Спорт

Улсын арслан Дагвадоржийн Азжаргалын сонирхолтой түүх

Булган аймгийн Сайхан сумаас гаралтай Дагвадоржийн Азжаргал 1978 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төржээ. Тэрбээр айлын гурван хүүгийн хоёр дахь нь юмсанж. Аав Булган аймгийн арслан Б.Дагвадорж нь Булган аймгийн Сайхан сумын уугуул бөгөөд Даншигийн алдарт аварга Шагдарын Лувсанжамбаа, Шагдарын Намхай нарын төрөл удмын бөх юм.

Түүний ах дүү хоёр ч басхүү аймгийн арслан цолтой улс байдаг. Тодруулбал, төрсөн ах Дагвадоржийн Түмэнжаргал нь 1998 онд Говьсүмбэр аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цолд хүрч, төрсөн дүү Дагвадоржийн Батжаргал нь мөн л 2001 онд аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ.

Даншиг наадмын суут аварга Шагдарын Намхайн удмын “бүдүүн гуят” Дагвадоржийн хүний дунд хүү тэрээр өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд сайн барилдаж бөхийн гараагаа эхэлжээ. Өсвөр үеэс гараад төдий л удалгүй өсч төрсөн Говьсүмбэр аймгийнхаа баяр наадамд арван есөн насандаа түрүүлж аймгийн арслан цолд хүрсэн байна. Улмаар анагаахын барилдаануудад сайн барилдаж, улсын цолд ойрхон гэдгээ нотлох болжээ. Тухайн үедээ биеэ сайн сулладаг, хавирах, этэх мэхийг тун сайн хийдэг, хүний мэхэнд үлдэцтэй барилддаг залуу байв.

2000, 2001 онуудын баяр наадамд гурав давсан ч тухайн үеийн у.з А.Сүхбат, у.н П.Ганбаяр нарт өвдөг шороодож начны даваанд гарч чадсангүй. 2002 оны нэгдүгээр сард болсон шинэ үндсэн хуулийн барилдаанд аймгийн арслан Д.Азжаргал сайн барилдаж УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн “Улсын цолд ойрхон бөх” шагналыг хүртэхэд бөхийн хорхойтнууд “Шагнал нүдээ олно гэдэг энэ дээ, өнөө жил Азжаргал маань улсын цол хүртэнэ ээ” хэмээн ярилцаж байлаа. Амны бэлгээс ашдын бэлгэ гэгчээр тэр жилийнхээ наадамд сайхан барилдаж урд жилийн хоёр зааныг дараалан шороодуулж “Монгол улсын начин” цол хүртэв.

Начин болсныхоо дараа голдуухан тунаж барилдаж байсан бөгөөд дараагийн наадмуудад ч мөн адил тунан барилдав. 2003 оны наадмын гурвын даваанд Сэлэнгийн Т.Өсөх-Ирээдүйтэй тунасан бол тавын даваанд Увсын Э.Батбаатартай тунаж барилдаад өвдөг шороодов. Түүний хойтон буюу ардын хувьсгалын 83 жилийн ойн баяр наадамд мөн л дөрөв даваад Архангайн ц.а Т.Мөнгөнцоожтой тунаж барилдаад унажээ.

Начин цолтой зодоглосон наадамдаа хоёрын даваанд шороодож таавар будилуулав. Гэсэн хэдий ч заал танхимын барилдаанд хол илүү байсан хоёр аваргыг Азжаргал начин л давдаг байсныг тухайн үеийн бөхийн үзэгч, хорхойтнууд андахгүй. Ардын хувьсгалын 85 жилийн ойн наадмын өмнөхөн болсон барилдаануудад Азжаргал начин одтой барилдаж олон удаа түрүүлж, үзүүрлэж байлаа.

Наадмын бэлтгэлийг сонирхохоор очсон нэгэн ахмад бөх “Энэ Азжаргал өнөө жил их дээгүүр барилдана даа” гэж байсан гэдэг. Үнэхээр туршлагатай бөхийн нүд тун гярхай харж Азжаргал начин арвын даваа хүртэл барилдав. “Арвын даваа хүртэл барилдав” гээд бичихэд хялбар боловч даваа бүр хүнд байсныг хэлэх нь зүйтэй. Тавын даваанд хамт бэлтгэлд гарсан а.а А.Сүмбээг амлаж үнэн хүчийг үзэж, ээлжлэн барьц сонгосоор давсан бол дараагийн даваанд у.ө.и.н До.Ганхуягтай мөн л тунаж барьц сонгож өргөөд давснаар харцага цолын болзол хангав.

Долоогийн даваанд түрүү үзүүрт яригдаж байсан у.з И.Доржсамбуу амласан боловч аз од нь гийсэн Азжаргал начин давжээ. Наймын даваанд шинэхэн заан Д.Рагчаа Д.Азжаргал нарыг хэн ч амлалгүй тунав. Огцомхон зайлаад дөрвөн хөллүүлсэн барьцаа алдахгүй байсаар давж Дагвадоржийн Азжаргал “улсын гарьд” цолын болзол хангав.

Дараагийн даваанд их аварга Б.Бат-Эрдэнэ амласан бөгөөд аваргын хувьд тун ч сайхан бэлтгэлтэй зодоглож их ойн наадамдаа их шөвөгт шалгарсан байлаа. Гэсэн ч бяр нь орсон начин баруун талд нь өхийлдөж түлхээд аваргыг давав. Ийнхүү Монгол бөхийн түүхэнд бяртай, суурьтай, унаа холтой нэгэн сайхан бөх “улсын арслан” цолтой бичигдэхээр болсон юм. Арслан болсноос хойш олон барилдаанд түрүүлсэн бөгөөд аргагүй мундаг арслан гэдгээ мэдрүүлж байв.

Улс тунхагласны баяр, анхны хишиг барилдаануудад улсын наадмын тавын даваанд тунаад өвдөг шороодож байсан у.х Т.Мөнгөнцоожтой шалгарч давж түрүүлсэн бол бизнес барилдаанд у.з Д.Амгаланбаатартай үлдэн түрүүлж байлаа. Энэ мэт олон барилдаанд түрүүлснийг үзэгчид мартаагүй буй заа. Мөн 2011, 2012, 2014 онуудын баяр наадамд тав даван шөвгөрч чимэг нэмсэн юм.

Түүний начин байхдаа А.Сүхбат аваргыг давхар хамаад давсан, Г.Өсөхбаяр аваргыг их холоос давхар ачаад давсан, дархан аварга Б.Бат-Эрдэнийг дотуур өхийлдөөд давсан, а.а Т.Энх-Амгаланг дагуулж гуядан давсан, а.а Ц.Чимэддоржийг давхар тохон давсан барилдаанууд бөхийн түүхэнд чимэг болон үлджээ. Их аваргын удамтай энэ айл гэрээс аймаг улсын дөрвөн арслан төрсөн нь бахархам түүх юм.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!