Спорт

Хоёр Мөнхийг айлгаж байсан ГАНЦ бөх

Даншиг наадмын нэрт арслан Дэдийн Жамцын охин, “Хороо” Чимэд гэж олонд нэрлэгддэг байсан Чимэд нарын дундаас 1945 онд төрсөн, Монгол Улсын өсөн, өрнөн дэлгэрэх начин Лундаа нь Булган аймгийн Бугат сумын уугуул юм. Арслан Жамцын охин, Лундаагийн ээж Хорол нь их том биетэй, бяр чадалтай эмэгтэй байсан бөгөөд төрсөн ах Ч.Батчулуун нь Булган аймгийн наадамд 1966 онд үзүүрлэж, 1972, 1976 онуудад аймгийн аварга бөхөөр шалгарч байсан аймгийн арслан цолтой бөх юм.

Ч.Лундаа сумынхаа бага, дунд сургуульд суралцаж ахуйдаа шаггүй сайн барилдаж, өсөх ирээдүйтэй, сайн бөх гэгдэх болсноор барахгүй нутгийн ардууд нь түүний хавирга хоорондоо зайгүй битүү юм гэнэ билээ гэцгээдэг байжээ. Ч.Лундаа 20 хүрээгүй настай байхдаа аймаг, сумын наадамд барилдаж эхэлсэн бөгөөд ийнхүү анх барилдаж эхлэхдээ л аймаг, сумын цолтнуудыг айлгадаг байжээ.

Манай чөлөөт бөхийн анхдагчдын нэг, олон түмнээ “жижиг” хэмээн алдаршсан Б.Санжааг Булган аймагт чөлөөт бөхийн дасгалжуулагчаар түр очоод байсан 1965 онд Ч.Лундаа цэргийн албанд явжээ. Тэр үед Б.Санжаа цэрэг татлагын комиссынхонтой ярьж Ч.Лундааг тусгай батальонд хуваарилуулсан ба өөрөө удалгүй хотод ирмэгцээ цэрэг Ч.Лундааг чөлөөт бөхийн хагас шигшээд 140 төгрөгийн цалинтайгаар авч “элдүүрийг” нь хангуулжээ.

Угийн бөхийн шинж төрх бүрдмэл, бөх удамтай, бөхийн авьяастай Ч.Лундаа тун ч удалгүй улсын шигшээ багийн тамирчин болсноор бие бялдрын хөгжилт, хүч тамирын өсөлт нь ганц хоёрхон жилийн дотор танигдашгүй болтлоо өөрчлөгдсөн байна. Ч.Лундаа цэрэгт ирээд улсын хагас шигшээ, шигшээ багт орсон эхний гурван жилээ дан чөлөөт бөхөөр хичээллэж байсан тул үндэсний бөхөөр төдийлөн ноцолдоогүй байна.

Энэ хооронд Ч.Лундаа чөлөөт бөхөөр 90 кг-д барилдан улсын аварга болж байснаас гадна олон улсын хэд хэдэн тэмцээнээс медаль хүртэж спортын мастер болж чаджээ.

Ч.Лундаа 1968 онд 23 настай анх удаа улсын наадмын зүлэг ногоон дэвжээн дээр гарч улсын сайчуудтай хүчийг үэээд торолгүй гурав давсан боловч дөрөвт улсын арслан Ж.Хайдав улсын начин цолтой байхдаа амалж аваад өвдөг шороодуулсан байдаг. Харин 1969 онд тэр тун ч амжилттай барилдаж шууд 6 даван өсөх идэр чимэгтэй улсын начин цол хүртсэн байдаг.

Тэрээр энэ наадмын гуравт Төв аймгийн харъяат Энх-Амгаланг, дөрөвт улсын начин Ц.Лхамааг, тавд улсын начин Т.Артагтай тунан барилдаж даваад улсын начны болзол хангаад зургаад улсын аварга Ч.Бээжинг улсын арслан цолтой байхад нь амлагдан барилдахдаа уран хурц барилдаантай арсланг хүч бяраар илүүрхэн давж улсын заан цолонд тулж очсон аж. Гэвч долоогийн даваанд тухайн үед ид  залуу, даанч тасархай байсан дархан аварга Ж.Мөнхбатад тахим буулгасан юм.

Харин 1971 онд 2 даваад гуравт у.н Д.Баатаржавт ойчсон бол 1972 онд дөрвийн даваанд шинээр цойлон гарч ирж байсан залуу бөх Д.Цэрэнтогтохыг амлан авч барилдаад    евдөг шороодсон билээ. Энэ наадмаар Д.Цэрэнтогтох шууд 6 давж ирээдүйтэй бөх болохоо харуулсан түүхтэй. Улсын начин Ч.Лундаа 1973 оны баяр наадмаар тавын даваанд манлай харцага Ч.Өвгөнхүүг, зургаад агуу хүчит Д.Хадбаатар аваргыг начин цолтой байхад нь улсад 2 дахь удаагаа 6 давж шилдэг сайн бөх болохоо харуулаад долоод улсын арслан П.Дагвасүрэнд унасан байна.

Харин 1974 онд 3 даваад дөрөвт эдүгээгийн улсын заан Д.Цэнд-Аюушийг амлан авч барилджээ. Тэр тухай Д.Цэнд-Аюуш заан дурсахдаа: 1973 онд намайг цэргээс халагдахын өмнөхөн манай дарга, аймгийн арслан Сандагбазар “Алдар нийгэмлэг”-т тамирчнаар аваачиж өгөхдөө дарга, хурандаа Дашийн өрөөнд дагуулж ороод тэнд сууж байсан эрлийз бух шиг сайхан хүнд хандаж “Чиний хандыг хага дарах хүү авч ирлээ” гэхэд нь би нүүр хийх газаргүй болтлоо санаа зовж билээ.

Гэтэл манай дарга өнөөх мундаг бөх /Ч.Лундаа начин байсан/ хоёр нэг нутгийн найзууд байсан учир дээрх яриа найз нөхдийн тоглоом шоглоом байсныг би хожим ойлгож билээ. Гэтэл 1974 оны / энэ яриа болсны дараа жилийн наадам/ наадмын дөрвийн даваанд мөнөөх Ч.Лундаа начин намайг амлан- авч билээ. Тэгээд талбайд гараад барилцаад автал Сандагбазар даргын “чиний хандыг хага дарах хүү” гэж хэлсэн нь санаанд ороод “нээрээ үүний хандыг хага дарчихъя” гэсэн бодол толгойд харвасан тул тэр их хүчтэй начинтай яс үзсээр байж давж билээ гэсэн байдаг.

Лундаа начин 1975 онд дөрөв даваад тавд улсын начин Г.Батсүхэд унасан нь түүний зүлэг ногоон дэвжээн дээр ид хаваа гайхуулан барилдаж байсан үеийнх нь төгсгөл болсон байна. Энэ цагаас эхлэн ид сайхан 30 насандаа бор дарсанд орж, болох болохгүй хүмүүстэй нөхөрлөж, угийн хэнэггүй зандаа илүү хөтлөгдөх болсноор бөхөөсөө илт хөндийрч, өөрийнхөө хүрч болох байсан оргил амжилтандаа хүрэлгүй ногоон дэвжээгээ орхисон харамсалтай хувь заяаг сонгожээ.

Ч.Лундаа Булган аймгийнхаа наадамд 1984 1986 онуудад түрүүлж, 1983 онд үзүүрлэсэн байдаг. Харцага Ч.Өвгөнхүү 1996 онд арал бяртай, аатайхан начин асан Ч.Лундааг дурсахдаа: “Лундаа бид нар нэгэн үед барилдаж явлаа. Гэхдээ надаас нэлээд олон дүү. Сайхан бөх дэвжээнээсээ эрт явсанд харамсаж явдаг юм. Сайхан бие цогцсыг олж төрөх нэг хэрэг. Тэр сайхан хүнд хань болох хүн, харж хамгаалах нутаг орон нь дутуу анхаарснаар их бяр нь “илүүдчихсэн” юм.

Гэм зэмгүй ханхар сайхан эр атлаа хааяа бэлтгэлээ тасалчихаараа хүүхэд шиг гэмшиж явдаг зангий нь ойлгоогүй удирдлагууд эр бяр, арга ухаан нь ид жагссан үед нь “Алдар” нийгэмлэгээс гаргачихсан. Хадааг начин байхад нь хамж дайраад унагаж байсан агуу хүчтэй бөх шүү дээ. Тэр хөл гартаа мэхтэй, бяртай, зоримог сайхан барилддаг хүн байсан” гэж ярьсан байдаг.

Асар их бяртай, аатай, тун ч хэнэггүй зантай Ч.Лундаа начны талаар домог мэт олон зүйл яригддагаас заримыг нь дурдвал:

Газ -51 машинаа шаварт суулгасан жолооч ойрхон харагдсан хот айлд очиж учир байдпаа ярихад нэгэн өвгөн хүн “Хүүхээ, чиний яриад байгаа тэр трактор ч манай энд ховор доо” гээд айраг ууж суусан өндөр ханхар эрийг зааж “Энэ хүн л чамд тусалж магадгүй” гэжээ. Тэгээд залуу жолооч ‘Энэ том ах ч лав МАЗ, КАМАЗ-ын жолооч байх, миний муу машиныг ч дор нь ховх татаад гаргах байх” гэж бодоод царайчлангуй хараад “Ахаа танд тросс бий юу” гэж асуухад нөгөө хүн адууных шиг том цагаан шүдээ яралзуулан инээснээ “Наад хүнд чинь байгаа байх даа” гээд гэрийн эзэн өвгөн рүү заахад өвгөн мөн л инээж “За хүү минь, машин руугаа очиж бай. Араас чинь очих биз” гэжээ.

Жолооч хүү гараад машиндаа хүрч иртэл өнөөх том хүн өндөр хээр морин дээрээ урт богино хоёр бүдүүн шургааг сугавчилчихсан шогшиж ирээд, машинд том том чулуу ивж байгаад ёстой л ховх    хөшүүрэгдэж гаргачихаад давхиад явчихжээ. Баярласандаа нэрийг нь ч асуух сөхөөгүй хоцорсон жолооч “Энэ том хүн чинь өнөөх Булганы тэмээ өргөдөг үү?” гэж аргал түүж явсан хоёр бүсгүйгээс асуувал “Бишээ биш. Булганы машин өргөдөг нь” гэж алмайрсан жолоочийг цаашлуулсан гэдэг. Энэ хүн бол тэмээ өргөдөг биш тэрэг өргөх тэнхээтэй Ч.Лундаа начин байжээ.

Урд эгнээнд баруунаас улсын арслан П.Дагвасүрэн, улсын начин Ч.Лундаа, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва, дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир нар, арын эгнээнд баруунаас олон улсын хэмжээний мастер Б.Намжим, олон улсын хэмжээний мастер С.Сүрэнжав, олон улсын хэмжээний мастер Д.Ганбат, Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Нацагдорж, Монгол Улсын гавьяат тамирчинТ.Артаг нар

Улсын нэрт засуул Булган аймгийн Бугат сумын харъяат Д.Пүрэвсүрэн гуай: “Бөхчүүд байгалиас заяасан бие, бяр тэнхээ ер нь төрснөөрөө барилддаг улс. Тухайлбал манай Ч.Лундаа байна. Гарцаагүй түрүүлэх л хүн байсан. Түүнд даруулга хэрэгтэй байсан юм” гэсэн байдаг бол аварга Х.Баянмөнх “Ж.Мөнхбат аварга та хоёрыг тухайн үед дийлэх хүн байсан уу” гэсэн сурвалжпагчийн асуултанд “Булганы Ч.Лундаа гэж улсын начин байсан юм.

Бяр гэж олиггүй их. Бэлтгэл дасгалаа сайн хийгээд биеэ зөв авч явсан бол бид хоёрыг барах л байсан” гэж хариулсан байдаг. Мөн улсын начин “дүүгүүр” хэмээх Д.Гомбосүрэн “Ч.Лундаа бол эгнэшгүй хүчтэн, хоёр Мөнхийг айлгаж байсан ганц хүн гэхээр бөх. Биеэ зөв авч явах учир дутагдалтайгаас бэлтгэлгүй барилдаж зүрх зоригоо мохоосон тал бий.

Өнөөдрийг хүртэл түүнтэй зүйрлэх начин цолтой хүн гарч ирэхгүй л байна Тэр дэндүү тасархай хүн байсан даа” гэж дурссан байдаг. Энэ бүхнээс үзэхэд Ч.Лундаа хэмээх иэгэн сайхан бөх гаргах амжилт хүрэх цолондоо хүрч чадалгүй дэндүү хэнэггүй зан, дэмжлэг авч чадаагүй харамсал, бор дарсанд орсон алдаа, болох болохгүйтэй нөхөрлөсөн дутагдалаасаа болоод аавын хаалгыг хүртэл татаж, алдаж эндэж явсаар, алаг хорвоог орхисон нь тун ч харамсмаар. Ч.Лундаа начин бие арал сайхантай, шанаа туушин маш томтой, сайн бөхийн олон шинж бүрдмэл, асар их бяр тэнхээтэй, зүүн хөл авч дэрлэх, даацтай сайхан ачих үндсэн мэхтэй, тун ч гоё бөх байжээ.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!