Спорт

Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай 15 баримт

1. Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1978 оны цагаан морин жилд Ц.Гунаажавын тав дахь хүү болон төржээ.

2. Г.Эрхэмбаяр дээрээ хоёр ах, хоёр эгч, дороо хоёр эрэгтэй дүүтэй өнөр өтгөн айлын хүүхэд юм. Г.Эрхэмбаяр хоёр талын бөхийн удамтай юм.

3. Эрхэмбаярын аав, ээж нар 1970 онд Завхан аймгийн Баянхайрхан сумаас Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод ирж суурьшжээ. Г.Эрхэмбаярын аав жижгэвтэр биетэй мөртлөө булчинлаг яргай махтай, сумандаа хэд хэд түрүүлчихсэн сумын заан цолтой, самбо, жүдо бөхөөр барилддаг, морь уядаг тал талын авьяастай сэргэлэн хүн байжээ.

4. Г.Эрхэмбаяр хүүхэд ахуй цагаасаа хөдөө мал ахуйтай ноцолдож, таван настайгаасаа хурдны морь унаж эхэлжээ. Г.Эрхэмбаяр тавдугаар ангид байхдаа тэр үед Зүүнхараа хотод прокуророор ажиллаж байсан улсын начин М.Мижиддоржийн удирдсан бөхийн секцэнд орж суралцаж үндэсний бөх, чөлөөт бөхөөр овоо дөртэй болж иртэл багш нь хот руу шилжиж нөгөө секц нь хаагджээ.

5. Хэрэв энэ секц хичээллэж байсан бол арай эрт бөхийн амжилт гаргах байсан болов уу гэж тэрээр хожим нь дурссан бий. Тэгээд аав нь улсын заан Д.Цэнд-Аюушаар зуучлуулж, Ж.Мөнхбат аваргын үүсгэн байгуулсан Их шавийн дээд сургуульд оруулж улсын харцага Г.Элбэг багшийн шав болгосноор бөх болох замнал нь эхэлжээ. Тэр үеэс сургуулийнхаа заал, танхимын барилдаанд барилдах болсон байна.

6. Г.Эрхэмбаяр анх удаа 2001 оны улсын баяр наадамд барилдаж гурав давж улсын начин Д.Бумбаярт унажээ. Наадмын дараа Хөвсгөл аймгийн 70 жилийн ойн баяр наадамд өөрийн багш улсын харцага Г.Элбэгтэй хамт очиж барилдан зургаа давж аймгийн өсөх идэр чимэгтэй начин цол авчээ. 2002 оны улсын баяр наадамд нэг давж улсын начин Ч.Даваадоржид унажээ.

7. 2003 оны улсын баяр наадмын өмнөхөн болсон Дархан-Уул аймгийн баяр наадамд зодоглож 128 бөхөөс найм давж түрүүлж аймгийн арслан цолыг авч, зургаан хоногийн дараа буюу 2003 оны улсын баяр наадамд шинэхэн аймгийн арслан цолтой барилдаж хоёрын даваанд Хэнтий аймгийн арслан Н.Баатархүүг, гурвын даваанд улсын начин М.Жамъянпүрэвийг, дөрвийн даваанд улсын заан Ц.Баярсайханыг, тавын даваанд дархан аварга Ж.Мөнхбатыг давж улсын начин цолыг 25 насандаа авчээ.

  • 2004 оны улсын баяр наадамд гурав давж, дөрвийн даваанд улсын начин Д.Азжаргалтай тунаж унажээ.
  • 2005 оны улсын баяр наадамд гурав давж, улсын начин Д.Ганхуягт амлуулж унажээ.
  • 2006 оны улсын баяр наадамд тав давж өсөх идэр чимэг.
  • 2007 оны улсын баяр наадамд гурав давж, улсын начин Д.Лхагвадоржтой оноолтоор таарч унажээ.
  • 2008 оны улсын баяр наадамд гурав давж, аймгийн арслан Б.Соронзонболдыг амлан авч унажээ.
  • 2009 оны улсын баяр наадамд хоёр давж, улсын начин Ж.Отгонбаярыг амлан авч унажээ.
  • 2010 оны улсын баяр наадамд дөрөв давж, улсын начин С.Мөнхбатыг амлан авч унажээ.
  • 2011 оны улсын баяр наадамд ес давж үзүүрлэж 33 насандаа Монгол Улсын арслан цолыг авчээ.
  • 2012 оны улсын баяр наадамд долоо давж саруул сайжрах чимэг.
  • 2013 оны улсын баяр наадамд ес давж түрүүлж Монгол Улсын аварга цолыг 35 насандаа хүртсэн.
  • 2016 онд улсын баяр наадамд 8 даван дөрөвт үлджээ.
  • 2017 онд улсын баяр наадамд 6 даван шөвгөрсөн.

8. Үүнээс гадна 2005 онд Төв аймгийн баяр наадамд барилдан Ховд аймгийн харьяат, залуу бөх Даваагийн Батсайханд, улсын начин И.Ёндонсамбуугийн хамт цувран унаж өгч үзүүрлэж байв. Монгол бөх Гиннесийн номд бүртгүүлэхэд зориулсан хүчит 6016 бөхийн барилдаанд 11 давж сүүлчийн гурван бөхөд үлдэж байв. Сар шинийн барилдаанд 2013 онд түрүүлсэн.

9. Г.Эрхэмбаяр аварга жиу-жицу бөхөөр хичээллэж 2013 оны аравдугаар сард АНУ-ын Лонг-Бич хотноо зохиогдсон жиу-жицу бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сениор ангиллын хөх бүсний 100 кг-д түрүүлж алтан медаль авчээ.

10. Г.Эрхэмбаяр аварга баруун талтай, баруун гараараа сугадангуут тонгорох, бусгаж зайлах, эсрэг бөхөө хутгах хавирах, эсвэл шуудагдан татаж өргөөд тавихдаа хааш нь л бол хааш нь мушгиад хаядаг. Мөн чөлөөт барилдаанаар спортын мастер цолтой бөх юм. Гол онцлог нь гэвэл аархуу зангүй их л даруухан төлөв зантай шударга сайхан барилддаг, үзэгчээ хүндэтгэж, элдэв ааш гаргадаггүй, монгол бөхийн дэг жаягийг чанд сахиж явдаг бөх сонирхогч олон түмний хайрыг татсан бөхийн нэг юм.

11. Г.Эрхэмбаяр аварга Их шавийн дээд сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр, цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэжээ.

12. Г.Эрхэмбаяр аварга бол Сэлэнгэ нутгаас төрж гарч буй хоёр дахь аварга бөх юм. Үүнээс өмнө 1818, 1825 оны даншиг долоон хошуу наадам, 1825 оны арван засгийн наадамд тус тус түрүүлж байсан тухайн үеийн Тулгат цолтой Гэндэнгийн Чойдориг аварга гэж бөх одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын суугуул бөх байсан юм.

13. Арслан болчихоод нэг л дасч өгөхгүй начинаа гэхээр “айн” гэж эргэж харчихаад арслан гэж дуудахаар эргэж хардаггүй байсан аж. Бараг жил дуудуулж байж арслан цолондоо дассан гэдэг шүү.

14. Угтаа Г.Эрхэмбаяр аваргын гарал угсаа Завхан гэдэг. Аав, ээж нь хоёулаа Завханых ч хүүгээ төрж, өссөн нутгаараа овоглоороо гэсэн тул тэрбээр Сэлэнгээр овоглодог.

15. Г.Эрхэмбаяр улсын цол автлаа эхнэр авахгүй гэж байсан ч ханьдаа дурлаж улсын цолтой болохоосоо өмнө хуримаа хийж байсан юм.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!