Спорт

Од нь гийсэн Оргодол арслан

1955 оны наадамд хөтөлгөө морьтой давхин ирж 256 бөхөөс түрүүлж шууд улсын арслан цол хүртсэн бөх С.Оргодол билээ.

Тэрбээр идэр залуудаа эмнэг хангал адуутай ноцолдож ид хаваа гайхуулан үрээ, шүдлэн адуу нүдэнд жигтэй жижигхэн харагдаад байх шиг санагдаад, харин бүдүүн морьд азарган үрээний ааг чадлыг үзмээр санагдан хорхой нь асаад байдаг болж гэнэ. Үүндээ эрэмшин Дундговь аймгийн наадамд түрүүлнэ хэмээн түхэлзэж очоод үзүүрт хүрсэн боловч Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Шарын Доржтовууд өвдөг шороодож, байны даага ногтлоно гэж баахан сагсуурч ногт ганзагалж очсондоо ихэд ичин, монгол бөхийн ёс жудаг, сануулга гэдгийг тэндээс ухаарсан гэдэг.

Түүний хойтон жил буюу 1955 оны төрийн наадамд барилдах гэж сумынхаа дарга Дашням гуайгаас чөлөө гуйжээ.

-Улсын наадамд тав давж начин цол хүртэхгүй бол бараг хэрэггүй дээ. Одоо ид уртын ноос, өвс хадлангийн цаг шүү дээ гээд дурамжхан чөлөө өгсөн гэнэ. Учир нь Оргодол багийн даргын алба хашдаг төрийн албан хаагч байжээ. Ингээд нэг голын Жамбалдоржтой цуг хөтөлгөө морьтой нийслэлд ирж, эхний өдрийн оройхон ганц давсан байна. Энэ наадмын онцлог нь монгол үндэсний бөхийн олон жилийн уламжлалыг орхигдуулан, “шинэчлэх” нэрийдлээр цолны зэрэг дэв үл харгалзан гурвын даваанаас эхлэн сугалаагаар барилдуулж Европ хэв маягт ойртуулах гэсэн бусармаг оролдлого хийсэн байв. Сугалаа гэдэг аз, эз хоёрыг аль алийг нь дагуулдаг хэцүү эд л дээ. Тавын даваанд идэрхэн гялалзаж явсан хүчит аварга Шаравын Батсуурь гуайг сугалчихав.

-Миний начин болох талаар боллоо. Сумын дарга Дашням гуайн нүүрийг яаж харна гэж үеийн нөхөр Жамбалдорждоо халаглан хэлэв. Батсуурь аваргын хүчтэй дугтралтад тэвдэн тэнд энд тэвдүүхэн үсэрч буух залуу бөх Оргодолын хурц хараанд аварга хөлөө цөмлөн гишгэх нь өртөх тэр л торгон агшинд өрөөсөн гуяыг нь тэвэрч өргөөд цацчихжээ. Батсуурь гуай бол хэр баргийн хүн цацчихаар шавилхан бөх биш гэдгийг хэн ч мэдэх хойно доо.

Ингээд л Оргодол хүү сумын даргынхаа өмнө хэлэх үгтэй улсын начин цол хүртэх боломжтой болоод дотор нь онгойж, наймын давааны бэлгэшээл бодож найман ширхэг хуушуур авч иджээ. Тэгээд зургаагийн даваанд У.Мижиддоржийг, долоогийн даваанд Г.Цоодол арсланг, наймд цэргийн залуу бөх Б.Бадамыг орхин түрүүлж шууд улсын арслан цол хүртжээ. Улсын наадмын түрүү бөхийн бай шагналаа аваад буцаж явтал их Түвдэн аварга майхны үүдэндээ угтаад зогсчихсон нилээд шаралхсан байдалтай

-Бай мөрийгөөр чинь дэнчин тавиад барилдчих уу гэж шинэхэн арсланд санал тавихад

-Үгүй, төрийн хишгийг нутаг усандаа аваачина гэж Оргодол арслан хэзээ язааны бөх хүн шиг цовоо гэгч хариулжээ.

Оргодол гэдэг бөх улсын наадамд түрүүлсэн гэж Баянбараат, Өнжүүлийнхэн сонссон боловч нутгийнхаа багийн даргыг түрүүлнэ гэж санаагүй гэдэг.

-Улсад, шоронд хоригдож байгаад гарсан хоригдол, оргодол түрүүлсэн гэнээ. Жаахан тэнхрээд ирвэл улсын томчуудыг ойрын хэдэн жилдээ тэсгээхгүй юм байх гэж шуугилдсан гэдэг. Хойтон жил нь 1956 оны наадамд Оргодол арсланг зодоглоход наадамчид хоёр хуваагдсан яриатай байжээ. Нэг хэсэг нь сугалааны бөх азаар түрүүлсэн гэж хэлэлцэх нэгэн байхад нөгөөдүүл нь битүү гарч ирсэн ясны бөх гэж талцаж байхыг Оргодол арслан муу салхиар сонсчээ.

Тэрээр, энэ наадмын даваанд дөрөвт Мөнгөнморьтын А.Нагнайдоржийг, тавд тусгай хорооны Ч.Бээжинг, зургаад Архангай аймгийн харьяат, улсын начин Лхүмбийн Маналжавыг хаяж шөвгийн наймд тэр жилийн түрүү бөх Дарийн Дамдин аваргад өвдөг шороодсон байна.

-Үгүй, тэр Дамдинг би ерөөсөө аргалж чадаагүй. Уулын уруу өнхөрч байгаа бодон гахай шиг цагаан манан татуулаад ороод ирсэн гээд Оргодол гуай толгой сэгсэрч байв.

1957 онд зургаа давж, долоогийн даваанд Ц.Бадамсэрээжид арслантай тунаж барилдаж гүйж оронгуут толгой дээрээ гарган явуут дундуу хаях гэтэл дагуулж ачих мэхэнд нь унаж өсөх нэмэх чимэг авчээ.

С.Оргодол арслан 1958 оны хавар морь уургалж байгаад морьтойгоо унаад дөрөөндөө чиргүүлжээ. Харин хоёр гараараа мориныхоо хойд хоёр хөлийг хонгоор нь тэврэхэд морь нь хөдөлж чадахгүй зогсчээ. Тэр үед нь ойр хавьд байсан хүмүүс учраа олохгүй үймэлдэн байхад арслан “Миний хоёр хөлийг дөрөөнөөс салга. Би морио хөдөлгөхгүй байж байя” гэжээ. Тэгээд хөлөө дөрөөнөөс салангуут босч ирээд мориныхоо хойд хөлийг хажуу тийш нь шидэн зайлахад морь нэлээд зайтай нохой мэт цогнойж байсан гэдэг. Ингэж хөлдөө хүнд гэмтэл авсан нь цаашид барилдахад нь муугаар нөлөөлжээ. Тэрээр 1959 онд Монголын залуучууд, оюутны анхдугаар наадам, улсын баяр наадамтай зэрэгцэн болоход дөрөв давж Архангай аймгийн Хотонт сумын харьяат, залуу бөх Чойдонгийн Адьяаг тавын даваанд авч өвдөг шорооджээ.

Мөн 1971 онд улс хувьсгалын 50 жилийн ойн баяр наадамд урилгаар ирж барилдан хоёр давж, гурвын даваанд “Буржгар” хэмээх Санжаад унаснаар арслангийн барилдаан өндөрлөжээ. 1955 онд спортын төрөл бүрийн зэрэгтэй тамирчдыг төрүүлэх зорилгоор БНМАУ-ын спортын нэгдсэн ангиллыг батлан мөрдөж ажиллуулахад С.Оргодол арслан Монгол Улсын хүндийн өргөлтийн анхны тамирчдын нэг байсан бөгөөд 1955 онд Хятад, Монголын тамирчдын уулзалт тэмцээний үеэр 189 кг-ын туйван өргөж нэгдүгээр байр эзэлж байсан хүч, авяас бүрдсэн тамирчин байлаа. Мөн хүндийн өргөлтийн тэмцээнд хотод ирээд үйлдвэр комбинатын улаан буланд болсон нэгэн барилдаанд дархан аварга Б.Түвдэндоржтой үлдэж түрүүлж байжээ.

С.Оргодол арслан бол Төв аймгаас төрсөн нэгэн үеийн хүчтэн бөгөөд тэрээр өндөр биш, өргөн зузаан цээжтэй, богино хүзүү, урт гартай, хүч тэнхээ ихтэй, барьцгүй гүйж, давхар хамах мэхийг гарамгай сайн эзэмшсэн бөх байлаа. С.Оргодол арслан сүүн цайлган сэтгэлтэй, даруу төлөв зантай, адуу мал, атар тал нутгаа гэсэн өгөөмөр сайхан эр Баянбараат, Зоргол хайрхан уулынхаа ар, өврөөр нутаглаж таван хүүхдийнхээ хамтаар аймаг, сумынхаа наадамд морь уяж айраг түрүү аван амьдарч байгаад 2002 онд насан өөд болжээ.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!