Спорт

Улсын арслан Бандийн Ганбаатарын сонирхолтой түүх

Б.Ганбаатар Түшээт хан аймгийн Далай гүний хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутаг “Бумбат” хэмээх газар 1958 оны шороон нохой жил малчин ард Бандийн хоёрдугаар хүү болон төржээ. Түүний бөхийн удамд ээжийнх нь эцэг Гочоо бие томтой бяр хүч ихтэй аян жинд явдаг бусдаасаа илүү тэнхээтэй хүн байсан байна.

Б.Ганбаатар багаасаа барилдаж ноцолдох дуртай хүүхэд байжээ. Тэрээр Улаанбаатар хотод ирж дунд сургуульд суралцаж байхдаа бөхийн чөлөөт , жудо барилдаанаар хичээллэж өсвөр залучуудын тэмцээнд оролцож медаль авч эхэлжээ. 1977 онд дунд сургуулиа төгсч ардын цэргийн албанд татагдаж олон аавын хүүхэдтэй учирч , цэргийн каринтины баярт барилдаж түрүүлсэн нь бөх болох гэсэн урам зоригийг нь сэргээжээ.

Б.Ганбаатар 1977 онд анх удаа улсын баяр наадамд барилдаж хоёр даваад у/а Л.Сосорбарамд унажээ. Б.Ганбаатар арслангийн улсын баяр наадамд цаашид барилдсан барилдааны он жилүүдийн амжилтаас дурдвал:

  • 1980 оны улсын баяр наадамд өөрийн багш Ч.Өвгөнхүү начинаар тав давж улсын начин цолыг 22 насандаа авчээ.
  • 1985 оны улсын баяр наадамд ес давж түрүүлж Монгол улсын арслан цолыг 27 насандаа хүртжээ.
  • 1986 оны улсын баяр наадамд зургаа давж хурц идэр чимэг.
  • 1987 оны нэгдүгээр сарын 7-11 -ны хооронд болсон Монголын бүх ард түмний VIII спартикиадад аймаг нийгэмлэгүүдээс шалгарсан шигшмэл 34 бөх тойргийн журмаар барилдахад 31 давж нэгдүгээр байр эзлэж алтан медаль чин зоригт чимэг.
  • 1987 оны улсын баяр наадамд тав давж уран мэхт чимэг.
  • 1988 онд болсон үндэсний бөхийн аварга шалгаруулах 12 дах удаагийн барилдаанд аймаг нийгэмлэгүүдээс шалгарсан 33 бөх тойргийн журмаар барилдахад 30 давж нэгдүгээр байр эзлэж алтан медаль үнэн хүчит чимэг.
  • 1988 оны улсын баяр наадамд тав давж өрнөн дэлгэрэх чимэг.
  • 1990 оны Монголын нууц товчооны 750 жилийн ойн номын баярт зургаа давж хурдан шаламгай чимэг.
  • 1991 оны улсын баяр наадамд зургаа давж бат суурьт чимэг.
  • 1992 оны улсын баяр наадамд зургаа давж баатар зоригт чимэг.

1979, 1981, 1983, 1984, 1989, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999 2000, 2001 онуудын баяр наадамд дөрөв давж а/а Ө.Тулгаа , у/н Д.Батбаяр Р.Давааням , О.Бахыт , у/з Д.Амгаа , а/а Б.Ганбаатар , И.Ганбаатар , ц/а И.Доржсамбуу , С.Дэлгэрбат , У.Сүхбаатар , а/а Д.Доржбат , улсын аварга О.Балжинням , ц/а С.Мандах , а/а Д.Рагчаа нарт унажээ.

1978 , 1982 , 1990 , 2002 , 2004 онуудын баяр наадамд гурав давж з/б Ж.Отгонбаяр , у/н Ц.Ванчигцэрэн нар болон а/н Т.Энхтуяад хоёр удаа өвдөг шорооджээ. Мөн 2003 , 2005 , 2006 , 2007 , 2008 онуудын баяр наадамд хоёр давж а/н Г.Отгонбаатар , з/б Э.Цолмон , Б.Дамдиндорж с/з Д.Болдбаатар , а/а Ж.Амартүвшин нарт унажээ. Үүнээс гадна сар шинийн барилдаанд 1991 онд үзүүрлэж , 1990 онд шөвгийн дөрөвт үлдэж байлаа.

Мөн 1991 онд Өвөрхангай аймгийнхаа 60-н жилийн ойн баяр наадамд очиж барилдаж үзүүрлэжээ. Б.Ганбаатар арслан Москва хотод болсон Дэлхийн оюутан залуучуудын XII их наадамд төлөөлөгчөөр оролцож үндэсний бөхийн барилдааныг сурталчилж байв. Б.Ганбаатар арслан самбо , жудо бөхөөр барилдаж улсын олон удаагийн аварга болж байснаас гадна 1985 онд олон улсын хэмжээний мастер цол авчээ.Мөн улсын аварга болон олон улсын тэмцээнээс 40 гаруй медаль авсан байна.

Б.Ганбаатар арслан бол төрөлхийн хурдан хөдөлгөөнтэй бариа зөрөөнд мэх хийдэг учир их салхитай барилдаантай бөх юм. Иймээс энэ хөдөлгөөнөөсөө болж олон удаа гэнэдэж унаж байв. Тэрээр бөхийн галбир төрх сайхантай , шуурхай давшингуй барилдаантай өрсөлдөгч бөхийнхөө элэг бүснээс барьж баруун хөл авч , зүүн хөлийн нь ард гишгэх , ухарч гишгэвэл үлдсэн хөлийг нь цохих , өлгөх , хав золгож хавирах мэхүүдийг чадамгай хийдэг уран сайхан барилдаантай бөх юм.

Б.Ганбаатар арслан бол олон арван шавь нартай олон бөхчүүдийг улсын цолны босго алхуулсан билээ. Б.Ганбаатар арслан бөх болох гэж зорьж байгаа хүн бол амжилтандаа ханахгүй , бэрхшээлээс шантрахгүй, дандаа урагш тэмүүлж хөдөлмөрлөж, мөн өөрийнхөө бие бялдар хөдөлгөөнд зохицож тохирсон мэхийг сонгон авч түүнийгээ ямар ч нөхцөлд хэрэглэж чадах нь чухал гэж залуу хойч үедээ захиж зөвлөдөг. Б.Ганбаатар арслан Булган аймгаас гэр бүлтэй болж гурван охин , нэг хүүтэй өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн. Тэрээр ардын армийн биеийн тамирын “Алдар” нийгэмлэгт олон жил дасгалжуулагчийн алба хашиж хурандаа цолтой, олон сайхан залуу бөхчүүд, тамирчдыг амжилтанд тул түүний хүчин зүтгэлийг үнэлж , төр засгаас 2009 онд гавьяат дасгалжуулагч цол тэмдэгээр шагнажээ.

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ эр бяраа гайхуулан дэвж, ард түмнээ баясгасан олон хүчтэн Өвөрхангай аймгаас төрсөн байдаг. Тэдний нэг бол Улсын арслан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Бандийн Ганбаатар юм. Б.Ганбаатар арслангийн хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Баян-Өндөр суманд, шинэ баригдсан Спорт заалны өмнө босгосон билээ.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!