Спорт

“Их дуулга”-с хамгийн анх Д.Баттулга медаль хүртсэн түүхтэй

Жүдогийн эх орны тамирчид ч өөрсдөө Токиогийн “Их Дуулга”, УАШТ-дээ түрүүлэх нь дэлхийн аваргад ялахаас хэцүү гэж ярьдаг билээ.

Тус тэмцээн 1978 оноос эхтэй. Орчин үеийн жүдогийн үндэс суурийг тавьсан Кодоканыг үүсгэн байгуулагч Кано Жигорогийн гавьяаг мөнхлөн дуурсгах, жүдо бөхийг дэлхий дахинд сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор анх зохион байгуулагдсан юм.

1978 оны арваннэгдүгээр сард болсон анхны тэмцээнд зөвхөн эрчүүд хүч сорьсон. “Jigoro Kano Cup Tokyo International Judo Tournament” нэртэй байсан ч энэ үед тус тэмцээнийг “Жүдо бөхийн олимп” гэж нэрлэдэг байлаа.

Үнэхээр ч жүдочдын хувьд “Кано Цом”-д түрүүлэх нь олимпийн аварга болсон мэт нэр хүндтэй хэрэг байв. Ялангуяа гадаадын бөхчүүд түрүүлэхэд тун хэцүү гэдгээрээ алдартай. Гэхдээ тогтмол болдоггүй байсан тул “Кано Цом” 2008 он хүртэл эрчүүдийн дунд 14 удаа л явагдсан.

2006 оны гуравдугаар сард болсон Бүх Японы жүдо бөхийн холбооны хурлаар Фүкүокагийн эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээнийг “Кано Цом” тэмцээнд нэгтгэх шийдвэр гаргаснаас хойш 2007 оноос эхлэн эрэгтэй, эмэгтэй жүдочид мөр зэрэгцэн барилддаг болсон юм. Тиймээс нэрээ өөрчилж, “KANO CUP Judo World Grand Prix” болон, жил бүрийн арванхоёрдугаар сард тогтмол явагдах болсон билээ.

2009 оноос эхлэн IJF Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнд багтаж, “Токиогийн Их Дуулга” болон хувирсан түүхтэй. 1978-2006 онд “Nippon Budokan”, 2007 оноос “Tokyo Metropolitan Gymnasium” ордонд явагдаж байна.

БНАГУ-ын Дитмар Лоренц 1978 онд 95 кг-ын жинд түрүүлсэн нь тус тэмцээнд аваргалсан анхны гадаад бөх болсон юм. Харин “Кано Цом” тэмцээнд хамгийн анх медаль авсан Монгол жүдоч бол Дашгомбын Баттулга. Тэрбээр 1990 онд 60 кг-д мөнгөн медаль хүртсэн.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!