Спорт

Д.Сумъяабазар: Би тэр өдөр “Яагаад үнэн юм байдаггүй юм бэ?” гэж бодож суусан

2001 оны наадмын дараахан тухайн үед улсын заан цолтой Долгорсүрэнгийн Сумъяабазараас авсан ярилцлагаа энэ удаад оруулж байна.

Тэр жилийн наадам тэмээнээс тэмдэгтэй болсон юмдаг. А.Сүхбат гэдэг шинэ аварга мэндэллээ. Мөн шөвгийн дөрөвт А.Сүхбат-Г.Өсөхбаярын ам мэх хийсэн, тийрсэн дуулиан шуугиантай барилдаан болсон.

Наадмын дараахан заан Д.Сумъяабазар руу утас цохиж, Сөүл рестораны ойролцоох цэцэрлэгт бид хоёр ярилцсан юм. Тэгэхэд Асашёорюү Д.Дагвадорж комүсүби цол хүртээд байсан санагдана. Ахтайгаа бас бус залуустай хамтдаа сууж байлаа.

Д.Сумъяабазар ярилцлагаа дараа нь уншихыг хүссэн юм. Ингээд яриагаа буулгачхаад сониноо гарахын өмнөхөн түүн дээр дахин очсон. Туул голын хөвөөнд байрлах нэгэн амралтын газар Д.Сумъяабазар мөн л тухайн үеийн цолоор заан Ц.Цэрэнпунцагтай хамтдаа байлаа. Хоёулаа цээж нүцгэн. Тэднийг хараад “Ээ, аппаратаа авчирдаг байж” гэж халаглаж билээ.

Сумъяабазар ярилцлагаа уншаад хасахвий гэж дотроо болгоомжилж байтал мань хүн харин ч бүр хурц болгож үг яриа нэмсэн юм. Харин хажуугаас нь Ц.Цэрэнпунцаг “Хэвлэл гэдэг чинь масс шүү дээ хө” гэж хоёр ч удаа сануулан хэлсэн билээ. Ингээд энэ ярилцлагаа нийтэлж байлаа. Ярилцлагаа таалан болгооно уу.

– Таны гар бэртэлтэй байгаа юм байна. Хэзээ бэртчихээ вэ?

– Наадмын дараа манай аймгийн наадам долдугаар сарын 14-нд болсон юм. Тэр наадамд Мөнх-Эрдэнэ арслантай барилдаж, хаяж яваад хажууд нь гараараа тултал эвгүй дарагдаад гэмтчихсэн юм.

–  Бэртэл хэр хүнд гэж эмч нар хэлж байна вэ? Хэзээ эдгэх бол?

– Ясны гэмтэл болохоор хөнгөн гэж хэлж болохооргүй л байгаа бололтой. Ямар ч байсан эдгэтлээ сар гаруй болох төлөвтэй.

– Наадам дуулиантай болж өнгөрлөө. Таны хувийн сэтгэгдэл ямар байна даа?

– Яах вэ, 80 жилийн ойн наадам сайхан л боллоо. Гэхдээ энд хэлэх зүйл багагүй байна. Цолны найрааны асуудал л гэхэд замбараагаа алдаж эхэллээ. Төрийн баяр наадмаараа ингэж ард түмнээ болон төр засгаа хуураад байвал юу болох вэ? Энэ арай л замбараагаа алдаж байна гэж бодогдох юм. Үүн дээр МҮБХ маш шийдвэртэй хатуу арга хэмжээ аваасай. Бид чинь дээрээ бас удирдлагатай, түүнийгээ дагах хэрэгтэй. Гэтэл одоо чинь МҮБХ-гоо хүндэлж, дагаж байгаа ч шинж алга, нэг л эх захаа алдсан улс болж байна.

– Наадмаар та шинэ дүрмийн дагуу өмсгөлөө хийлгэж шинэчилсэн байсан. Таны зодог ягаан өнгөтэй байлаа. Өөрөө энэ өнгийг сонгож хийлгэсэн үү?

– Өнгө солих нь утга учиртай юм л даа. Уг нь би улаан зодогтой л барилддаг шүү дээ.

– Өсөхбаяр заантай тунаж, тийм барилдаан болно гэж бодож байв уу?

– Тунах нь тунана гэж бодож л байсан. Гэхдээ 16-д тэгж тунана чинээ ёстой санаагүй байлаа. Энэ жилийн бэлтгэл сургуулилт ч их сайн, дээгүүр барилдана гэж бодож байсан. 80 жилийн ойгоор сайн барилдахын тулд энэ жил би чөлөөт бөхийн УАШТ, Азийн аваргыг ер нь орхиж, зөвхөн наадамдаа анхаарсан. Гэлээ ч хүсэхэд хясна гэгчээр бэлтгэл хичнээн сайн байсан ч болсонгүй дээ. Болдоггүй юм болдоггүй л юм байна.

– Өсөхөө заан таныг мордож давж л байсан. Гантогтох заан ч мөн мордож хаяж байсан. Ер нь мордох мэх Өсөхөө заанаас ирэх юмаа гэдгийг та мэдэж байсан баймаар…?

– Мордоо ирнэ гэж мэдэж байсан. Мордох мэх дээр л голлон хариуг нь бэлдэж байсан. Гэхдээ Өсөхөөг шууд мордоно чинээ бодоогүйдээ би тактикийн алдаа гаргалаа л даа. Тэрнээс биш би Өсөхөөг энэ удаад хаяна гэдэгтээ 100 хувь итгэж байсан. Талбайд гараад барилдахдаа ч их итгэлтэй байлаа. Түрүүн хэлсэнчлэн болдоггүй юм болдоггүй л юм байна.

 – Та ер нь энэ жилийн наадамд нэлээд эрлэгдчихсэн ирсэн үү?

– Ер нь их л бодолтой ирсэн дээ.

– Өсөхөө заан та хоёр барилдааны үндсэн цаг дуусаагүй байхад өөрсдийн хүсэлтээр шуудагдалцсан нь таны хувьд арай л эртэдчихсэн болов уу гэж хүмүүс ярих юм…?

– Тийм ээ, тактикийн алдаа л гаргачихсан юм. Цаг нь арай болоогүй байсан байж мэднэ. Уг нь шуудагнаас болчих болов уу л гэж бодож байсан.

– Та хоёр солгой золгосон нь …?

– Би зүүн талдаа л хутгаж, зүүн талдаа л татаж мэх хийдэг шүү дээ. Тэгээд өөрийнхөө талаар золгохдоо дан шуудагнаас давхар шуудганд шилжсэндээ тайвширсан нь л алдаа болчихов уу даа. Би тэгэхэд давхар шуудаг атгасан нь л буруу байж.

– Наадмаар та бөхийн дүрмийн дагуу өмсгөлөө бэлдэж ирсэн цөөхөн бөхийн нэг байлаа. Гэтэл бусад бөхчүүд, тухайлбал таны гол өрсөлдөгчид хуучин дүрмийн хориотой хэмжээтэй өмсгөлтэйгээ л барилдлаа. Энэ талаар танд юу бодогдож байв?

– Ер нь Монгол үндэсний бөхөөр барилдаж байгаа юм бол бөхийнхөө дүрэмд л захирагдаж байх ёстой. МҮБХ-ноос бөхийн өмсгөлийг ямар байх ёстой гэж заасан түүгээр л өмсгөлөө бэлдэх ёстой биз дээ. Аливаа зүйл шударга байх ёстой. Гэтэл наадмаар харж байхад, зарим бөхчүүдийн зодогны ширээс ч юмуу, шуудагны өргөн нь нэлээн зөрүүтэй харагдаж байна лээ. Би наадмаар бүр метр авч очсон л доо. Жишээ нь, А.Сүхбаттай таарлаа гэхэд ямар ч байсан өмсгөлийг нь хэмжиж үзээд тохирохгүй бол солихыг шаардана гэж бодож метр авч очсон юм.

– Өсөхөө заантай барилдахдаа та метрээр хэмжиж харагдаагүй. Тэгэхээр Өсөхөө зааных хэмжээндээ байсан гэсэн үг үү?

– Би Өсөхөөтэй золгож барилдах болохдоо шуудгийг нь солиулсан шүү дээ. Тэр солиулсан шуудаг нь их өргөн, 17 см хавьцаа өргөн байсан байх.

– Та Өсөхөө заанд уначихаад уйлж буй мэт харагдсан. Тэгэхэд уйлсан уу?

– Ерөөсөө надад хэцүү л байсан. Би тэгж унана чинээ санаагүй. Ер нь гараад барилдахад л хаячих юм байна шүү гэж өөртөө хэтэрхий итгэчихсэн байсан болохоор үнэхээр харамссан. Хэрвээ их ядраад, үнэхээр дийлдэхгүй байсан бол харамсах юу байх вэ. Тэгээд одоо дахиад бүтэн нэг жил хүлээнэ гэж бодохоор…Гэвч наадам ямар нэгээр дуусах биш дээ. Нас залуу, наадам олон байна. Цаашдаа дотроо бодолтой, дороо суурьтай л хөдөлнө.

– Өсөхөө заантай та сайн найз гэдэг. Наадмаар найз тань тун тааруу авир үзүүлж, өрсөлдөгчөө тийрчихлээ. Энэ тухай та чухам юу бодож, юу гэж дүгнэж байна даа?

– Ер нь спорт гэдэг бол айхавтар тэмцэл явагдаж байдаг талбар шүү дээ.

– Гэхдээ монгол бөх хоккей биш биз дээ?

– Хоккей биш л дээ. Бөхчүүд дүрэмтэйгээ л сайн танилцмаар байгаа юм. Өсөхөөгийн хувьд А.Сүхбатыг тэгж өшиглөдөг нь буруу. Тэнд жаахан хүлээцтэй байж байгаад наадмын дараа эр хүний хувиар тооцоо хийж болох байсан. Монгол зон бүгдээрээ наадмаа үзэж байхад түүнийг нь хүндлэх хэрэгтэй байсан л даа.

– Өсөхөөгийн оронд та А.Сүхбаттай таараад, адилхан байдалд орлоо гэхэд яах бол?

– Би бол Сүхбаттай тэгж юм ярихгүй ээ. Шууд гараад л дайрна. Ам мэх хийсэн гээд байгаа юм. Ам мэх гэж юу байдаг юм? Талбай дээр өрсөлдөгч гэдэг чинь дайсан шүү дээ. Өсөхөө бид ч хоёр ч гэсэн хичнээн найзууд гэлээ талбайд гараад л дайснууд болж үзэж байгаа. Тэрнээс биш талбайд гарч нялуурах гэж барилдаагүй. Ер нь Сүхбаттай Өсөхөө гараад юу ярих юм бэ? Ярих л хэрэггүй байсан байхгүй юу. Би үүн дээр Өсөхөөг хувьдаа зэмлэж байгаа.

– Мөөеө аварга энэ тухай “Хэрвээ өрсөлдөгч чинь барилдахгүй элдэв зүйл яриад байвал “Битгий хуц” гээд л хэлчих хэрэгтэй гэсэн байсан …?

– Тийм байхгүй юу. Хэрвээ Сүхбат Өсөхөөтэй үнэхээр ярьсан байгаад, тэр нь надтай тааралдсан бол би Сүхбатад “Би чамтай тооцоо бодох гэж ирсэн” гэж л хэлэх байсан. Тэгэхээр нөгөө бөх чинь элдвийн авиргүй барилдана биз дээ.

– Ер нь Өсөхөө Сүхбат хоёр үнэхээр юм ярьсан юм болов уу?

– Би хүмүүсийн тэр дотоод зүйлийг мэдэхгүй юм. Харахад л бол яах аргагүй өөд өөдөөсөө харж, өрж барилдаж байгаад л нэг нь хөлийг нь аваад хаясан. Юм ярьсныг нь сонсоогүй болохоор мэдэхгүй юм.

– Өсөхөө заан танд тэр талаар яриагүй гэж үү?

– Юм ярих нь ярьсан юм шиг байгаа юм. Гэхдээ би үүн дээр бурууг Өсөхөөд л өгч байгаа. Ер нь Сүхбаттай юу ярих юм бэ? Бөх хүн чинь дэвжээнээ гараад өрсөлдөгчөө “Энэ чинь миний аав ээжийг алсан хүн” гэж бодож барилдах ёстой гэдэг шүү дээ. Хамгийн гол нь төрийн наадмаа хүндлэх ёстой байсан болохоос биш тэр өшиглөдөг бол бас л спорт шүү дээ.

– Наадмын өмнө хуралдсан Их Эе дээр та арслан цолыг олгох болон эрэмбийн асуудлыг эсэргүүцэж, дархан аваргууд руу нэлээн хатуу үг хэлж байсан. Одоо энэ тухай ямар бодолтой байгаа вэ?

– Хүн чинь өөрийн гэсэн бодолтой байдаг биз дээ. Тэр хурал эхэндээ асуудлаа шийдээд, зөв л явж байсан. Харин цолны асуудал дээр очоод шийдэхдээ зааныхаа эрэмбээр авна гэхээр хэцүү болчихож байгаа юм л даа. Эрэмбэ тэгж гарна гэхэд ямар ч эрүүл хүнд шударга бус гэдэг нь ойлгомжтой. Түүн дээр би дургүйцсэн. Яагаад хоёр удаа үзүүрлэсэн хүний өмнө ганц удаа үзүүрлэсэн хүн орох гээд байгаа юм бэ гэдгийг л би ойлгохгүй юм. Би арслан цолны болзлыг түрүүлж хангасан шүү дээ. Энэ талаар Өсөхөөгөөс асуухад “Тийм ээ, чиний зөв. Тийм байх ёстой” л гэж байгаа юм. Тэрэн дээр дэндүү амбиц хөөсөн болохоор нь би аваргуудад дургүйцсэн юм. Тэрнээс биш би хүн дуугарах тоолонд хариуд нь үг хаяад байдаггүй.

– Цэрэнпунцаг заантай энэ талаар ярилцаж үзсэн үү?

– Пунцагаа ч дургүйцэхгүй л байгаа.

– Хэрвээ наадмаар та авах ёстой арслан цолоо аваад, эрэмбээрээ барилдсан бол Өсөхөө заантай 16-д үлдээд тунахгүй, шөвгийн дөрөвт үлдэж байж тунах боломжтой байсан. Тэгэхээр наадмаар шинэ цолтойгоо барилдана гэж санаж байтал өгөөгүйд их бухимдав уу?

– За яах вэ, ийм юманд ч бухимдаад яахав. Хурал дээр үзээд яахав, наадмын дэвжээн дээр л үзье гэсэн юм.

– Та дархан аваргуудад ширүүн үг хэлснийхээ маргааш хуралд ирээгүй. Гэтэл яг тэр өдөр маргааныг шийдэж болох байсан шүү дээ?

– Очоод дахиад л хэрүүл болно. Дахиад л хүнд муу хэлэгдэх хэрэг болно гэж бодоод очоогүй юм. Тэр өдөр “Яагаад үнэн юм гэж байдаггүй юм бэ?” гэж бодоод  сууж байсан даа. Хурал удирдаж байсан улсууд өөрсдийгөө хэлмэгдэж байсан гээд л яриад байдаг. Гэтэл мань мэт чинь жинхэнэ хэлмэгдэж байна шүү дээ.

– Таныг тэгээд уурлаад үг хэлэхэд Давааням заан, Сэрээтэр начин хоёр загнаж зандарсан. Зэмлүүлээд юу гэж бодсон бэ?

– Нэг талаасаа би түргэдээд алдаа гаргасан. Түүнийг минь хэлж байгаа хүмүүст би юу хэлэх вэ. Харин дараа нь би хоёулантай нь уулзаад “Энэ чинь ийм учиртай зүйл шүү дээ” гээд хэлэхэд “Тийм ээ, наадахь чинь зөв. Гэхдээ чи зөв хэлэх ёстой байсан юм” гэж байсан.

– Цолны эрэмбэ сүүлдээ таны хувьд зөв зүйтэйгээр шийдэгдээд ирэхэд Гантогтох заан наадмын комиссын дарга, хотын захирагч М.Энхболд гуайд өргөдөл бичээд “Хэрвээ ингэж эрэмбэлэх юм бол наадмыг хаяна” гэж мэдэгдсэн тухай яриа түгж байна. Энэ үед та юу бодож байв?

– Яаж ч бодсон Гантогтох миний өмнө гарч ам авах эрх байхгүй шүү дээ. Заанаараа л байдаг юм байгаа биз. Гантогтоход арслан цол авах амжилт нь ч, эрэмбэ нь ч байхгүй. Би үүн дээр Гантогтоход дургүй хүрч байгаа. Өөрөө залуу байж, шударга байх хэрэгтэй шүү дээ. Үзүүрлэсэн л гээд байгаа. Гэтэл барилдаж үзүүрлэдэг болохоос барилдахгүй үзүүрлэнэ гэж юу байдаг юм? Жижиг Сүхбат ч гэсэн хурлын дараа над руу утасдаад “Чамд ч гэсэн дэмий байгаа биз дээ?” гэж л байсан.

– А.Сүхбат тэр хурлын дараа тань руу ярьсан юм уу?

– Тийм ээ, “Тэгээд ер нь дэмий байгаа биз дээ?” гэхээр нь би “Дэмий байна аа” л гэсэн. Өөрөөр утасдаж хэлээд, би Дагвасүрэн гуайн өрөөнд байна гэсэн. Намайг ирэхэд байхгүй байсан л даа.

– Өсөхөөд уначихаад хүмүүсийн харснаар таныг уйлаад очиход аав тань юу гэж хэлэх юм? Аав тань наадмын өмнөхөн “Энэ жил наадмаар хүү минь Сүхбаттай л үзүүр түрүүнд үлдчих болов уу” гэж харж явсан шүү дээ. Гэтэл хүү нь дор уначихдаг…?

– Яасан болохгүй байна уу л гэж байсан.

– Дүү Дагвадорж та хоёрын барилдааны амжилт хоорондоо амь нэгтэй мэт адилхан байдаг. Энэ удаад ч гэсэн таныг унахад дүү тань тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадалгүй, сүүлийн өдрийн барилдаанд харамсалтай ялагдлаа. Та дээхнэ дүү бид хоёрын амжилт хүйн холбоотой мэт байдаг гэж хэлж байсан. Энэ удаад энэ нь бүр сайн нотлогдов уу?

– Дагвадорж миний барилдааныг сонсоод сэтгэлээр нэлээн унасан гэж ярьж байсан л даа. Би уг нь наадмаас өмнө Японд очиж, дүүтэйгээ сар гаруй хамт бэлтгэл хийсэн юм. Ер нь ах дүү хоёрын амжилт хүйн холбоотой л байгаа юм.

– Сэржбүдээ начин хэзээ нутагтаа ирэх вэ. Хэзээ тэмцээн нь дуусах вэ?

– Бүдээгийн тэмцээн нь эхэлчихсэн байгаа. Наймдугаар сар гаргаад л нутагтаа ирэх байх аа.

– Таныг хэтэрхий их хүчний бэлтгэл хийгээд хурд нь саарч, мэх нь цөөдөж байна гэж зэмлэх хүмүүс байдаг. Энэ тухай өөрөө юу боддог вэ?

– Хүчний бэлтгэлийг хамаагүй хийвэл бие зуураад, уян хатан чанар муудаад ирнэ. Гэхдээ хүчний бэлтгэлгүй бол болохгүй шүү дээ. Тэгэхээр аль алиныг нь тааруулж хийх хэрэгтэй.

– Одоо хэн хүний мэдэх зургаан хүчтэн Монгол бөхийн нэр хүнд ямар байхыг шийдэж байна. Та ч гэсэн энэ зургаан хүчтэнд багтаж байгаа. Гэтэл зургаан хүчтэнд маань нэр цэвэр яваа хүн ховор болчихлоо. Үүгээрээ зөвхөн энэ зургаан хүчтэн нэр сүрээ алдаж буй мэт мөртлөө хэрэг дээрээ Монгол бөхийн нэрийг айхавтар унагаж байна. Энэ тухай та юу бодож байна?

– Энэ бол үнэн л дээ. Надтай уулзаж ярьж байгаа бараг бүх л хүн бөхчүүдийн нэр хүнд ард түмний дунд айхавтар муудаж байна гэж хэлж байна. Бөх гэдэг бол шударга ариун тэмцэл байх ёстой. Бөхийг ийм байлгахын төлөө МҮБХ дүрмээ чангалаад, тэр дүрмийг бөхчүүд бүгдээрээ дагах хэрэгтэй байгаа юм. Японы Сумогийн Холбоо маш хатуу дүрэмтэй тулдаа сайн хөгжиж байна. Гэтэл манайд захын нэг цолтой, хэдэн бөхчүүд гарч ирээд л Холбооныхоо шийдвэрийг үгүйсгээд, улмаар бүр дийлээд өөрийнхөө эрх ашигт нийцүүлж байдаг ийм утгагүй заваан зүйлийг байхгүй болгомоор байгаа юм. Зарим нь ахмад бөхчүүдээ хүндлэлгүй хэдэн залуучуудын л барилдаан болгох гэлээ гээд байсан. Гэтэл тэр ахмад бөхчүүд чинь барилдаад, заваан юм хийгээд үндэсний бөхийг ард түмний дунд нэр хүндгүй болгож байна шүү дээ. Заан цолыг нь ингэж авахгүй шүү дээ. Заан цол гэдэг чинь бас эр хүний шийр зааж байж авдаг цол байхгүй юу. Цолоо яаж авсан шигээ хүн санаа сэтгэл өндөр сайхан барилддаг. Гэтэл ингэж аваад байх юм бол юу болох вэ? Начин цол нь ч дүүрч, гэтэл одоо заан цол нь начин цолныхоо хэмжээнд очих нь байна шүү дээ. Шинэчлэлтийг эсэргүүцээд байсан хүмүүсийг одоо харахад, ингэх гээд л МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцээд яваад байж.

– Таныг арслан Сумьяабазар гэж дуудахад “Би арслан биш шүү дээ. Битгий тэгж дууд” гэж хэлснээ “Ер нь тэр цол юу болж байна вэ?” гэж надаас хүртэл асууж байна. Энэ цолны тухай та ер нь ямар бодолтой явна?

– Надад бол заанаараа ч байсан хамаа алга. Сүүлдээ бүр ойлгохоо ч байлаа. Хэдэн хүмүүс мөнгө төгрөгийн маргаан дээр шүүхдэж байгаа юм шиг л өөрөө өөрсдийнхөө амбицыг хөөгөөд заваараад байх юм.

– Ам мэх гэж монгол бөхөд зайлшгүй байх зүйл үү. Та тийм мэхтэй таарч байв уу?

– Ам мэх гэж юу байх вэ дээ. Хэрвээ ам мэхтэй таарвал ёстой Мөөеө аваргын хэлснээр “Хуцав аа” гээд л үзнэ шүү дээ. Өөр юу ярих юм бэ.

– Мөд манай чөлөөт бөхийн баг тамирчид ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байна. Өсөхөө заан ДАШТ-д оролцох байх. Та бэлтгэл хангагчаар очих уу?

– Гарын бэртлээ эдгээгээд, наймдугаар сарын дундуур бэлтгэл дээр очно доо. Тэгээд заавал Өсөхөөгийн бэлтгэл ч гээд байх юм үгүй би өөрийнхөө бэлтгэлийг ч бас үнэн чанартаа хангаж л байгаа юм шүү дээ.

–  Танд өөр хэлэх зүйл юу байна?

– МҮБХ дүрэм журам гаргасан юм бол түүн дээрээ бат зогсох хэрэгтэй. Тэрнээс биш хэсэг бүлэг хүмүүс гарч ирээд л үймүүлж, бидний болоод ард түмний сэтгэлээр тоглоод байвал юу болох вэ. Төрийн наадам зүгээр нэг жижиг овооны наадам шиг энд тэндгүй бууж өгсөн шударга биш барилдаан болчихлоо. Аймгийн наадамд ч гэсэн заавал тэр аймгийн бөх л түрүүлэх ёстой юм шиг сэтгэхүй бүр төлөвшчихсөн. Тэгээд барилдаан бүр л нэг нэгэндээ бууж өгсөн явдал болж байна. Гэтэл Монгол бөх маань ийм байгаагүй юм шүү.

– Аймгийн наадам гэснээс та эдүгээ Өвөрхангай аймгийн хамгийн шилдэг бөх нь болж байна. Гэтэл энэ жил Өвөрхангай аймаг наадмынхаа түрүүг өөр аймагт алдчихлаа. Хүмүүс Сумьяабазар аймгийнхаа наадмын түрүүг авчихаж чаддаггүй… гэж хэлж байгаа. Энэ тухай та юу хэлэх вэ?

– Яах вэ дээ, болохгүй болоод л болоогүй биз. Гэхдээ амаараа барилддаг бөхчүүд шиг амаараа барилдсан бол авчих л байсан. Цэрэнтогтох аварга байж л байсан. Би зүгээр үзчихье л гэсэн. Тэгээд хаяж яваад гараа эвгүй тулаад гэмтээчихсэн юм. Тэрнээс биш амаараа барилддаг Ганболд заан нар шиг амаараа барилдаад “Би авчихья” гэсэн бол би авчих л байсан. Гэтэл угаасаа тийм юм мэдэхгүй, дургүй болохоор тэгж чадахгүй юм байна шүү дээ. Тэгээд болохгүй юм болдоггүй л байна. Энэ жил ер нь хэл ам жаахан ихтэй байх шиг. Хүн алдаа гаргаж болно шүү дээ. Тэгтэл чинь их аваргуудыг хүндлэлгүй Их Эе дээр элдвээр хэллээ гээд байх юм. Гэтэл эд нар чинь өөрсдөө хүнд хүндлүүлэхээргүй буруу юм хийгээд байгаа юм чинь яаж хүндлэх юм бэ? Бид нар дотроо аваргуудаа хүндэлье гээд бодоод, хичээгээд байхад бөхчүүдийн эрх ашгийн төлөө бус зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л зүтгээд байхаар яаж хүндлэх юм бэ?

– Зургаан залуу хүчтэн маань хоорондоо ер нь хэр эвтэй байдаг вэ? Жишээ нь, та одоо Гантогтох зааны тухай жаахан тааруу бодолтой л байна шүү дээ?

– Гантогтох ч уг нь нуруутай гайгүй залуу. Тэгээд юу нь болдоггүй юм байгаа юм мэдэхгүй юм даа. Уг нь бид хоёр чинь хамтдаа бэлтгэл хийгээд л байдаг байсан. Бид харьцангуй дотно байдаг ч Өсөхөө, Пунцагаа хоёртой л би арай илүү дотно.

– За, сайхан ярилцсан танд баярлалаа.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!