Спорт

Шинэ начингуудын хэн нь цолоо ахиулах вэ?

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан ярих зүйл ихтэй, сонирхолтой сайхан болж 7 улсын начин цолтон төрч түмэн олноо баясгасан билээ.

Шинэ начингуудын хэн нь энэ жилийн улсын их баяр наадмаар цолоо ахиулах вэ?

Төрмөнхийн Дүгэрдорж

Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Монгол Улсын начин Төрмөнхийн Дүгэрдорж нь 2016 онд Дорноговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн “Аймгийн начин” цол, 2018 онд Бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн “Цэргийн харцага” цол хүртэж байлаа.

Харин 2019 онд Бүх цэргийн баяр наадамд улсын начин Б.Цэдэнсодномоор найм даван түрүүлж “Цэргийн арслан” цол, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд 27 насандаа улсын заан Н.Жаргалбаяраар дөрөв, тавын даваанд Завхан нутгийнхаа улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж “Монгол улсын начин” цолыг хүртсэн. Тэрбээр үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг.

Түүний ах улсын харцага Төрмөнхийн Бэгзсүрэн бөгөөд ах дүү анх 2014 онд Завхан аймгийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд үзүүр түрүүнд үлдэж байлаа.

Доржхандын Хүдэрбулга

Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Монгол Улсын начин Доржхандын Хүдэрбулга нь анх 2011 онд Төв аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн “Аймгийн начин” цол, 2012 онд Төв аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн “Аймгийн харцага” цол, 2014 онд Төв аймгийн баяр наадамд аймгийн арслан Г.Ганжадаар найм даван түрүүлж “Аймгийн арслан” цол тус тус хүртэж байлаа.

Тэрбээр үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр хичээллэж 2016 оны Рио де Жанейрогийн зуны XXXI олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан юм. Өдгөө 29 настай түүний хувьд Ази тивийн чөлөөт бөхийн -97 килограммын жинд шилдгүүдийн нэгт тооцогддог бөгөөд 2013 оны Шинэ Делид зохион байгуулагдсан Азийн АШТ-ий хүрэл медаль, 2014 оны Астанагийн Азийн АШТ-нд алтан медаль, 2014 оны Иньчонийн Азийн наадамд -97 кг жиндээ хүрэл медаль хүртэж байжээ. Д.Хүдэрбулаг Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд дөрвийн даваанд улсын начин Э.Дашаар, тавын даваанд Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнхөөр тав давж “Монгол улсын начин” цолыг хүртсэн.

Шархүүгийн Пүрэвгарьд

Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Шархүүгийн Пүрэвгарьд нь анх 2013 онд 21 насандаа Завхан аймгийн баяр наадамд улсын начин Б.Бадамсүрэнгээр найм даван түрүүлж “Аймгийн арслан” цол хүртэж олны анхаарлыг татаж байлаа.

Ийнхүү аймгийн арслан цол хүртсэнийхээ дараа 2014 онд “Аймаг цэргийн цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан” Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдахад тухайн үедээ аймгийн арслан цолтой зодоглож байсан О.Хангайг даван түрүүлж байжээ. Жил жилийн улсын их баяр наадамд улсын цолонд хүрэх бөхчүүдийн тоонд явдаг байсан тэрбээ ийнхүү 28 насандаа Монгол Улсын начин цолны болзлыг улсын начин Л.Лха-Очироор тав даван биелүүлсэн билээ.

Хутагийн Цогтгэрэл

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Хутагийн Цогтгэрэл нь 2013 онд Булган аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн “Аймгийн начин”, 2017 онд Булган аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Түмэндэмбэрэлээр найм даван түрүүлж “Аймгийн арслан” цол хүртэж байлаа.

2019 онд зохион байгуулагдсан Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат “Дүүгүүр” хэмээх улсын начин Дандарын Гомбосүрэнгийн нэрэмжит аймгийн цолтой бөхчүүдийн барилдааны наймын даваанд аймгийн хурц арслан С.Очирбатыг давхар ачих мэхээр давж түрүүлсэн юм. Аймгийн арслан цол хүртсэнээсээ гурван жилийн дараа Ардын хувьсгалын 99 жилийн ойн дээр , улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж Монгол улсын начин хэмээх эрхэм цолны эзэн болсон билээ.

Та бүхэн түүнийг Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн нөхөр гэдгээр нь мэдэх биз.

Цэдэндоржийн Мөнхбаяр

Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Цэдэндоржийн Мөнхбаяр 2013 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн аймгийн начин цол, 2014 болон 2015 онуудад Увс аймгийн баяр наадамд аймгийн харцага болон аймгийн арслан цолнуудад дараалан хүрч улсын цолонд ойрхон гэдгээ харуулж байлаа.

Тэрбээр 2014 онд Увс аймгийн оюутны холбооноос санаачлан зохион байгуулсан “Увс аймгийн харьяат оюутнуудын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан”-д аймгийн начин цолтой зодоглож зургаагийн даваанд тухайн үедээ аймгийн арслан цолтой байсан улсын заан Н.Жаргалбаярыг даван түрүүлж байжээ. Өдгөө 28 настай түүний хувьд ийнхүү Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд улсын харцага Т.Баасанхүүгээр дөрөв, түрүүлэх бөхийн тоонд явж байсан улсын арслан Ц.Содномдоржоор тав давж Монгол Улсын начин цолыг хүртсэн билээ.

Нурланы Мустафа

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх Нурланы Мустафа 2019 оны Ардын хувьсгалын 98 жилийн ойн улсын их баяр наадмын тавын даваанд тухайн жилийн түрүү бөх Э.Оюунболдод өвдөг шороодон Монгол Улсын начин цолыг атгаад алдаж байлаа.

Өдгөө 28 настай түүний хувьд анх 2012 онд Баян-Өлгий аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн “Аймгийн начин”, 2014 болон 2015 онуудад нутгийн баяр наадамд дараалан үзүүр түрүүнд үлдэж аймгийн заан, арслан цолны болзол хангаж байсан юм. Н.Мустафаг бөх сонирхогчид олон жил улсын цолонд хүрнэ хэмээн итгэж байсан бөгөөд тэрбээр 2018 онд зохион байгуулагдсан Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, улсын начин С.Дангаасүрэнгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд болон Наурызын баярт зориулсан барилдаанд дараалан түрүүлж өлгий нутгийн дараагийн хүчтэн гэдгээ харуулж байсан.

Харин өнгөрсөн жил санасандаа хүрч Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд дээшээ үзэх таамагт явж байсан улсын харцага Н.Золбоогоор дөрөв, улсын өсөх идэр начин Э.Энхбатаар тав давж “Монгол улсын начин” цолыг хүртсэн билээ.

Баян-Өлгий аймгаас хамгийн сүлд Б.Серик 2017 онд Монгол Улсын начин цолны болзол хангаад зогсохгүй хамгийн залуу начинд олгодог хурдан удмын дааганы эзэн болж байлаа.

Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ

Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ энэ жил Монгол Улсын начин цолны болзол хангасан хамгийн залуу бөхөөр 25 насандаа тодорч хурдан удмын даага хөтөлсөн. Тэрбээр анх 2016 онд Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн “Аймгийн начин”, 2019 онд Орхон аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Уртбаяраар найм даван түрүүлж “Аймгийн арслан” цол тус тус хүртсэн.

Мөн 2019 онд зохион байгуулагдсан Чингэлтэй хайрханы тахилга наадамд улсын начин Ш.Дарханбатыг давж түрүүлж байлаа. Арын сайхан хангай нутгийнхаа хүчит бөхчүүдийн залгамж болон гарч ирж буй тэрбээр энэ жилийн улсын их баяр наадмаар улсын харцага Н.Батзаяагаар дөрөв, улсын аварга С.Мөнхбатаар тав даван тун үнэ цэнэтэй Монгол Улсын начин цолны эзэн болсон билээ.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!