Спорт

Хүү, хүргэн хоёроо дагуулаад Сүхбаатарын талбайгаар алхвал гайхуулж байна гэх байлгүй дээ…

Бөхийн ертөнцөд хүүгээ, дүүгээ хөтлөн дагуулж ирсэн бөхчүүд цөөнгүй, дархан аварга Д.Цэрэнтогтохыг хүү Базаррагчаа, хүргэн Рагчаа гарди хоёр нь дагаж зодоглож байсан бол Улсын заан Р.Даваанямыг хүү Лхагвадорж начин, сумоч Харумофүжи их аварга Бямбадорж, аймгийн начин Баасандорж гурав нь дагаж бөхийн торгон талбай дээр барилдаж явав.

Бөхчүүдийг халхын босоо цагаан хийморь гэж биширдэг Монголчууд хаа нэгтэйд хайрлаж явдаг бөхтэйгөө таарвал машид бэлэгшээн баярлаж, боломж гарвал хэдэн үг солихыг их завшаан хэмээн сэтгэл хөөрдөг улс.

Хэрэв Баянмөнх аваргын хүү Гантогтох гарди, хүргэн Сүхбат аваргыгаа дагуулаад юмуу Долгорсүрэн зааныг хүү Сумъяабазар аварга, Ёкозуна Асашёорюү Дагвадорж, начин Сэржбүдээ гуравтайгаа ханхайсаар их хотын гудамжаар алхах юм бол Монголчуудын зүрх догдолж, сэтгэл бадраад эгээ л лусын хаад ханхүү нартайгаа явааг үзэх мэт бахархаж бахдах нь лавтай.

-“Та Сүхбат аварга, Гантогтох гарди хоёроо дагуулаад хотын төвөөр хамтдаа алхвал та нарыг эргэж харахгүй хүн байхгүй дээ?” гэж дархан аварга Х.Баянмөнх баатраас асуухад,

-Бид цуг явдаг л даа. Гэхдээ Улаанбаатараар явган явбал сүйдлэнэ. Машинаар л явахгүй бол төвөгтэй шүү. Яагаад гэхээр нэг удаа ийм юм боллоо.

Манай гэр их дэлгүүрийн хажууханд байдаг, харин сургууль маань Спортын төв ордны тэнд. Алхаад явбал ойрхон л доо. Нэг өглөө би ажил руугаа явган алхлаа. Уул нь удлаа гэхэд хориод минутын газар. Тэгсэн би тэр өдөр гурван цаг явж байж хүрсэн шүү. Яагаад гэхээр замд хүн таараад мэндлэнэ гар барина. Гар барихаараа хэдэн үг солино. Тэгээд л тэд чинь бөх яриад зогсчихно. Үгүй ер нь, ялангуяа хамгийн аюултай улс чинь тэтгэврийн өвгөчүүл байна лээ.

Тэд чинь байшингийнхаа гадаа сууж байна.Тэгээд таарахаараа гар барьчихаад тавьдаггүй юм байна лээ. Юм ярих гээд явуулахгүй. Хаячихаад явъя гэхээр гомдоллоод сүйд болно. Өө, мөн ч хөөтэй улс байдаг шүү.

-Ард түмэн та нарыг тэнгэрийн элч, үлгэрийн баатар шиг санах нь хэр шүү дээ. Тийм болохоор та гурав нэг өдөр зориуд олон түмэнтэйгээ уулзахаар хотын төвөөр, Сүхбаатарын талбай дээгүүр хамтдаа алхаж ард түмнээ баярлуулахгүй юмуу?

-Тэр чинь ёстой нэмэргүй. Хүмүүс “Өө нөгөө Баянмөнх чинь сагсуурч байна. Хүү хүргэн хоёрыг нь бөх гэдгийг мэдэхгүй хүн хэн байгаа юм. Гайхуулж байна гээд л авч өгнө шүү дээ. Уг нь бол сайхан л санаа юм, гэхдээ хүн болгон эерэг зөвөөр нь ойлгохгүй. Аливаа юм чинь сайн муу хоёр талтай…” хэмээн домог болсон их аварга ярьсан удаатай.

Хэрэв Долгорсүрэн заан, Мөнхбат аварга хоёроос ингэж асуувал бас л тийн хариулах болов уу. Тэгэхдээ л дархан аварга Мөнхбат, мэргэжлийн Сумогийн их аварга хүү Хакухо Даваажаргалтайгаа эсвэл заан Долгорсүрэн гуйаг их аварга Асашёорюү Дагвадорж, аварга Сумьяабазар, начин Сэржбүдээ гуравтайгаа Сүхбаатарын талбайгаар ханхайгаад алхах юм бол ард түмэн “муугаар” хэлэхгүй харин ч бахдан баясаж зуун жил мартахгүй дурсамжтэй үлдэх буй за.

Нээрэн ч яагаад тэгж зориуд “зохион байгуулж” болохгүй гэж. Жишээ нь Улс тунхагласны баярын өдрөөр бөхчүүдийн парад зохион байгуулж хүүгээ, дүүгээ, хүргэнээ дагуулаад Монголын их аварга, арслан, заанууд баярын жагсаал үйлдэж ард түмнээ баярлуулвал жинхэнэ таашаал эдэлж, од хийморь асах бус уу…

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!