гэнэ. Нэлээд удлаа. Сүүлдээ Мөнгөн арслан бухимдаж,

-“Баянаа хулхидахаар шийдсэн байна. Би таны үгэнд ороод ийм байдалд хүрлээ. Та Баянаад очиж хэлээч” гэж Мөөеө аваргыг “шантаажилжээ”. Өөдөөс нь Мөөеө аварга “Сэтгэл нь төвдөхгүй байгаа бололтой. Гэхдээ Монголын их аварга хэлсэн амнаасаа буцахгүй байх. Чамд юу гэж амласан юм бэ. Ямар та хоёрын яриаг би сонссон биш” хэмээн тэрүүхэндээ гэмээс бултахаар нүхээ малтан хаширласан аж.

Аварга, арслан хоёрын ийнхүү зогсох зуур Баянмөнх аварга залуу бөх Анхбаярын араас хөөцөлдөн байхдаа үнэхээр Мөөеө аваргын хэлсэн шиг “унана” гэж бодоход сэтгэл нь эргэлзэн тэвчин ядан байсан ажээ.

Гэвч Мөнгөн арслан амласнаараа хүүд нь бууж өгөөд улсын начин болгочихсон тул өөрөө бас хэлсэн үгэндээ хүрэх нь эр хүний хувьд төдийгүй халхын их аварга хүний нэр төрийн хэрэг байлаа. Тэгээд Анхбаярт,

-“Аль вэ, миний хөл рүү өшиглө” гэжээ. Гэтэл аваргын ам мэхэнд хууртчих вий гэж муу санаалсан залуу бөх,

-“Та зөрөөд намайг унагаачихвал би яах юм бэ” гэх нь тэр. “Үгүй дээ, би ойчиж өгнө” гэж Баянаа аварга залуу бөхөөс өөрөө гуйж байж, сүүлдээ бүр тушааж байгаад хөлөө авахуулан унажээ.

Ингэж их л “хатуу хэцүү даваа”-г туулан байж Баянаа аварга өөрийн хүүг улсын цолонд хүргэжээ. Тэгтэл нөгөө аавынхаа “гуйлга”-аар цолонд хүрсэн хүү нь зургаагийн даваанд Бумбаяр начинг даваад, долоогийн даваанд ид аатай хүчтэй явсан “том” П.Сүхбат заанд унаж яваад уян хийгээд залуу насны хурд, бурхан тэнгэрийн ивээлээр урамтай сайхан давж юун начин шууд Улсын заан цол авч чадсан билээ. Аварга аав нь бах ханаж, магнайгаа хагартлаа баярлажээ.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!