Спорт

Бөх шүтсэн монголчууд мөхөлрүүгээ явж байна уу?

Монголчууд эртнээс л бөхчүүдээ хүндэлж ирсэн ард түмэн. Үнэхээр ч бөхчүүдийн уртай барилдааныг хараад суух амттай. Гэвч сүүлийн жилүүдэд бөхчүүд маань дэвжээнээсээ холдож, улс төрд зүтгэх болсон. УИХ-ын сонгуулиар ард түмэн нь “Бөхийн ухаан бий дээ” хэмээн итгэж сонгох ч тохиолдол цөөнгүй болсон. “За, манай аварга л төрд юм дуулгана даа” гэх итгэлээр дэмжих хүн ч олон. Гэвч төрд гарсан бөхчүүдээс сайнаас муу нь илүү сонсогдож, чихэн дээр “хонх хангинуулах” боллоо. “Бөхийн ухаан, мэхээр одоо л нэг улсдаа юм дуулгах нь” гэтэл бөхийн ухаан улсыг удирдахад арай л бяр, чац дутаж, эв нь таарахгүй байх шиг.

Хуулийг дэмжээгүй А.Сүхбат аварга

УИХ-ын гишүүн асан А.Сүхбат 2016 онд Гэр бүлийн хуулийг эсэргүүцэж “хайрт хүүдээ гар хүрч болохгүй юу” хэмээн олны дургүйцлийг хүргэсэн удаатай.

“Өрнөдийн хуулийг Монголын хөрсөнд суулгаж батлах гэж зүтгэх хэрэг байна уу. Шинэчилсэн найруулгатай хууль дорнын заншилтай Монголд тохирохгүй” гэж гэр бүлийн хуулийг дэмжээгүй утгатай үг хэлж байлаа. Нэг ёсондоо “Зүгээр дээ, Хайртай юм чинь гар хүрч бололгүй яадаг юм” гэсэн суртал хийгээд орхисон.

Багын найзаа зодсон Олимпын аварга Н.Түвшинбаяр

Н.Түвшинбаярыг олимпын алтан медаль авах мөчийг улс даяараа харж, огшиж байсан үе саяхан мэт. Тэр л ялалтын дараа ард түмний хайрыг хүлээсэн хүү болсон билээ. Гэвч саяхан багын найз начин Э.Энхбатыг ухаангүй болтол зодсон хэрэг гарлаа. Түүний дараа “Би санахгүй байна” гэдэг тайлбар л өгч олон түмнийхээ итгэлийг ганц л шөнийн дотор алдсан.

80 жилийн түүхт циркийг үгүй хийсэн Д.Дагвадорж аварга

Монгол цирк гадаадад гайхагдаж байсан түүх бий. Асашорюү Д.Дагвадорж ч мөн Японд монгол бөхийн эд тавыг гайхуулж байсан үе бий. Д.Дагвадорж менежментийн хувьчлалаар циркийг авахдаа монголын циркийн урлагийг мандуулж, барилгыг нь арчилж тордоно гэж байв. Гэвч 80 жилийн түүхт циркийн урлаг Д.Дагвадоржийн гарт шилжсэнээс хойш дээрдсэнгүй. Тэр байтугай циркийн барилга олон түрээсийн газар байрласан алаг эрээн газар болж хувирсан. Гэтэл өнгөрсөн жил циркийн нурааж буй зураг цацагдаж, циркийн урлагийг “гудамжинд” гаргав.

Хотын дарга Д.Сумъяабазар

Д.Сумъяабазар хотын даргын суудалд дэвшсэнээс хойш нэг л мэхээ олохгүй байх шиг. Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ ороогдох боллоо. Хотын дарга болоод удаагүй байх үед цар тахал нүүрлэснийг ч хэлэх үү эргэж буцсан олон шийдвэр нь түмний дургүйцлийг хүргэх боллоо. “Би нойр хоолгүй ажиллаж байна” гэхээс эхлэн ард түмэнтэйгээ “Би энэ халуун хэмжигчийг өөрийн мөнгөөрөө авсан” гэж хэрэлдэж, тунирхах нь ард түмний хайртай хүүгийн дүрд тохирохоос Хотын даргын дүрд нэг л тохирохгүй байх шиг.

Дэлхийн хамгийн баян хүмүүс инженерүүд байдаг аж. Билл Гейтс, Элон Маск, Стив Жобсоос эхлээд дэлхийн тэрбумтнууд инженер мэргэжилтэй. Техник, технологийн эрин үед амьдарч байхад арга ч үгүй биз. Гэтэл Монголын шинжлэх ухааны түүхэнд Монгол хүн сансарт ниссэн түүх маань л хамгийн том амжилт болж байна. Дээр нь Монголд бөхчүүд баяжиж, улс төрд зүтгэж байх. Манайхаас бусад оронд дэлхийн хэмжээний тамирчдаа улс төртэй хольж, хутгасан нь бараг үгүй.

Усайн Болт Ямайкийн Ерөнхийлөгч болж, Пеле Бразилын Ерөнхий сайд, Майк Тайсон АНУ-ын Сенатын гишүүнээр сонгогдож болох л байлаа.Тэд бүгд л ард түмнийхээ хайртай хүү. Гэхдээ тэд тэгсэнгүй. Учир нь, хурдан гүйлтийн нууц, бөхийн мэхээр улс төр удирдах боломжгүй гэдгийг тэд мэддэг болохоор л тийш зүглээгүй хэрэг. Үнэхээр л бөхчүүд маань төрд гараад зүлэг ногоон дэвжээнээ аварга болж байсан шигээ биднийгээ баярлуулах нь уу гэтэл харин ч эсрэгээрээ алхам тутамдаа бухимдуулж, зарим үед бөх гэдэг үгийг сонсохоос ч зүрхшээм үйлдлүүд гаргах юм. Өөрөөр хэлбэл, бөхөө шүтэж, төрд залсан монголчууд хөгжих биш, уруудсаар хэдэн оныг үдлээ. Харин хайртай бөхөө “бөхөөр” нь хайрлаж, даяаршиж буй нийгэмд шинжлэх ухаанд жаахан ч атулгай боломж, дэмжлэг олговол Монгол Улс хөгжиж магадгүй юм даа.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!