Спорт

“Зургаан залуу заан” гэж хэн бэ?

Үе үеийн бөхчүүд өөр өөрийн гэсэн өнгө төрх, ааш авир, адал явдалтай байж бөх сонирхогч түмэн олны сэтгэл зүрхэнд хадагдан үлдсэн байдаг. “Хоёр Мөнх”, “Хоёр Эрдэнэ” хэмээх хэллэгийг зөвхөн Монгол хүн л ойлгож мэдэрнэ. Хоёр Мөнх үнээ саалгалгүй нутгийн авгайн ажлыг алдуулж, Хоёр Эрдэнэ гэрэлтүүлэггүй төв цэнгэлдэхийн гэмийг мэдрүүлж, шөнө дөл дөхтөл хөлс хүчээ шавхан барилдсан нь Монгол бөхийн нэгэн домог. Тэгвэл хожуу “Зургаан залуу заан” хэмээх хэллэг гарч ирсэн. Хэн нь ч хэнийгээ давж мэдэх, хэзээ ч ямар ч ахиу цолд хүрч чадах энэ зургаан залуу бөх нэгэн үе улсын заан цол дээр уягдсан нь ард түмэн энэ хэллэгийг үргэлж санаж бас санааширч явах хэмжээнд хүргэсэн билээ.

“Зургаан заан” гэсэн үг 1990-ээд онд Монгол бөхөд нэр томьёо болон орж ирсэн бөгөөд одоогийн Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар аваргууд, Б.Ганбат арслан, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг гарьдуудыг заан цолтой байх үеийнх нь ерөнхий нэр байсан юм.

Бат-Эрдэнэ аварга босоо дархалж, түүнийг харих үед энэ залуус бүгд ор суурийг нь эзэлж, улсын наадмын түрүүг хүртэхээр тулж ирчихээд байлаа.

2000 оны наадмаар өнөөх зургаан залуу заан бүгдээрээ улсын наадмын дунд шөвөгт үлдэв. Тэдэнтэй хамт “Хоёр Эрдэнэ” шалгарсан байлаа. Аргагүй л шинэ үе түрэн гарч ирснээс хамгийн хүчтэй, хамгийн аюултай залуус нь ийнхүү шилэгдэн гарч ирсэн нь гайхалтай. “Хоёр Эрдэнэ” “Зургаан залуу заан” ингэж нэгэн наадмаар таарсан нь энэ.

Бат-Эрдэнэ аварга залуусын хэнийг нь ч авалгүй, таван жил дараалан есөн хөлт цаг тугийг дагаж тойрсон арслангаа амлалаа. Харин зургаан залуу зааны магнай Ц.Цэрэнпунцаг гарьд тэр жил ихэд зузаарч, өнгө зүс тун сайтай харагдсан Б.Гантогтохыг амлалаа. Цэрэнтогтох аваргын нэгэнтээ шүүмжилж хэлсэнчлэн Цэрэнпунцаг бол тэвчээргүй барилдаантай бөх. Тэр тэсэрч мэх хийж, яарч барилддаг. Харин Гантогтох хар багаасаа бөхийн хүрээнд өсч, нялхаараа барилдааны амт шимтийг мэдэрсэн тул хашир сууж, илүү дутуу хөдөлгөөн хийж, тэвдэж яардаггүйгээрээ онцлогтой.

Пунцагаагийн дараа Г.Өсөхбаяр ам авлаа. Тэр Баруунтурууны баруун зүүнгүй хавирдаг Б.Ганбатыг амласан. Увсын наадам дээрээс Баянаа аваргын “урвуулж” улсад авчирсан энэ хүү Ганбат осолд орж, дараа нь шарлаж нэг хэсэг барилдахгүй байж байгаад зодоглосон нь энэ. Нэг л хар цагаан хэл амнаас гарахгүй байсан Ганбатыг удамт аваргын хүү Г.Өсөхбаяр удаж төдөлгүй дайраад хаячихлаа.

Ингээд Д.Сумъяабазар А.Сүхбат нарыг хэн ч амлалгүй туналаа. Бат-Эрдэнэ аваргатай ширүүн барилдаж, илт зузаарч, бие болоод сэтгэлийн тэнхээ нэмсэн А.Сүхбатыг тэр наадмаар хэн нэгэн зогсооно гэхэд хэцүү санагдаж байсан. Ноднин жилийн наадмаар Сумьяабазарыг яарч татаад дээрээ алдсан А.Сүхбат энэ удаад золгоод ганцхан гар ачаад давчихлаа. Гар ачаанд унана гэж төсөөлөөгүй явсан Өвөрхангайн заан ихэд харамсаж байгаа нь илт. Уг нь наадмын өмнөхөн болсон Хасуу барилдааны үеэр мөн нисэлттэй гар ачуулж байсан юмсан. Гэвч наадмаар дахин тэр мэхэнд уначихна чинээ санаагүй биз.

Харин Цэрэнпунцаг Гантогтох хоёр нэлээд удав. Пунцагаа удах угаасаа дургүй тул санаанд орсон мэхээ хийсээр эцэстээ давхар шуудагнаас барьцаа алдангуутаа тохоод эргүүлж даруулан өвдөг шороодлоо.
Ийнхүү зургаан залуу заанаас гурав нь үлдэх нь тэр. Ц.Цэрэнпунцаг, Д.Сумьяабазар, Б.Ганбат нар наадмыг орхиж харин Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар босоо аварга Б.Бат-Эрдэнэтэй шөвгийн дөрөвт үлдлээ. Бат-Эрдэнэ аварга тэр жил ноолууран цагаан дээлээр гоёж, наадмаа чимсэн ч наймын даваанд Б.Гантогтоход зүгээр л тахимаа өгчихөв.

Ингээд Гантогтох гар амар нэг давж, Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёрын хэн нь давахыг л хүлээх үлдлээ. Аварга аавын буянаар их шөвөгт ийнхүү даваа авсан Гантогтохтой хэн нь барилдахаа шийдэхээр хоёр заан өрлөө. Сүхбат суйлаад, ард нь гараад, өрсөлдөгчийнхөө хөлийг гараараа “сүлжин” дөрвөн хөллүүллээд өвдөг шороодуулав.

А.Сүхбат ингэж давчихаад гуйвж дайван арай чүү дэвж, дараа нь алхаж ядан тахимаа авахыг нь харвал дараагийн даваанд Гантогтоход амар болсон шиг. Хоёр заан зүүн баруун талын засуулуудыг сөгдүүлэн дэвэн гарч ирлээ. Төв цэнгэлдэхийн үзелиэр гавьяат жүжигчин Равдан гуай энэ үед гайхалтай үг хэлж олныг ихэд шуугиулсан. Тэр “Төөрсөөр төрөлдөө” киноны Балтын үгийг сануулсан санагдана.

Учир нь улсын наадмын түрүү булаалдах хоёр заан ах дүү хоёр. Төв аймгийн Сэргэлэн суманд 1971 онд төрсөн жижиг хэмээх А.Сүхбат нь дархан аварга Х.Баянмөнхийн бага охин Баясгаланг авч суусан хүргэн нь бөгөөд Монгол Улсын гарьд Б.Гантогтох нь түүний хадам ах болно.

Ингээд Сүхбат давхар шуудагнаас шахаж татаад тавимагцаа баруун хутгаж Гантогтохыг давж, улсын арслан цолны болзол хангалаа. Энэ даваанаас хойш өнөөх “Зургаан залуу заан” хэмээх хэллэг улирч, зөвхөн дурсамж байдлаар яригдах болов. Учир нь арслан цолтон тэдний дотроос мэндэлчихлээ.

Х.Баянмөнх аварга энэ наадмын дараа А.Сүхбатын маш хурдан сэргэсэн тухай сэтгүүлчийн асуултад “Наадмын өмнө бэлтгэл хоёр хүү маань маш сайн хийсэн. Арван минут амраад л дахин сэргэж барилдаж чадахаар хэмжээнд бэлтгэлийг нь базаасан юм. Тэгэхээр Сүхбатын тэгж хурдан сэргэж, сайн барилдсанд гайхах зүйлгүй” гэж хэлсэн.

Ингээд зургаан залуу заан хэмээх хэллэг утгаа алдсан ч тэр зургаан залуугийн тэмцэл ид оргил үедээ орсон. Бат-Эрдэнэ аварга түрж гарч ирсэн залууст боломж олгож, өөрөө үзүүр түрүүний төлөө барилдахаас татгалзснаар зургаан залуугийн зам дардан болсон ч гэж хэлж болно.

Хойтон нь А.Сүхбат Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойгоор 1024 бөхөөс үзүүр түрүүнд дархан аварга Б.Бат-Эрдэнийг хаяж 10 даван түрүүлж, улсын аварга цол хүртснээ төв цэнгэлдэхийн дэвжээгээ тойрч гүйн тэмдэглэсэн бөгөөд мөн л зургаан заанаас анхлан улсын аварга цолонд хүрэв.

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ уран хурц барилдаж, наадамчин олноо баясгаж явсан Агваансамдангийн Сүхбат аваргыг Монгол бөхөд “зургаан заан”-ыг оройлон шинэчлэл хийсэн гэдгийг бөхийн мэргэжилтэн, судлаач эрдэмтэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ.

Харин Архангай аймгийн Батцэнгэл суманд 1973 оны сүүлчээр төрсөн Гэлэгжамцын Өсөхбаяр 2002 онд 512 бөхөөс ес даван түрүүлж улсын арслан болж, Б.Гантогтох хоёр дахь удаагаа үзүүрлэв. Хойтон жил нь 2003 онд Г.Өсөхбаяр 512 бөхөөс ес даван хоёр дахь удаагаа түрүүлж, улсын аварга цолонд хүрсэн юм.

Ингэж зургаан заанаас хоёр нь сүүлчийн дөрвөн наадмын түрүүг хоёр хоёр удаа авлаа. Дараагийн 2004 оны наадмын 512 бөхөөс үзүүр түрүүнд А.Сүхбат, Б.Гантогтох нар шалгарсан нь аль алиных нь хувьд гурав дахь удаагийнх байлаа. Гэхдээ А.Сүхбат нь ингэж үзүүр түрүүнд үлдэхдээ хоёр удаа түрүүлсэн, аварга цолтой, Б.Гантогтох нь түрүүлж чадаагүй хоёр үзүүрлэсэн, гарьд цолтой.

Наадамчин олон А.Сүхбат нэгэнт аварга цолтой учраас Б.Гантогтохдоо бууж өгнө гэсэн тааварт автагдаж байсансан. Харин А.Сүхбат үнэн хүчийг үзэн барилдаж түрүүлэн Б.Гантогтохын улсын баяр наадамд түрүүлэх босгыг хаасан удаатай.

Жижиг А.Сүхбат 2000, 2001, 2004 онд нийтдээ гурван удаа түрүүлэхдээ хоёрт нь хадам гэхээсээ илүүтэйгээр дотнын анд нөхөр тал нь давамгайлсан Б.Гантогтохоо өвдөг шороодуулсан юм. Ямар ч болов үр дүнд нь тэрбээр гурав дахь удаагаа түрүүлж далай /одоо дүрмээс хасагдсан/ аварга болсон юм.

Ингэсээр өнөөх зургаан залуу заанаас дархан аварга хоёр, улсын аварга нэг, улсан арслан нэг, улсын гарьд хоёр төрсөн билээ.

Харин одоо “Зургаан залуу заан”-ы тус бүрийн амжилтыг танилцуулъя.

1. Гэлэгжамцын Өсөхбаяр /Дархан аварга/

  • 1995 онд 7 давж улсын заан цол хүртэв
  • 1997 онд 5 давсан
  • 1999 онд 7 давсан
  • 2000 онд 7 давсан
  • 2001 онд 8 давж дөрөвт үлдсэн
  • 2002 онд 9 давж түрүүлэн улсын арслан болсон
  • 2003 онд 9 давж түрүүлэн улсын аварга цолтой болов
  • 2005 онд 9 давж түрүүлэн далай аварга цолд хүрчээ
  • 2006 онд 8 давж дөрөвт үлдсэн
  • 2008 онд 6 давж шөвгөрсөн
  • 2009 онд 9 давж түрүүлэн даян аварга цол хүртсэн
  • 2010 онд 8 давж үзүүрлэв
  • 2011 онд 7 давж шөвгөрсөн
  • 2013 онд 5 давж шөвгөрсөн

2014 оны долоодугаар сарын 7-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдон Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар дархан аварга цол хүртээсэн.

2. Агваансамдангийн Сүхбат /Дархан аварга/

  • 1993 онд 6 давж улсын начин цол, “Өсөх идэр” чимэг,
  • 1997 онд 7 давж улсын заан цол,
  • 1998 онд 6 давж үлэмж бадрах чимэг,
  • 1999 онд 5 давж саруул сайжрах чимэг,
  • 2000 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол,
  • 2001 онд 10 давж түрүүлэн улсын аварга цол,
  • 2002 онд 7 давж хуйрнин шуугигч чимэг,
  • 2003 онд 7 давж саруул сайжрах чимэг,
  • 2004 онд 9 давж түрүүлэн далай аварга болов
  • 2005 онд 6 давж үнэн зоригт чимэг,
  • 2006 онд 6 давж цогт гарамгай чимэг тус тус хүртэж, шөвгөрснийхөө дараа зодог тайлснаа зарласан.

2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын зарлигаар Даян аварга цол олгосон.
2014 оны долоодугаар сарын 7-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдон Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар дархан аварга цол хүртээсэн.

3. Долгорсүрэнгийн Сумъяабазар /Улсын аварга/

  • 1994 онд 5 давж улсын начин цол хүртсэн
  • 1995 онд 5 давсан
  • 1996 онд 7 давж улсын заан болов
  • 1998 онд 8 давж үзүүрлэсэн
  • 1999 онд 8 давж үзүүрлэсэн
  • 2000 онд 6 давсан
  • 2001 онд 6 давсан
  • 2002 онд 6 давсан
  • 2003 онд 8 давж үзүүрлэн улсын гарьд цол хүртэв
  • 2004 онд 7 давсан
  • 2005 онд 8 давж үзүүрлэсэн
  • 2006 онд 10 давж түрүүлэн улсын аварга цолтой болжээ
  • 2007 онд 6 давсан
  • 2008 онд 6 давсан

4. Батжаргалын Ганбат /Улсын арслан/

  • 1998 онд 5 давж улсын начин цол хүртсэн
  • 1999 онд 7 давж улсын заан болжээ
  • 2000 онд 6 давсан
  • 2001 онд 5 давсан
  • 2002 онд 6 давсан
  • 2005 онд 5 давсан
  • 2006 онд 7 давсан
  • 2008 онд 7 давж шөвгөрчээ
  • 2009 онд 4 давж, тавын даваанд улсын начин Ц.Сумъяабэйст унасан ч өрсөлдөгчөөс нь сэргээш илэрсэн тул 5 давж шөвгөрсөнд тооцогдон “Улам нэмэх” чимэг хүртсэн.
  • 2010 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол хүртсэн
  • 2011 онд 6 давсан

5. Баянмөнхийн Гантогтох /Улсын гарьд/

  • 1994 оны улсын наадмаар 7 даван шууд улсын заан цол хүртсэн.
  • 1995 онд 6 давж Г.Өсөхбаярт унасан.
  • 1997 онд 4 давж А.Сүхбатад унасан.
  • 1998 онд 5 давсан
  • 1999 онд 5 давсан
  • 2000 онд 8 давж үзүүрлэхдээ А.Сүхбатад унасан.
  • 2001 онд 6 давж Д.Бумбаярт унасан.
  • 2002 онд 8 давж үзүүрлэсэн
  • 2003 онд 4 давж Д.Амгаланбаатарт унасан.
  • 2004 онд 8 давж үзүүрлэсэн
  • 2005 онд 6 давсан
  • 2006 онд 5 давж шөвгөрчээ
  • 2007 онд 4 давсан
  • 2008 онд 3 давсан
  • 2009 онд 4 давсан

2004 онд ерөнхийлөгчийн зарлигаар гарьд цол хүртсэн.

6. Цэдэндамбын Цэрэнпунцаг /Улсын гарьд/

  • 1993 онд 5 давж улсын начин цол хүртсэн
  • 1994 онд 8 давж гуравт үлдэн улсын заан цол, “Үлэмж бадрах” чимэг хүртэв
  • 1996 онд 6 давж “Саруул сайжрах”
  • 1997 онд 7 давж “Бат нягт”
  • 1998 онд 7 давж “Хуурнин шуугигч”
  • 1999 онд 6 давж “Хурдан шаламгай” чимэг хүртсэн
  • 2000 онд 6 давсан
  • 2001 онд 8 давж дөрөвт үлдэн “Буушгүй хүчит”
  • 2003 онд 6 давж “Үнэн итгэлт”
  • 2004 онд 7 давж “Өлзий бадрах” чимэг тус тус хүртсэн

2004 оны 6-р сарын 22-нд Ерөнхийлөгчийн аравдугаар зарлигаар 1994, 2001 оны наадмуудад 8 давсан амжилтаараа Монгол Улсын Гарьд цолыг хүртжээ.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!