Спорт

Г.Өсөхбаяр: Би багадаа өвөөгөөсөө гадна Ж.Мөнхбат аварга шиг бөх болох юмсан гэж боддог байлаа

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаярын ярилцлагаас та бүхэнд хүргэж байна.

-Та бөхийн спортод хожуу орсон юм билээ. Яагаад тэр вэ?

-Монголчууд миний өвөөг Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга Н.Жамъян гэдгийг сайн мэднэ. Би багаасаа спортын гэр бүлд өссөн. Тиймээс спортын хүн болох нь гарцаагүй байсан. Өвөө маань ч намайг “Бөх болно. Идэр нас хүртэл нь битгий барилдуулаарай” гэж аав ээж болон ойрын хүмүүст захисан юм билээ. Тэр үг өвөөгийн минь холч ухаан байж дээ.

-Яагаад тэгж хэлсэн юм бол?

-Бага насны хүүхэд амархан бэртдэг болохоор тэгсэн байх. Гарын ая даахтай болтол нь барилдуулахгүй байя гэсэн санаа шүү дээ. Тэглээ ч би аав ээжээсээ нууцаар айл, саахалтынхаа хүүх­дүүдтэй барилдана. Хааяа алга болчихоор тэд намайг барилдаж байгааг гадарлаад араас эрэл сурал болж авч явдаг байлаа.

-Тэгэхээр барилдах үнэхээр сонирхолтой байжээ?

-Тийм. Хориглоод байхад нь барилдана гэдэг дуртайн шинж шүү дээ.

-Өвөө тань бөх болно гэдгийг тань сайн мэдэж байжээ?

-Бөх хүн зөн совингоороо ч гэх үү дээ, мэдсэн байж. Гэхдээ би аймгаасаа хотод ирээд шууд барилдаагүй. Бөхийн спортод боловсрохын тулд дөрвөн жил дугуйланд явсан.

-Та өвөөгөө хэр сайн мэдэх вэ?

-Мэдэлгүй яах вэ. Намайг зургаан настай байхад бурхан болсон юм. Цэцэрлэгт байхад багш хоёр ширхэг 24-ийн чихэр өгөхөөр би нэгийг нь идчихээд нөгөөг нь өвөөдөө өгнө. Тэгэхээр хэсэг хугацааны дараа намайг дуудаад “Өвөө нь хүүдээ чихэр өгнө өө” гээд л дэрнийхээ дороос нэг чихэр гаргаж ирнэ. Ухаан орсон үедээ бодоод байхад өвөө маань миний өгсөн нэг чихрийг хадгалж байгаад намайг мартахаар өгдөг байж. Хоёуланг нь идчихдэг би муу хүү байсан байгаа биз (инээв).

-Таныг МҮБХ-ны дэд тэргүүн П.Даваасамбуу гуай нийслэлд авчирч, бөхийн спортод хөл тавиулсан гэдэг. Энэ тухай ярихгүй юу?

-Монгол бөхийн төлөө асар их сэтгэл гаргасан хүний нэг. Намайг сайхан барилдах байх гэсэн үүднээс тоосон гэдэг юм. 1985 онд аймгийн төвд тавдугаар ангид сурч байхад хотоос очиж намайг сураглаж ирж байсан юм. Тухайн үед “Чи сайн бөх болох учиртай. Чамайг аравдугаар анги төгсөхөөр чөлөөт бөхийн залуучуудын шигшээ баг гэж байгуулагдана. Түүнд ороорой” гэж хэлээд явсан юм. Тэр ёсоор би П.Даваасамбуу багшийн үгээр шигшээ багт орсон.

-Та өвөөгийнхөө насны ой­гоор буурин дээрээс нэг чулуу авч хөшөөнийх нь хөлд тавьсан гэдэг. Ямар учиртай чулуу билээ?

-Өвөө маань малынхаа хашааны гадсыг тэр чулуугаар цохиж шаадаг байсан юм. Нутгийн ардууд харж явдаг байсан юм билээ. Тиймээс хүмүүс харж явбал сонирхолтой юм уу гэсэн үүднээс тавьсан юм.

-Хэр хүнд вэ?

-Харахад нэг их том биш ч хүнд юм билээ. Ойролцоогоор 100 гаруй кг байгаа байх.

-Та дархан аварга Ж.Мөнхбаттай яаж холбогдсон юм бэ?

-Аваргыг хүн бүр л мэднэ шүү дээ. Би багадаа өвөөгөөсөө гадна энэ аварга шиг бөх болох юмсан гэж боддог байлаа. Бөх болох хүсэлд жигүүрлэж байхад нутгийн нэг ах намайг “Ж.Мөнхбат аваргад шавь оруулна” гээд дагуулаад явсан юм. Тэд өмнө нь ярилцсан юм билээ. Тухайн үед би мэдээгүй байсан л даа. Тэгж л аваргын шавь болсон түүхтэй.

-Таны анхны цол сумын заан. Олны өмнө зодоглоход ямар санагдаж байв?

-Сумын наадам ч гэлээ олны өмнө барилдах гэж байгаа болохоор аваргууд шиг дэвээ, шаваа гэж сүртэй шүү дээ. Хамгийн гол нь өвөөгийнхөө суманд анхны цолоо хүртсэндээ бэлгэшээдэг.

-Тэгвэл улсын анхны цол тань заан байсан нь бас л бэлгэшээлтэй санагддаг байлгүй …

-Тийм шүү. Хүн хуурай газрынх. Заан ч хуурай газрын хамгийн том, хүчтэй амьтан. Тиймээс улсын цолоо заанаар эхэлсэндээ билэгшээдэг. Би 1995 оны улсын их баяр наадмын өмнөх “Их сорилго”-д барилдаж байгаад мөрөө гэмтээчихсэн юм. Гэтэл Ж.Мөнхбат багш “Бэлтгэл хийхдээ зодог битгий өмс” гэсэн юм. Мөр гэмтсэн үед зодог өмсөхөөр бие бариад улам гэмтээдэг юм билээ. Тэр жилийн наадмын бэлтгэлээ зодог өмсөлгүй хийсэн шүү дээ. Тэр бэлтгэл, багшийнхаа буянаар заан цол хүртсэн.

-Хэдэн оноос амьдралаа “Алдар” спорт хороотой холбосон юм бэ?

-1994 оноос. Армийн хүн болсон гэсэн үг шүү дээ. Тэр жил улсын гарьд И.Доржсамбуутай үлдэж үзүүрлэн цэргийн заан цол хүртсэн. Хэдэн сарын дараа аймгийнхаа наадамд барилдаж түрүүлээд арслан цол хүртсэн.

-Тэр үед бэлтгэл хийхэд хэр боломжтой байсан бэ?

-Сайн л хийдэг байж дээ. Гэхдээ тухайн үед хүнсний дэлгүүрүүд хоосроод хэцүү байсан л даа. Тэглээ ч тэр их ачааллыг дааж бэлтгэл хийнэ гэдэг чанга байсан. Шантарвал шантрах зүйл олон тохиолдож байсан. Өлссөн үед Спортын төв ордны дөрвөн давхарын крантны ус янзтай амттай шүү дээ. Үнэгүй болохоор нь байсхийгээд л залгилна. Гэхдээ аягаар биш адуу худагнаас ус ууж байгаа юм шиг шууд хошуугаараа сорно. Ямар сайндаа гавьяат тамирчин О.Пүрэвбаатар гэдсээ цүрийтэл уучихаад автобусанд суух гээд гүйцэлгүй хоцорчихсоноо одоо ч ярьдаг юм. Бидний үе тийм л өнгөрсөн. Хамгийн гол нь спортдоо үнэнч үлдсэн минь оносон.

-Та тэр үед хаана амьдардаг байсан юм бэ?

-Би 4 эгчтэй. Гурав дахь эгчийндээ Дэнжийн мянгад амьдардаг байлаа. Хөдөөнөөс дөнгөж ирээд байсан болохоор хотыг сайн мэдэхгүй. Өглөө бэлтгэл хийхээр гэрээсээ гарч, өдөр тарна. Оройны бэлтгэлийн өмнө харих гэсэн ч амжихгүй. Тиймээс Спортын төв ордон хавиар байж байгаад таньдаг хүн таарвал юм авахуулж иднэ. Таарахгүй бол зааланд унтаж байгаад оройныхоо бэлтгэлтэй залгана. Тэгээд л шөнө шахуу харьж гэдэс гарна. Ийм үе олон байсан.

-Н.Ганбаатар багш, “Тулгат” клубынхээ тухай эргэн нэг дурсахгүй юу?

-Нямдаваагийн Ганбаатар багшийг маань чөлөөт бөхийнхөн “Хар Ганбаа” гэдгээр нь андахгүй. Улсын аварга Д.Сумъяабазараас эхлээд олон сайн бөх төрүүлж, тэднийгээ сайхан амьдралтай нь золгуулсан ачтан. Бөхийн спортын төлөө сэтгэл зүрхээ зориулсан олон сайхан аавын хүү “Тулгат” клубээс төрж, эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг харийн тэнгэрт мандуулсан.

-Д.Сумъяабазар аваргын өндөр амжилт үзүүлэх нь танд мэдрэгддэг байсан уу?

-Бид 1990 оны чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-д оролцсон цагаасаа эхлэн нөхөрлөж өвөр түрийндээ ортлоо сайн найзууд болсон. Д.Сумъяабазар их хөдөлмөрч. Тэр чанар нь өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн байх. Бэлтгэл тараад бүгд харьж байхад ганцаараа үлдчихээд суудаг байсан. Их шартай. Гэхдээ буруу шартай биш шүү. Дэвжээн дээр надтай ана мана барилддаг ч дэвжээнээс буухад инээгээд л сууж байдаг. Ер нь тамирчин хүн ийм л байх ёстой.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!