Спорт

Х.Цагаанбаатар: Аавынхаа алтан шарилын өмнө хэлсэн амлалтаа жилийн дараа биелүүлсэн

“Бээжин-2008” олимпын наадмын өмнө би 60, 66 кг-ын жинд олимпын эрх авсан ч “Олимпт яг аль жинд нь барилдах вэ” гэсэн сонголт хийх болж, багш дасгалжуулагч нартайгаа ярилцаж байгаад 60 кг-ыг сонгосон юм.

Ингээд 66 кг-ын жинд С.Мияарагчаа найз маань явахаар болов. Би ч бэлтгэлээ хийж байгаад долоодугаар сарын 26 өдөр буюу бямба гарагт миний тэмцээний өдөр эхэлсэн юм.

Энэ өдөр Б.Жанчивдорж дүүтэйгээ хяналтын буюу хэвтээ барилдаан хийж байгаад хавиргаа хугалаад ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг л болсон доо. Хүсэл мөрөөдөл тэмүүлэл гээд бүх зүйл минь үгүй болж билээ. Бэлтгэл хийх байтугай, хөдлөхөд хүртэл хүндрэлтэй байсан болохоор өрөөндөө хэвтээд байж чадахгүй дотор давчдаад, сэтгэл санаагаа засаж тайван байлгахын тулд гадуур алхаж яваад үсчин орж үсээ шараар будуулж билээ.

Олимпын их наадам эхлэхээс 14 хоногийн өмнө нэр солих боломжгүй учраас надад дэвжээнд гарахаас өөр сонголт олдоогүй. Хавиргандаа мэдрэлийн эс үхүүлдэг тариаг “Сонгдо” эмнэлэг орж тариулж байгаад жингээ хоолоороо хасаж бүтэн дөрвөн өдөр хэлэн дээрээ юу ч тавилгүй байж байгаад жиндээ орж тэмцээндээ оролцож, дэвжээнд гарч Израилийн тамирчинд нэмэлт цагт коко үнэлгээ алдан ялагдаж билээ.

Монголын баг тамирчид Бээжин хотод очоод, олимпын тосгон руу орох мөчид С.Мияарагчааг маань оруулсангүй. Учир нь Х.Цагаанбаатарын авсан 66 кг-ын жингийн эрх Ази тивээс авсан хүндээ олгосон эрх. Харин 60 кг-ын жингийн Х.Цагаанбаатарын авсан эрх ДАШТ-ээс авсан учир тэр эрх дээр өөр хүн оролцож болно. Энэ нь Монголын эрх байсан гэж хэлээд, С.Мияарагчааг минь оруулсангүй.

Тийм дүрэм байдаг гэдгийг бидний хэн ч мэдээгүй. Ялагдлын дараа мэдээж шар үстэй, онгироо сагсуу гэх мэт баахан шүүмж дайралт ирэв. Хэдэн өдөр л сэтгэл гундуухан явлаа.

Наймдугаар сарын 13-ны өдөр Монголын тамирчдын олимпын түүхэн дэх эмэгтэйчүүдийн анхны мөнгөн медалыг хань минь хүртэж миний сэтгэл баяраар дүүрэв.

Гэтэл маргааш нь буюу 14-ны өдөр Монголоос аймшигт мэдээ ирж зүв зүгээр инээгээд гаргаж өгч байсан аав минь бурхан болсныг сонсов.

Хань минь олимпын их наадмаас мөнгөн медаль хүртсэн ч гэсэн бид хоёр хамтдаа 8-р сарын 15-нд нисэж ирээд ах дүү найз нөхөд гэр бүлийнхээ хамт аавыгаа сүүлчийн замд нь үдэж билээ.

Аавынхаа алтан шарилын өмнө,

Өнөөдөр ялж байгаа нь бус, Ялагдаад босож ирж байгаа хүн хамгийн ХҮЧТЭЙ байдаг юм.

Хүү нь ирэх жил заавал дэлхийн аварга болно оо гэж амлаад долоо хоногийн дараа бүсэн дээрээ “CHAMPION” гэж бичээд өдөр бүр тэр бичгийг харж, өөрийгөө хурцалж бүтэн жилийн ойн дээрээ аавдаа өгсөн амлалтаа 66 кг-ын жинд түрүүлж биелүүлж билээ.

Х.Цагаанбаатарын “Хөлс хөдөлмөрийн үнэ цэнэ” (номны хэсгээс)

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!