Спорт

Аваргын дайтай 10 арслан

Арслан цол хүртсэн бөхчүүдийн 10-д нь алдарт аварга цолтнуудын эгнээнд багтахуйц амжилт, боломж тохиосон ч харамсалтай нь учраануудаа дийлэлгүй өвдөг шороодсон байдаг. Аварга хэмээх алдар цолоос шүүрэн алдсан аваргын дайтай хүчтэнүүдийг танилцуулъя.

1. “Цэргийн” гэгдсэн тодотголтой С.Шагж арслан

Шагж аваргын хүү Даваасамбуу

Тэрээр 1927, 1929 оны улсын их баяр наадамд үзүүрлэж, улмаар 1930 онд түрүүлж байжээ. Тэрээр 1928 оны наадмаар долоо давж дөрөвт үлдэн заан цол, 1929 онд ес давж хоёр дахиа үзүүрлэн арслан цолыг хүртсэн байх аж. Тиймээс 1930 онд түрүүлэхэд нь аварга цол хүртээж болох байлаа. Хэрэв тэрээр энэ цолд хүрсэн бол Завхан аймгаас анхны аварга төрөх байжээ.

2. “Урт гарт” хэмээх М.Лхагва арслан

Тэрбээр 1931 оны наадмаар заан цолтойдоо ес давж үзүүрлэж байв. 1933 онд түрүүлж арслан цолд хүрчээ. 1939 оны наадмаар аанай үзүүрлэсэн байдаг. Ийнхүү Завхан нутгаас хоёр дахь аварга төрөх байсан нь талаар болсон ажээ.

3. Л.Чимэд арслан

1934 онд үзүүр, түрүүнд үлдэж Дэлэг арсланд унаж үзүүрлэжээ. 1935 онд түрүүлж арслан цолд хүрчээ. 1936 онд дахин түрүү булаалдаж, Балсан арсланд өвдөг шорооджээ. Түрүүлсэн бол Төв аймгаас анхны аварга төрөх байжээ.

4. Д.Лувсанжамц арслан

Мань хүн 1937 онд үзүүрлэж, зургаан жилийн дараа буюу 1943 онд түрүүлжээ. Ингэж арслан цолд сая хүрсэн байна.

5. Ц.Бадамсэрээжид арслан

Тэрээр 1954, 1959 онд тус тус үзүүр, түрүү булаалдан Б.Түвдэндорж, Д.Дамдин аварга нарын ид үед дарагдсан юм. Тэрбээр түрүүлсэн бол Хөвсгөлөөс бас нэг аварга төрөх байлаа.

6. Ж.Чойжилсүрэн арслан

1962 оны улсын наадамд түрүүлсэн Улсын арслан Д.Жамц, үзүүрлэсэн улсын арслан Ж.Чойжилсүрэн

Тэрээр 1958, 1962 онд үзүүр, түрүү булаалдан Д.Дамдин аварга, Д.Жамц арсланд тус тус өвдөглөж түрүүлэх боломжоо алдаж байв. Ялангуяа Д.Жамц арслантай тун хариуцлагагүй барилдсан гэдэг. Тэр жил бөх сонирхогч олон түүнд их итгэл өгч, түрүүлнэ хэмээн найдлага тавьж байсан аж.

7. У.Мижиддорж арслан

Тэрбээр 1963 онд Ж.Мөнхбат аварга(тэр үед заан цолтой байж)-тай үзүүр, түрүүнд үлдэж, өвдөг шороодсон гэдэг.

8. П.Дагвасүрэн арслан

Тэрээр 1973, 1976, 1977 онд гурвантаа үзүүр, түрүүнд хүрч Х.Баянмөнх аваргад хоёр, Д.Хадбаатар аваргад нэг удаа яалт ч үгүй өвдөг шороодож байжээ.

9. М.Мөнгөн арслан

Тэрбээр 1982, 1984 онд Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох аваргад тус тус өвдөг шороодон, Увс аймгаас төрөх магадлалтай асан гурав дахь аварга ийн талаар болжээ.

10. Д.Мөнх-Эрдэнэ арслан

Тэрээр хамгийн олон удаа түрүү булаалдсан хамгийн азгүй арсланд тооцогдоно. Ингэхдээ цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэтэй таван удаа түрүү булаалдаж ганцад нь ч болов өвдөглүүлж чадаагүй билээ.
Эдгээр арван хүчтэн амжилтаа ахиулах гэж бие биетэйгээ арсалдсан их аваргуудын замд тааралдан, хөлд нь “үрэгдсэн” гэхэд хилсдэх юун. Нөгөө талаар бөх сайтай нутгаас сайн бөхчүүл төрдөг гэдэгчлэн аваргуудыг хурцалж, амжилт алдрын оргил өөд “дөрөөлүүлцсэн” гавьяатай бөхчүүд юм.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!