Спорт

Хотын унаган хүчтэн Буяндэлгэрийн Болдын тухай

Оргилсон уран гоё барилдаан харж сэтгэлийн хужирхайгаа тэнийлгэх юутай сайхан бэ. Сэттэлийн хужирхай тэнийлгэсэн уран гоё барилдаан үзүүлж өөрийн эрхгүй өндөлзүүлдэг бөх юутай бахтай вэ. Улирагч зууны далаад оны сүүлч, наяад оны эхээр дэлхийн чөлөөт бөхийн дэвжээг чимэлцэж, эх орныхоо нэрийг бусдын нутгийн тэнгэрт сонсгож явсан цөөхөн монгол бий. Нэг нь гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болд.

Долоон бандитай жир монгол айлын хоёр дахь хүү буюу, тэр. Хотын унаган хүү буюу, тэр. Аав ээж нь ажилтай, нялх балчир хүүгээ хажуу айлынхаа хөдөөнөөс ирсэн эмээгээр харуулдаг байв. Хүүг ой хүртэл нь “малласан” буурай нутаг буцахынхаа урд өдөр “Та хоёр залуу улс. Дахиад зөндөө л хүүхэдтэй болно. Болдыгоо надад өргүүлчих” гэж сэтгэл дэвсэн гуйж. Залуус зөвшөөрсөнгүй. Яалтай ч билээ. Сэтгэл хоргодонгуй нутгаа зорьсон хөөрхий хөгшин хагас жил бололгүй буцаад ирэх нь тэр. “Би танайд байж энэ хүүхдийг өсгөж өгье” гэснээр Буяндэлгэр гуайнх хүүгийнхээ хуурай эмээгээр бүл нэмсэн гэдэг.

Долдугаар ангид байхдаа “тэнэж” яваад “Алдар” нийгэмлэг орж, чөлөөт бөхийн секцэнд бүртгүүлэн алдарт Ч.Дамдиншаравын “торгон сүрэг”-т нийлснээр спортын гараагаа эхэлж, найм, ес, аравдугаар ангидаа улсын идэрчүүдийн аваргаар гурван жил дараалан шалгарч, дараа нь “Интернациональ-78” олон улсын тэмцээнд түрүүлж байснаа Болд гавьяат дурссан. Одоо аравдугаар ангийн банди ийм амжилт гаргавал нэлээн л шуугиан тарина даа гэж төсөөлөгднөм.

Үүнээс хойш, түүнээс цааш Болд өөрийн жинд Монголдоо ноёрхлоо тогтоож, дээш арсан тив, дэлхийн дугуй дэвжээнд бөмбөрцгийн шандас төгөлдөр эрстэй ана мана, ач тач үзэж тарж, үзүүр түрүү булаалдаж эхэлсэн бөлгөө.

… 1979 он. Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн тэр жил Улаанбаатар хотноо болсон билээ. 18 орны 112 бөх зодоглосон энэ тэмцээний 68 кг-ын жинд 14 хүчтэн барилдахад залуу мастер Болд Кубын Э.Мартин, Польшийн В.Страсинский, Германы Р.Хюник, АНУ-ын Г.Фризел нарыг ялаад Болгарын Ц.Цветанд хожигдсон ч дараагийн даваандаа гоц мөргөж, аваргын төлөө ЗХУ-ын “буриад” Б.Будаевтай тулж мөнгөн медаль хүртсэн байдаг. Энэ нь түүний хувьд дэлхийн аваргаас хүртсэн анхны медаль.

…1980 он. Хойд хөршийн Москва хотиоо болсон зуны спортын XXII олимпийн наадамд түүнийг чөлөөтөөр бус сонгомол барилдаанаар оролцуулахаар дасгалжуулагч нар шийдчихэж. Бөхийн энэ төрлөөр дагнан хичээллэж үзээгүй ч “бамбарууш”-тай олимп хорин нас, хонгор зүстэй Болдын хувьд баяр, харуусал зэрэгцүүлэн өндөрлөснийг хойно дурдалтай.

Тэнд сонгомлын 68 кг-д хуч үзэхдээ тэр Иракийн Ахмад Мустафыг оноогоор, Афганистаны Камили Сахвда, Польшийн Андрзеж Супран нарыг цэвэр ялж гоц мөргөөд тавдугаар тойрогт Шведийн бөх, олимпийн хүрэл медальт Лоре Эрих Шельд оноогоор ялагдсанаар олимпийн шагналт тавдугаар байрт Монголын сонгомол бөхчүүдээс АНХ шалгарсан буй за. Зуны олимпийн наадмуудад монголчууд сонгомол барилдаанаар цөөнгүй удаа оролцсон ч Болдын гаргасан дээрх амжилтад “дөхөж очсон” монгол бөх өнөөг хүртэл байхгүй нь хэр зэргийн “өндөрлөг”-т хурснийг илтгэх мэт боловч хэрвээ түүнийг Москвагийн дэвжээнд чөлөөтөөр нь барилдуулсан бол сонгомлын шагналт байраас ч илүү амжилт гаргах боломжтой байсан гэж бөхийн мэргэжилтнүүд одоо ч ярилцахыг сонсохоор нэг тийм хармын сэтгэл эрхгүй төрөөд болдоггүй юм. Нээрээ чөлөөтөөр нь барилдуулсан бол…гэж.

…1981 он. АНУ-ын Толидо хотноо болсон дэлхийн шилдэг багуудын цомын төлөөх тэмцээнээс хүрэл медальтай ирж байв.

…1982 он. Канадын Эдмонтон хотноо болох дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор шаргуу бэлтгэж, “уяа” нь эвлэчихээд асан Монголын бөхчүүдийг “дээд газар”-аас явуулахыг нь гэнэт болиулсан амтгүй шийдвэр гарсан байдаг. Иртэй, хэнийг ч “хяргаад” өгөх хэмжээнд хүрээд байсан Болд намар нь Энэтхэгийн Дели хотноо Азийн наадмын аварга болж гомдлын хүрмээ жаахан нимгэлсэн түүхтэй.

…1983 он. Түүнийг Киев хотноо болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байв. Киевт жиндээ хэн хэнтэй таарч болох, яаж барилдах талын судалгааг Дамийл багшийнхаа хамт чамгүй хийв. Азийн наадмын түрүү бөх Болд тэнд Турк, Финланд, Грек, Куба, Японы бөхийг ялаад аваргын төлөө ЗХУ-ын Бүх ард түмний спартакиадын аварга А.Фазаевтай барилдах болж. Хойд хөршөөс 1980 оны Москвагийн олимпийн болон 1981 оны дэлхийн аварга С.Абсайдов, 1982 оны дэлхийн аварга М.Харачура хоёрын аль нэгийг ирэх байх гэсэн төсөөлөлтэй байтал олимпийн болон дэлхийн аваргуудыг нутагтаа орхиод ирсэн Фазаев түүнд ганц ч оноо алдалгүй түрүүлэн дэлхийн аварга болж, Монголын Болд мөнгөн медаль дээр буух нь тэр.

…1984 он. Лос-Анжелесын “хөрөнгөт” олимпод оролцоогүй ЗХУ тэргүүтэй социалист орнууд тамирчдынхаа хөдөлмөрийг талаар болгохгүйн тулд “Найрамдал-84” тэмцээнийг зохион байгуулж, тухайн тэмцээнд үзүүлсэн амжилтыг олимпийнхтой дүйцүүлэн үнэлж, цэгнэхээр тогтсон юмсанж.

Болгарын Софид чөлөөтөөр арван орны 100 шахам бөх барилдсан байна. Энд нэгэн зүйлийг тодотгоход 1983 оны дэлхийн аваргын тэмцээний шагналт байрын 30 бөхийн 20 нь “Найрамдал-84”-өөс медаль авсныг бодоход чөлөөтийн гол “тулаан” АНУ-д болсон уу, эсвэл Болгарт болсон уу гэдэг нь сонин. Болд тэр тэмцээний хэсгийн барилдаанд “гайхал” А.Фазаевтай таарч ялагдсан ч дэвжээний эзэн орны К.Пеневийг өвдөг шороодуулан хүрэл медаль авсан билээ.

…1985 он. Чөлөөтийн дэлхийн аваргын тэмцээн Унгарын Будапешт хотноо болоход тэрбээр нэгдүгээр тойрогтоо Финландын Л.Раухалатай таарч. Л.Раухала Монголын бөхчүүдийн оролцоогүй 1984 оны Лос-Анжелесын олимпоос хүрэл медаль хүртсэн хүчтэн. Лос-Анжелесын олимпийн хүрэл медальтан, “Найрамдал-84” тэмцээний хүрэл медальтан хоёр ийн таарч. Тэгэхдээ бүр нэгдүгээр тойрогт шүү. Шийдвэрлэх барилдаанд манай тамирчин олимпийн медальтныг оноогоор ялсандаа урамшин удаад нь Афганистан, Швейцарь, Канад, Хятадын бөхийг “шударч”, зургадугаар тойрогтоо хийлэв. Долоогийн даваанд Унгарыи Салонтайг цэвэр ялсан ч аваргын төлөөх барилдаанд мөнөөх л лүд А.Фазаевтайгаа үлдэж ялагдан мөнгөн медаль авчээ.

Өрсөлдөгч найз гэсэн нэг тийм нандин харьцаа, гаргалгаа спортод байдаг. Дан ганц спортод ч биш юм аа, үйлдвэр, шинжлэх ухаан, соёлын салбарт ч буй бөлгөө. Олимпийн хошой аварга, дэлхийн зургаан удаагийн аварга домогт Арсен Фазаев, Буяндэлгэрийн Болд хоёрдэвжээн дээр эвлэршгүй тэмцэлддэг ч, өрсөлддөг ч амьдралын эгэл хонгор өдрүүд дунд үерхэл нөхөрлөлийн бат бөх, хүчирхэг үндэстэй модыг элбэн тарьсан байдаг. Хэрвээ тэр мод турьхан. арчаагүй бол цаг зуурын ойворгон, азарган салхинаа булга үсрэн унах байсан биз ээ. Тэгээгүй. Одоо ч цэцэглэн ургасаар буй.

Афины олимпийн өмнөхөн дөө. Болд гавьяат “өрсөлдөгч”найзынхаа заллагаар Г.Өсөхбаяр аваргыг хойд хөршийн луугаруудтай нэг дэвжээнд багагүй хугацаанд “нухаж”, бэлтгэл хийлгээд ирж байсныг санаж байна.

Нэгэн үе Буяндэлгэрийн Болд, Зэгвийн Дүвчин, Адуучийн Баатархүү, Авирмэдийн Энхээ, Халтмаагийн Баттуул, Лувсангийн Энхбаяр… энэ хэдэн монгол дэлхийн бөхийн ертөнцөд “газар хөдөлгөж” байсныг надтай надгүй нарны тэнгэр мэдэж буй хойно доо.

Энд, Монголын спортын, тэр дундаа бөхийн түүхэнд Болд гавьяатын гаргасан нэгэн шинэ зам мөрийн тухай дурдахгүй өнгөрч боломгүй. Хотод төрж, хотод өссөн цэвэр суурин соёл иргэншлийн бүтээгдэхүүн тэрбээр хөдөөний хүүхэд л бүлтэй чадалтай, бяртай тэнхээтэй гэсэн хуршмал ойлголтын гинжийг тасар татан хаяж хотын унаган хүүхэд барилдаж чаддагийг, тивийн наадамд түрүүлж, дэлхийгээс медалийг ганц нэгээр бус хоёр, гурваар нь авч, олимпийн дэвжээнд нэр алдраа дуурсгаж болдгийг монгол даяранд харуулсан мөнхийн гавьяатан бөлгөө.

Түүний зам мөрөөр их хотын уугуул олон мянган хүүхэд, олон мянган охид, хөвгүүд их спортын дэвжээ рүү усандаа ирж буй адуу шиг цувж, тэмцэж босч, амжилт алдраа дуудуулан тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгах болсон. Дуурсгаж ч байгаа. Дуурсгасаар ч байх буй за.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!