Спорт

Хадаа аваргын хөгтэй, хөгжилтэй явдлаас дурсахуй

Хадаа аварга багадаа их нойртой хүүхэд байж. “Хараагийн харзнаас ус бариад ир” гэж ээж нь явуулна. Тэр чигээрээ алга болчихно. Аргаа барсан эх нь араас нь нэхэж хүрэхүйд мөс, цасан дээр хэвтчихээд хээв нэг унтаж байдаг байжээ. “Гэдэс гүзээ нь гарчихсан л хэвтэж байдаг. Даарна гэж мэддэггүй хүүхэд байсан. Хадаагаас өөр хүүхэд мөсөн дээр унтах байтугай малгайгаа авах нь үгүй хүйтэнд шүү дээ” гэж Бужгар гуай хуучилсан байдаг юм.

Архи уухгүй гэж амласан нь

Хадаа Баруун хараад ирээд гадуур нөхөдтэйгээ гарч яваад халамцуухан иржээ. Эх нь “Чи дандаа л чих халамцуулж явдаг яасан хүн бэ?! Нэг бол архи уугаад эсвэл…” гэж загнажээ. Аварга толгойгоо илж сууснаа босож гарахад нь Бужгар гуай араас дагаж гараад цохих юм хайтал бүдүүвтэр иштэй хүрз таарсанд нуруун дундуур нь буулгажээ. Хүрзний иш хуга үсрээд явчхаж. Аварга юу ч болоогүй мэт эргэж харснаа “Ээжээ, би архи уухаа больё…” гэсэн гэдэг.

Аваргын унтсан ор

Хадаа аварга улсын заан цолтойдоо Сэлэнгэ аймагт барилдахаар очжээ. Барилдаан ч сайхан болж маргааш нь үргэлжилж дуусчээ. Тэр үед Сэлэнгэд ид барилдаж байсан аймгийн хурц арслан Жамъянсүрэн Хадааг гэртээ хонуулахаар хамтдаа харьжээ.

Тэр үед 200-гийн гэгдэх никел цагаан толгойтой ор ховор. Эднийх шинэ тийм ор аваад байж. Хадааг хүндлэн түүн дээрээ унтуулахаар ор засаж өгчээ. Өглөө нь сэрэх нь ээ Хадаа хөлийнхөө тавхайг орны хөлийн завсраар шургуулчихсан, орны пүрш нь шаланд наалдчихсан хурхирч хэвтжээ. Хадаа юу ч болоогүй юм шиг цай унд уучхаад гарч явж. Унтсан орны нь пүрш газраас хөндийрсөн ч ахиж хэн ч унтахааргүй болсон гэдэг.

Хадаагийн ёс

Хадаа аварга ёс журам их баримталдаг бөх байсан аж. Хариад ээждээ золгочхоод тэр хавийн таньдаг хөгшчүүлийнхээр орж золгох гэж бараг л гүйх шахам явна. Айлын хаалгаар эгцээрээ орж багтахгүй болохоор ихэнх тохиолдолд хажуугаараа хөндөлдөж орж гарна. Хөгшчүүлдээ золгоод олны жишиг тав арван бууз идэж гурван хундага тогтооно. Илүү ч уухгүй цагаан сараар хүчит аваргыг орж ирэхэд дэндүү их баярладаг байсан. Аав маань Хадааг хүлээгээд суучихдагсан гэж сэтгүүлч Ж.Лхагвасүрэн дурсдаг юм.

Ер бусын золголт

Хадаа аварга өөд болохынхоо урд жилд Баянхонгор аймагт уригдаж очоод аймгийн театрт нутгийн олонтой илэн далангүй ярьж хөөрч байснаа тайзан дээрээс гэнэт босож үзэгчдийн суудал руу ухасхийв. Үзэгчид болон зэргэлдээ суусан удирдлагууд ч гайхаж хоцорч.

Тэгэхдээ мань хүн хэцүү нэртэд 25 жил явсан, халхын шоронгийн тавын нэг Баянхонгорын гэгдэх “Шөрмөс” хэмээн алдаршсан Нямхүү гэгчтэй золгохоор боссон юм байж.

Тийнхүү тэр чигээрээ Нямхүүгийнд очиж тэнд байж байгаад буцсан гэдэг юм. Гүндүүгүй ч эр бол доо… Уг нь бол дарга нарын урилга заллагаар явсан мөртлөө тэр шүү дээ.

Ээждээ мах авч очсон нь

Хадаа аварга Яармагт “Тарваган” Бадарчийнхаа ээжийн гэрээр наадмын хоёр дахь өдрийн орой ёс юм шиг очиж хонодог байжээ. Тэгээд хоночхоод маргааш нь “Уяачдын баяр”-т зодоглохоор явдаг байж. Нэгэн удаа аварга, Бадарчийн гэр рүү хамт явж байгаад замаасаа ганц лонх юм авахаар дэлгүүр оржээ. Тэгсэн картын мах гараад эх захаа алдсан бөөн бужигнаан болж байна гэнэ. Тэдний дунд Бадарчийн нь ээж зогсож байж. Түүнийг харсан Хадаа “Ээж /Бадарчийн ээжийг ийн дууддаг байсан юм/ та гарч бай…” гэчхээд хүүхдээ тэвэрч буй юм шиг л Бадарчийгаа өргөн тэвэрчхээд дугаарлагчдын урдуур дайрчээ. Зарим нь мэл гайхаж, зарим нь инээд алдаж байхад худалдагч мөн л мэл гайхаж хоцрохдоо шалавхан аваргад махыг нь өгсөн гэдэг юм.

Ухаарлын хожуу он жилүүд

Хамгийн сүүлд Хадааг Мааньтын хорих ангид хоригдож ахуйд нь хөгжмийн зохиолч Ц.Буян-Орших хамт тэнд байжээ. Тэгэхэд аварга ёстой гэмшиж байгаагаа мэдэрсэн, өмнө өмнөхөөсөө илүү ухаарсан шинжтэй “Эндээс гараад хичээнэ ээ. Ард түмэн төр засгийнхаа итгэл найдварыг санаж улам сайн барилдана аа” хэмээн байн байн ярьж бүр сэтгэлийн угаас санаа алдаж байсан гэдэг. Мөн аваргыг хугацаанаас нь өмнө суллуулах талаар Төв аймгийнхан нь ихэд гүйцгээж байсан тухай тэрээр олонтаа ярьдаг байсан даа.

Хад ахынд зочлуулсан минь

Нэгэн удаа би аваргынд очлоо. Хөдөө яваад иржээ. Өвөл 12-р сард байсан. “Дүүдээ сайхан мах чанаж өгнө өө” гэж байна. Тэс хөлдүү хавсраад хөлдөөсөн хонины махыг хоёр тийш нь ёстой бяраар салгалаа. Бид нар бол яах бол лоом төмрөөр хөших байсан байх. Тэгээд тэр дороо л жижиглээд чанаж бэлэн болгож дайллаа. “Дүү өнөөдөр ажил үгүй амарч байна уу?” гэлээ. Би “Тийм ээ” гэсэн чинь “За тэгвэл хоёулаа амралтын өдрөөрөө жаахан алжаалаа тайлъя” гээд таван шил цагаан архи гаргаад ирлээ. Би балмагдаад “Хадаа ах аа яах юм бэ? гэсэн чинь “Зүгээр зүгээр” гээд аягалж билээ. Мөн ч хээгүй гүдэсхэн сайхан ёстой л хүний хайлган байлаа. Над шиг муу цэргийн начин бөхийг аварга цолтой бөх хүндлэхгүй тоохгүй байж болно шүү дээ.

Аваргын хадсан хашаа

Аварга ээжийнхээ ажилд туслах санаатай Баруунхараад очжээ. Ээж нь ч баярлаад сүйд. Бужгар гуай хүүдээ хашааны банзнууд муудчихаж түүнийг сэлбэ гэж алх хадаас өгч гаргажээ. Гадаа пид пад хийгээд л байж. Нэлээд удаж байснаа гарч ирвэл Хадаа хашааных нь хамаг банзыг хага цохичихсон зогсож байна гэнэ.”Чам шиг мангар хар юмаар ажил хийлгэснээс хийлгээгүй нь дээр байж. Чи надад ингэж тусална даа” гэхэд Хадаа “Би уг нь зөөлөн цохисон шүү дээ. Энэ банзнууд чинь хагарчхаад болдоггүй” хэмээн толгойгоо маажин зогсжээ.

Аваргатай архидсан нь

Эдүгээ Сэлэнгэ аймгийн “Хангай” хэвлэх үйлдвэрийн дарга, сэтгүүлч, зохиолч Ж.Лхагвасүрэн, Хадаа аваргатай Баруунхараад бага насаа өнгөрөөсөн нэгэн. Тийм болохоор мань хоёр хааяа уулзалдахаараа балгах нь бий. Нэгэнтээ Ж.Лхагвасүрэн ээлжийн амралтаа аваад Хараад очвол Хадаа байна гэнэ. Гурвын давааны эхэнд аварга цолоо дуудуулж гараад ам учраагаа гуд татан унагаагаад лүг лүг шогшин ирж дээлээ өмсөөд цааш харан ямар нэг юм өвөртөлснөө Ж.Лхагвасүрэнг гараараа дохин дуудаж талбайгаас гарчээ. Тэгээд “Ярьж хөөрөх цаг зав гарахгүй юм. Чамд зориулсан юм” гээд хоёр шил архи гаргаж бөглөөг нь хуруугаараа дарж аваад нэгийг нь Лхагвасүрэнд өгч шилээр нь тулгаад уужээ. Ж.Лхагвасүрэн ч гурав сайн балгаад амьсгаа аван харвал Хадаагийнх дуусаж байсан гэдэг. Дахиад хэд балгаад явуулж чадалгүй буцаан өгөхөд ганцхан залгичхаад дөрвийн давааны ам авна гээд явж оджээ. Тэр хоёрыг харж зогсоо дүү нь ахыгаа загнаж “Та барилдаж байгаа хүнд архи өгч уруу татлаа” гэжээ. Хадаа ч наадамдаа түрүүлж, харин Лхагвасүрэн шал согтуу гэрийн зүг загнуулан явжээ.

Аварга Алтайд барилдсан нь

Говь-Алтай аймагт “Спортын мэдээ” сонины өдрүүд болж. Аварга хүрэлцэн очжээ. Барилдааны өмнө Хадаа ирэхгүй алга болчихлоо. Бүгд л сандран яав ийв гэж шуугьж байв. Арван нэгдүгээр сар гарсан хүйтэн үед харин аварга зодог шуудагтайгаа уур савсуулсан буудлаас заал руу гүйж байсан гэдэг. 300 метр газар л даа. Аварга онгоцноос буунгуутаа л буудалд бууж, гурван цагийн дараа бөх эхлэх тул түр амсхийж… Аваргын яасныг асуувал тэнд байсан Ерөөд байсан хоёр нөхөр нь ирж дөрвөн шил архи уулгачихлаа гэж. Гэтэл аварга босч ирээд “Зүгээр зүгээр, би ажил цалгардуулахгүй аяга хоол идчихээд очъё” гэж хэлсэндээ хүрч тийнхүү уур савсуулан гүйж очоод тэр барилдаандаа түрүүлж байсан билээ.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!