Спорт

Н. Жаргалбаяр: “Аварга болохын ерөөл бодож, аварга ахынхаа зүүн мөрнөөс нь адис авсан даа”

Бөх сонины 2018 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол улсын заан Нэгдэлийн Жаргалбаяртай ярилцсан ярилцлагаас хүргэж байна.

Бөх: 2018 он гараад удаагүй байна. Таны хувьд 2017 он ямархуу он цаг болж өнгөрөв?

Н.Ж: Улирч буй 2017 оны миний хувьд маш үр өгөөжтэй жил байлаа. Яагаад гэвэл 2017 оноо улсын харцага цолтой угтаж, бусад бөхчүүдийнхээ адил бэлтгэл сургуулиа сайн хийж, цолоо ахиулна гэсэн зорилготой улсын наадамдаа зодоглосон. Тэр зорилгодоо хүрч, Монгол улсын заан хэмээх эрхэм сайхан цол авлаа. Энэ бол миний хувьд 2017 оны хамгийн том амжилт ялалт минь байсан. Тэр урам зоригоороо бэлтгэл сургуулиа сайн хийж, барилдаанууддаа барилдаж, 2018 оноо эрч хүч, урам зориг дүүрэн угтлаа. Шинэ он гарсаар бэлтгэл ч сайхан жигдэрсэн. Бусад бөхчүүд маань ч гэсэн миний адил амжилтаа ахиулахын төлөө зорьж яваа байх гэж бодож байна.

Бөх: Анх бөхийн зам руу хэрхэн орсон тухайгаа эргээд нэг дурсвал сонин байх болов уу?

-Би 2010 оноос хойш бөхийн жигдэрсэн байнгын бэлтгэл сургуулилтанд хамрагдаж эхэлсэн. Манай Сэлэнгэ аймгийн Мандал суманд жүдо бөхийн ОУХМ Баатарсүрэн гэж багш бий. Тэр багш маань намайг “Чи улсын начин цолтой бөх хүний хүүхэд. Барилдвал яасан юм бэ” гэдэг санал тавьсан. Тэр үед манай сумын бөхчүүд Мандал сумынхаа Хараа амралтанд наадмын бэлтгэлд гарсан байсан үе. Тэр бэлтгэл дээр Баатарсүрэн багш маань намайг дагуулж очоод, анх удаа бөхчүүд яаж бэлтгэл хийдэг, гал болж гарна гэж юу байдаг, улмаар бөхийн амьдралын зах зухаас мэдэрч эхэлсэн дээ. Тэгээд “ерөөсөө хот орж бэлтгэл хийе, бөх болъё” гээд зорьж ирж байсан л даа. Тэр үед Алдар спорт хороон дээр хөдөөнөөс 40 гаруй залуус бэлтгэл хийнэ гээд зориод ирчихсэн бужигнаж байсан цаг. Намайг анх хүлээн авч, гардаж бөхийн бэлтгэл заасан багш маань Монгол улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ах. Тэр цагаас харцага багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн тэр жилээ Сэлэнгэ аймгийнхаа Орхонтуул суманд үзүүрлэж, сумын начин цол авсан. Тэр цагаас хойш бараг жил дараалан цолоо ахиулаад явж байгаа. 2011 ондоо Ерөө сумын 90 жилийн ойд түрүүлж, сумын заан болоод, дараа жил нь Сэлэнгэ аймгийнхаа баяр наадамд талийгаач Амаржаргал начингаар тав давж, аймгийн начин болсон. 2013, 2014 ондоо аймгийнхаа наадамд дараалж түрүүлсэн. Тэгээд 2015 онд анх удаа улсын наадамд барилдаад, одоогийн улсын начин Д.Анарыг а.а байхад нь гурвын даваанд нугараад унаж байсан. Тэгээд 2016 онд Монгол улсын харцага, 2017 онд Монгол улсын заан болоод барилдаад явж байна даа.

Бөх: Анх бөх рүү орж ирэхдээ л нэлээд нуруулаг өндөр хүү гэж дуулдсан. Энэ сайхан өндөр нуруу нагац талаасаа удамшсан гэв үү?

Н.Ж: Манай ээжийн талынхан ер нь их өндөр, нуруулаг хүмүүс байдаг юм. Ээжийн минь аав, миний өвөө сумандаа өндөр Мижид гэж нэршсэн, их ажилсаг, хөдөлмөрч хүн байлаа. Тэр удмаа дагаж, гайгүй нуруулаг болсон байх.

Бөх: Тэгээд бас бөх аавын хүү. Бөх сонирхох, дурлах нь арай л өөр байв уу?

Н.Ж: Хүүхэд байхад зурагтаар л улсын наадам үзнэ ш дээ. Тэр үед 6 залуу заан ид байлаа. Тэднийг л харж, тэдэн шиг бөх болохыг хүсч өссөн дөө. 

Бөх: Жил дараалан цолоо ахиулна гэдэг бас тэр болгон бөхчүүдийн гаргаад байдаг амжилт биш л дээ?

Н.Ж: Анх улсад барилдсан жилээ гурав дээр тунаад уначихсан байсан. Тэгэхэд улсын наадмын дэвжээ үнэхээр хатуу юм байна гэдгийг мэдэрсэн л дээ. Дараа жил нь мэдээж улсын цолтны эгнээнд багтчих юмсан гэсэн зорилготой, бэлтгэл сургуулиа чамбай хийж байсан. Намар, өвөл, хавартаа заалны барилдаанд ганц хоёр түрүүлчихсэн, хэд шөвгөрчихсөн, өөртөө ч багагүй итгэл орж байсан. Наадмаар өөрийнхөө багш Т.Өсөх-Ирээдүй харцагаараа тав даваад улсын начин цолтны эгнээнд багтсан. Зургаагийн даваанд одоо улсын начин Хөхчирэнгэртэй тунаж барилдаад давсан. Харцага цолны даваа бол үнэхээр хүч шавхсан, эргээд бодоход дурсамжтай сайхан барилдаан болсон шүү.

Бөх: Ер нь улсын цолны боёгоор алхах тэр мөч хачин гоё байв уу?

Н.Ж: Мэдээж улсын цолны босго алхах тэр мөч бол хамгийн торгон, хамгийн сайхан юм билээ. Харцага цолоо гардах гээд индэр рүү гараад зарлиг уншуулж байх тэр мөчийг юутай ч зүйрлэшгүй сайхан байсан. Өөрөө баярлахаас илүү бусдыг баярлуулах, нутаг орон, уул усаа давхар баярлуулна гэдэг бас шүү. Дөнгөж эхний цолоо аваад тэгж баярлаж байхад, төрийн наадамд түрүүлсэн бөх тэрнээс илүү огшиж, баярладаг болов уу гэж боддо