Спорт

Монгол улсын заан Ц.Магалжав – Буянтоо аваргын удмын бөх

Монгол улсын заан Ц.Магалжавыг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Буянтогтох аваргын удам гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрээр бага насаа өвөө, эмээ дээрээ өнгөрүүлсэн болохоор нутгийн хөгшчүүдээс өвөг эцгийнхээ тухай олон сайхан дурсамж сонсож өссөн гэдэг. Тиймдээ ч бяцхан хөвгүүн байхаасаа л өвөг эцэг шигээ мундаг бөх болохсон гэж мөрөөддөг байсан хэмээн дурссан байдаг.

Эрдэнэт хотод нэгдүгээр ангид орсон тэрээр “Хангарьд” клубын багш, дасгалжуулагч Раднаабазарын нүдэнд өртсөнөөр бөх болох гараагаа эхэлж байжээ. Бөхийн өмсгөл өмсүүлэн зургийг нь дарсан багш нь “энэ хүү бөх болноо” хэмээсэн нь түүнийг бөхийн амьдралд эргэлт буцалтгүй оруулсан хамгийн том урмын үг байсан гэдэг. Түүнээс хойш арван жилийн дараа үндэсний бөхийн Улсын аваргад орж аравдугаар байр, УБИС-д оюутан болсныхоо дараа Улсын аваргад хүч үзэж тавдугаар байранд орсон нь түүнд ихээхэн урам зориг, итгэл найдвар өгчээ.

Тэрээр өвөг эцэг Буянтогтохынхоо эдэлж хэрэглэж байсан дээл, хувцсыг нь нандигнан хадгалж, сайн бөхийн удам гэдгээрээ бахархаж явдаг нэгэн. Зааны аав Цэрэндашдорж уг нь Архангай аймгийн Баян-Уул сумын харьяат. Гэвч тэрээр Архангайн Баян-Уулын бус Сүхбаатарын Мөнххааны харьяат гэж зүлэг ногоон дэвжээнээ дуудуулдаг нь учир жанцантай. Цэрэндашдоржийн Магалжав гэгдэн аавынхаа нэрийг дуурсгаж яваа болохоор аварга өвөөгийнхөө нэрийг бөхийн ногоон дэвжээнээ үл мартуулах үүднээс Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын бөх хэмээн дуудуулж барилддаг түүний бөхийн удам ингээд ч дуусдаггүй.

Зууны манлай заан Д.Долгорсүрэн түүний ээжийн талын хамаатан. Анх түүнийг УАШТ-д оролцоход нь Д.Долгорсүрэн зааны хүү гэж гэцгээж байсан нь бөх сонирхогчдын санамсаргүй дүгнэлт биш байв. Тэрээр улсын начин Д.Сэржбүдээтэй заан, начин хоёр ихрүүд шиг адилхан харагддаг нь аргагүй. Хадам ахад маань цолоо ахиулах боломж ч намайг дэмжиж начин болгосон.

Арван найман настайгаасаа чөлөөтийн Ганбаатар багшийн удирдлаган дор хичээллэж эхэлсэн тэрээр Их спортод чамгүй амжилт үзүүлээд байгаа. 2006 онд Монголд болсон Чөлөөтийн сонгомол бөхийн Дэлхийн Оюутны аваргаас алт, Азийн аваргаас хүрэл, энэ жилийн улсын аваргаас мөнгөн медаль тус тус хүртсэн юм. 2000 оны цагаан сарын барилдаанд А.Сүхбатыг өвдөг шороодуулж, Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд үлдэхэд нь бөх сонирхогчид түүнийг улсын цолонд хүрэх бөх гэцгээж, тааварт оруулах болсон юм. Харамсалтай нь Магалжав тэр жилийнхээ наадмаар начин болж чадсангүй.

1999 онд бэлтгэл хийж байхад нь хажууд нь барилдаж байсан улсын начин И.Ёндонсамбуу тахиман дээр нь хажуу талаас дарж унаснаас түүний хөл нэлээд хүнд бэртсэн бөгөөд энэ бэртэл нь төгс эдгэхгүй байсны улмаас олигтой бэлтгэл, сургуулилт хийж чадахгүй байлаа. Ингээд улсын заан /Өдгөөгийн аварга/ Д.Сумьяабазарт амлагдан унасан юм. 2000 оны наадмаар улсын цолгүй есөн залуу бөх барилдсанаас ганц Ц.Магалжав л ийнхүү цолгүй хоцорчээ. Харин дараа жилийн наадмаар түүнийг улсын цолонд хүргэнэ гэж байсан бөх амнаасаа буцаж, хадам ах улсын начин Б.Адьяахүү нь түүнийг начин цолны босгоор алхуулсан байдаг. Энэ талаар нь асуусан сэтгүүлчийн асуултанд тэрээр ийн хариулсан гэдэг.

-2001 онд өөрийг чинь дөрвийн даваанд хүргэнэ гэж байсан бөх амнаасаа буцсан гэл үү?

-Тиймэрхүү юм болох нь ч болсоон. Гэхдээ яах вэ дээ, иймэрхүү юм зөндөө л байдаг шүү дээ. Тэр хүний шавь нараас бас улсын цолонд хүрэх гэсэн хүмүүс байсан болохоор тэрийгээ дэмжсэн. Үүнд буруу юм юу байхав.

-Тавын даваанд хадам ах, улсын начин Б.Адьяахүү чинь амлаж начны босго алхуулсан байхаа. Магадгүй Б.Адьяахүүд цолоо ахиулчих боломж байгаагүй гэж үү?

-Мэдээж хэрэг Адьяахүү ахад цаашаа барилдаж, цолоо ахиулах боломж байсан. Гэхдээ л намайг аваад улсын начны босго алхуулахдаа “цаашаа улам сайн барилдаарай” гэсэн юм. Гэтэл би зургаагийн даваанд М.Баяржавхлантай тунаж барилдсан юм. Шодоод би барьц сонгож барилдсан хэрнээ уначихсан. Яг барилдаж байхдаа би өөрийгөө давна гэдэгт итгэлтэй байсан. Уначихсандаа харамсаад нэлээд нервтсэн шүү.

Амжилт:

  • 1996 он – Сүхбаатар аймгийн баяр наадамд аймгийн заан П.Мөнхбатаар долоо даван түрүүлж ” Аймгийн арслан ” цол хүртсэн.
  • 2001 он – АХ-ын 80 жилийн ойн баяр наадамд улсын начин Ж.Чулуунаар дөрөв, улсын начин Б.Адъяахүүгээр тав давж ” Монгол улсын начин ” цолыг хүртсэн.
  • 2004 он – АХ-ын 83 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын начин) Ж.Оргилоор дөрөв давж, улсын харцага Г.Ганхуягт тавын даваанд өвдөг шороодсон.
  • 2006 он – АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Ш.Мөнгөнбаатараар дөрөв, улсын начин Д.Лхагвадоржоор тав, улсын харцага Т.Мөнгөнцоожоор зургаа давж, долоогийн даваанд улсын харцага (улсын гарьд) Д.Рагчаад өвдөг шороодон шөвгөрч ” Монгол улсын харцага ” цолыг хүртсэн.
  • 2016 он – 2006 онд улсын гарьд Д.Рагчаа сэргээш хэрэглэсэн байсан тул АХ-ын 95 жилийн ойн баяр наадмын өмнөхөн давааг нь нөхөн олгож ” Монгол улсын заан ” цолыг хүртсэн. 2004 онд улсын харцага Г.Ганхуяг сэргээш хэрэглэсэн байсан тул АХ-ын 95 жилийн ойн баяр наадмын өмнөхөн давааг нь нөхөн олгосон.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!