Спорт

“Москва-1980” олимпын наадмын мөнгөн медальт Жамцын Даваажав

“Москва-1980” зуны 22 дугаар олимпын наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Жамцын Даваажав агсан 1952 оны зургадугаар сарын 20-нд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн.

Тэрээр 1969 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дунд сургуулийг төгсөж, улмаар 1972 онд Архангай аймгийн Багшийн сургуулийг дүүргэжээ.

Ж.Даваажав чөлөөт бөхийн спортоор 1968 оноос хичээллэж эхэлсэн юм. Тэрээр удалгүй чөлөөт бөхийн спортоор Монгол Улсын залуучуудын хоёр удаагийн аварга болж амжилтын гараагаа эхлүүлжээ.

Улаанбаатарт УБДС-ийн оюутан болоод байсан Ж.Даваажав 1973 онд Монголд зохион байгуулсан залуучуудын “Нөхөрлөл” олон улсын тэмцээний хүрэл медаль хүртэж, улсын шигшээ багийн тамирчин болсон байна.

Тэр Монгол Улсын зургаан удаагийн аварга бөгөөд 1975 онд дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж ирээдүйтэй бөх гэдгээ харуулсан юм.

Түүний амжилт жил ирэх тусам ахисаар байсан бөгөөд 24 насандаа “Монреал-1976” олимпийн наадамд сонгомол бөхийн төрлөөр оролцсон боловч бэртлийн улмаас барилдаж чадаагүй.

Чөлөөт бөхийн төрөлд илүү өндөр амжилт гаргана гэдгээ баталж, 1977 оны Унивесиад наадмаас хүрэл медаль хүртэж, тэр жилээ Швейцарт болсон ДАШТ-д хүч үзэж шагналт тавдугаар байрт шалгарсан юм.

Улмаар 1978 оны Мексик болон 1979 оны АНУ-д болсон ДАШТ-үүдэд хүчээ сорьж хоёуланд нь шагналт дөрөвдүгээр байрт шалгарч дэлхийд данстай, шилдэг бөхийн тоонд багтаж чадсан юм.

Мөн 1978 онд Тайландын Бангкок хотноо болсон Азийн VIII наадмын чөлөөт бөхийн 74 кг-д барилдаж хүрэл медалийн эзэн болсон бөгөөд тэр жилийн найрамдалт армиудын /СКДА/ тэмцээний аваргын алтан медаль ч хүртсэн байна. Тэрээр 1980 онд 28 насандаа Москвагийн олимпын наадмын чөлөөт бөхийн 74 кг-д хүч сорин барилдаж, олимпын мөнгөн медаль хүртсэн юм.

Москвагийн олимпын дэвжээнд Ж.Даваажав нэгдүгээр тойрогтоо Камеруны бөх Тонье-тэй барилдаж цэвэр ялсан. Харин хоёрдугаар тойрогт Пакистаны бөх Ц.Жума-г цэвэр, гуравдугаар тойрогт Европын аварга Румын улсын бөх Ж.Пырколэбу-г хагас цэвэр, дөрөвдүгээр тойрогтоо Италийн бөх Р.Николиныг мөн цэвэр ялсан юм.

Тэр хагас шигшээ барилдаанд олимп, дэлхийн аварга Павел Пинигинтэй таарч 2:2 оноотой цаг дуусахаас 20 секундын өмнө идэвхгүй барилдсан хэмээгдэж хоёулаа гурван торгуультай дэвжээнээс хөөгдсөн юм.

Ингээд зургаагийн даваанд хуучин Чехсловак улсын бөх ДАШТ-ий мөнгөн медальт Дан Карабинтай барилдсан бөгөөд энэ барилдаанд ялагдвал медальгүй хоцрох байв. Харин ялсан тохиолдолд олимпын аваргын төлөө хүч, ур чадвараа сорих тун хариуцлагатай барилдаан байлаа.

Энэ хоёр бөх өмнө нь Тбилист болсон олон улсын тэмцээнд учраа таарч Ж.Даваажав ялагдаж дөрөвдүгээр байрт шалгарсан байдаг. Харин олимпын дэвжээн дээрх энэ барилдаанд манай бөх Д.Карабиныг 7:5-аар ялж чадсан. Яг энэ мөчид нөгөө дэвжээн дээр алдарт бөх П.Пинигин Болгарын залуу бөх Валентин Райчевт цэвэр ялагдсан юм. Ийнхүү чөлөөт бөхийн 74 кг-д олимпын аваргын төлөө барилдах Монгол, Болгарын бөхчүүд нэг цаг мөчид тодорсон билээ.

Ж.Даваажав агсны аваргын төлөөх барилдааны төгсгөлд оноо 5:5 болж тэнцээд байх үед В.Райчев олимпын аварга болох хожлын оноог авч, манай бөх олимпын мөнгөн медальтан болсон түүхтэй.

Энэ барилдааны тухай хожим нь 1992 онд “Таван цагираг” сонинд “Би зургаа алхаад л Райчев арагшаа ухраад л цаг дууссан… Би их гоомой мэх хийгээгүй бол тэнцүү оноотойгоо дуусахад л ялалт минийх байлаа” хэмээн дурсан ярьж байсан юм.

Тухайн үед түүнийг хэдхэн секундын дотор олимпийн алтан медалийг алдлаа гэсэн зэм хүртээж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг. Тэрбээр, олимпийн дараа 1981 онд АНУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэр жилээ ДАШТ-д хүч үзэж тавдугаар байр эзэлсэн юм. Ж.Даваажав агсан чөлөөт бөхийн дэвжээнд ид гялалзаж явсан 1977-1981 онуудад өөрийн жингийн дэлхийн шилдэг бөхчүүдээс бараг бүгдийг нь ялсан шилдгийн шилдэг бөх байсныг нөхөд нь дурсдаг.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!