Спорт

Ам мэх буюу бөхчүүдийн хөгжилтэй явдлуудаас

Бөхийн тайлбарлагч: “За, залуу бөх Батнасан ард нь гарлаа, мордлоо…, их л гомо /гоомой/ юм хийж байна даа” гэжээ.

Дэмүүл арслан хувьдаа машинтай болоод хотоос гарч Яармаг орох санаатай явж байж. Гэтэл нэг том цагаан хаалга зам дээгүүр барьсан байхтай таарч гэнэ. Энэ мэдээж хаалгатай юм чинь доогуур нь л гарч таараа гэж бодоод хаалган доогуур гартал замын цагдаа зогсоож та яахаараа хаалган доогуур гардаг юм бэ гээд торгожээ. Яармаг ороод буцаж явтал өнөө хаалга нь дахиад таарч, энэ удаа ч гэнэдэхгүй шүү гэж бодоод хаалганы хойгуур тойрч гарчээ.

Гэтэл замын цагдаа зогсоож та яахаараа хаалган доогуур гардаггүй юм бэ гээд бас дахин торгожээ. Дэмүүл арслан уурлаж, чи ер нь ахаараа оролдох гээд байна уу? Хаалган доогуур гарлаа гэж торгоно, бас доогуур нь гарсангүй гэж торгоно яах гээд байгаа золиг вэ гэсэн гэдэг. Уг нь бол гарахдаа хаалганы хойгуурх замаар, орохдоо хаалган доогуур явбал зохих байж л дээ. Гэтэл Дэмүүл арслан гарахдаа ч, орохдоо ч урсгал сөрсөн хэрэг болж, цагдаа торгожээ.

Дэмүүл арслан нэг баазад жолооч хийдэг байж. Нэг өдөр гуч машины хрооп тэврээд явж байтал хоолны цаг болж, гал зуухнаас хоолны хонх дуугарч гэнэ. Дэмүүл арслан нөгөө хроопоо манаачийн хажууд аваачиж тавиад, за энийг сайн харж байгаарай, хүүхдүүд бариад явчих вий гэсэн гэдэг. Гэтэл гуч машины хрооп тэврээд явах тийм мангар бяртай хүн өөрөөс нь өөр хэн байх билээ дээ.

Хулгар Нацаг гэж Хүрээ орох зам отож хулгай дээрэм хийдэг жаахан буруу гарын нөхөр байж л дээ. Тэр үед Түшээт ханы Дайчин вангийнхан буюу одоогийн Булган аймгийнхан бөхөөр ноёлж байсан цаг байж. Түшээт ханы Намхай аварга Хүрээ орох замдаа шөнө амарч байж гэнэ. Гэтэл нэг гар орж ирээд дэрлэж байсан үхрийн ширэн богцноос нь татжээ. Аварга ч тавихгүй татаад, өнөөх нь ч мөчөөгөө өгөхгүй чангаагаад байж. Гэтэл өнөө ширэн богц нь дундуураа тасарчээ. Тэгэхлээр нь аварга Аа чи хулгар нохой юу гэж, цаадах нь өө та Намхай аварга уу гэж бие биенээ таньж байсан гэдэг. Учир нь тэр үед үхрийн ширэн богцыг тас татах хүчтэн тэр хоёроос өөр байгаагүй гэдэг.

Одоогийн улсын арслан Доржпаламын Ганхуяг начин цолтой байхдаа бэлтгэлийн зав чөлөөгөөр хувийн унаагаараа халтуур хийдэг байж. Нэг удаа зам дээр царайлаг бүсгүй гар өргөөд суунгуутаа “Хорооллын Номин” гэжээ. Мань хүн ч надад талтай байгаа юм байна гэж бодоод “Харин намайг Өвөрхайнгайн Ганхуяг гэдэг. Улсын начин цолтой” гэжээ.

Хэдэн бөх найзууд маань суугаал урд шөнийн үзсэн по киногоо ярьж байсан чинь нэг нь Монгол хэл дээр юм уу гээл асууж. Тэгсэн нэг нь: “Өө тэнд чинь тэгээд яриад сууж байх завтай хүн байдаггүй юм” гэж ээ.

Чөлөөтийнхөн 2011 оны Азийн аваргад бэлдэхээр “Найрамдал” зусланд бэлтгэлд гарчихсан үе. ОУХМ Г.Ганхуяг (улсын харцага) цугларалтад гарахын өмнө спорт загварын, хоёр хаалгатай “Селика” хэмээх хар машин худалдан авчээ. Тэгтэл машиндаа багтахгүй толгой нь тулаад байхаар нь хүнтэй ярьж тохирч байгаад хот орж, машинаа наймаалцаад дөрвөн хаалгатай, цагаан өнгөтөй “Сефиро” хөлөглөөд бэлтгэл дээрээ буцаад иржээ. Зогсоол дээр дөнгөж очтол ОУХМ Т.Зүүнбаян тосч ирээд “Хуяг аа хөгшөөн, хар машинаа яасан юм бэ” гэхээр нь харцага “Ийм болгочихлоо” хэмээн хариулжээ.
Тэгтэл Зүүнээ том харснаа “Битгий худлаа залаад байгаарай, чи яаж хоёр хаалга нэмж хийж чаддаг юм” гэжээ.

Нүхт амралтын газар Гарьд Гантогтох, “Гурван бүдүүн” хамтлагийн Учка нар хамт амарч байна гэнэ. Тэгээд салхинд байж гарч яваад Гантогтох гарьд Учка-г барьж аваад баахан ноолж гэнэ. нэг мэх хийчээл унах гэхээр нь татаж босгож өөр мэх хийгээл, гэх мэтээр 30 орчим минут ноолж, ноолж, зовоож зовоож хот орох гээд яваад өгч. Гэтэл тэр хоёрын ноцолдохыг нь харсан хамгаалагч залуу ирсэнээ. Учка-д:
-Сая таныг гарьд үзээд үзээд ёстой барсангүй шүү тийм ээ гэж ээ.

Санжаа заан онигоонд өртөмтгий, өөрөө бусдыг даваатуулах талаар хувиа бусдад алдахгүй нэгэн. Сүхбаатар аймагт барилдахдаа аймгийн заан Л.Дашдаваа улсын начинг шалан дээр чангахан унагаачихжээ. Тэгтэл Дашдаваагийн аав Даншгийн начин, жүрвий хэмээх Лувсандорж гуай “Нүцгэн шалан дээр хүүхэд чанга хаяад, бяртай нь ганц чи юм уу” хэмээн загнажээ. Заан ихэд гэмшин “Дэвсгэрээс гарсныг мэдсэнгүй” хэмээн гүврэв. Тэгтэл Лувсандорж гуай хүүдээ хандан “Чи энэ дайны унаж сурахгүй юм бол яаж бөх болдог юм бэ” хэмээн загнасан гэдэг. Зөөлөн нь хатуугаа дийлдэг хорвоо юм даа.

МУ-ын начин А.Хатансайхан: “Би Замын-Үүдэд хэсэг хугацаанд амьдарсан юм. Тэгээд нэг жижиг байшин босгочихоод байлаа. Тэр үед хотоос Ч.Батзориг заан очсон. Би тосоод гэртээ хүрэх замдаа “Найз нь нэг данагар байшин бариад, долоо хоног найрлалаа” гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд ортол Ч.Батзориг машинаас буудаггүй. Гараад очсон чинь “Хэзээ гэр лүүгээ явах вэ” гэж асууж байна. Үнэнээ хэлсэн чинь “Байшин гээд байсан, амбаар шив дээ” гэсэн юм. Дараа нь өөрөө давслаад, баяжуулаад тараачихсан байсан. “Хатнааг шинэ байшинд орж гэхээр гурван хивс аваад очсон чинь амбаар байна лээ. Тэгэхээр хивсээрээ бүтээчихээд ирлээ” гэж ярьсан байгаа юм.

Хайрхан сумын харьяат Ерөөлтийн Цогной арслан гэхээр нэгэн сайхан бөхийн дүр нүдэнд бууна. Арслан ид залуудаа Баянхонгор аймагт нэгэн наадамд зодоглож гэнэ. Түүний нэрийг мартсан бөх тайлбарлагч “Бөхчүүд зодоглоорой. Аймгийн арслан Оцойх гараарай” гээд байхын гэнэ. Цогной арслан нэлээд эмзэглэж бөх тайлбарлагч дээр очиж “Би чинь Цогной шүү дээ” гэхэд тайлбарлагч “За за Оцойх, Цогной хоёрт ялгаа юу байсын” гэжээ.

Ж.Мөнхбат аварга ярьж байна гэнэ. Манай Хад аварга угаасаа лут бөх. Дандаа онигоонд орж явна. Нэг удаа бид нар Ар Жанчивланд наадмын бэлтгэл хийж байлаа. Дамдин аварга, Цэрэнчимэд нарын хэд хэдэн бөх хамт гарсан. Тэгсэн Хадбаатарын хөл хөнгөрөөд нэг л биш ээ. Нэг хүүхэн хувцас хунарыг нь угаагаад янзтай байна шүү. Тэр хүүхэн амралтын газрын цагаан хэрэглэл угаадаг болтой юм. Нэг орой киноны дараа ирчихээд байсан Хад аварга би бие засаад ирье гэж байна. “Тэг тэг” гэлээ. Хад гараад гүйчихлээ. Би сэмээрхэн дагалаа. Мод руу ороод явчихлаа, нөгөөдөхтэйгээ уулзаж байна. Нэг их хол явсангүй. Хэрэг бишдэх нь ээ. Тэр хоёрт ухаан мэдрэл алгаа. Юу яадгийн даваан дээр би давхиж очоод дундуур нь ороод зогслоо. Маргааш нь нөгөө хүүхэн намайг харчихаад зугтана. Би “Зүгээр зүгээр тийм юм байх” гэж хөглөж байлаа.

Аймгийн заан Дагвасамбуу (Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат) хуучин Баянбүрдэд ажилладаг байлаа. Нэг удаа хувийн цагаан москвичоороо Төв аймаг явж байгаад Айдасын даваан дээр машиных нь баруун талын хаалга салаад ойччихов. Хүмүүс сандарч, “Хөөе Дагваа ахаа хаалга салчихлаа” гэтэл, харин зүгээр сэрүүхэн байхгүй юу гээд тоох ч үгүй давхиж явж гэнэ.

Сурвалжлагч: С.Цэрэн аваргатай арай ойр дотно байв уу?
Дарийн Дамдин аварга: -Ойр дотно байсан олон бөх бий. Цэрэн маань гүндүүгүй, гүдэсхэн их сайхан хүн байсан юм. Мөнхбат тэр хоёр Жаргалантад амарч байхад нь би эргэж очсон юм. Та хоёроор сонин юу байна даа гэхэд, би ч яахав, өглөөдөө аварга, өдөр тийшээ Цэрэн гуай, оройдоо Цэрэн п…. болоод л сууж байна хэмээн хөхөрч билээ.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!