Спорт

Өрсөлдөгч багтаа тоглогчоо зараад харамссан Премьер лигийн 5 тохиолдол

Овог омгийн үзэл нь хөлбөмбөгт маш их дэлгэрсэн бөгөөд хөгжөөн дэмжигчид өөрсдийн эв нэгдэл, үнэнч байдалд асар их ач холбогдол өгдөг билээ.

Аливаа тоглогч клубээ орхин өрсөлдөгч багтаа очно гэдэг ойлголт хөгжөөн дэмжигчдийн нүдэнд төсөөлөгддөггүй ч бид Премьер лигийн түүхэн хугацаанд гол өрсөлдөгчдөө эсвэл нэг хотын хөршдөө очсон хэд хэдэн жишээг харж байсан.

Ингэж явах нь харамсалтай хэдий ч очоод амжилтад хүрэхэд нь бүр харамсалтай.

Ингээд өрсөлдөгч багтаа тоглогчоо зараад харамссан Премьер лигийн 5 тохиолдлыг танилцуулъя.

5. Eric Cantona

Магадгүй тоглогч багаа сольж асар их амжилтыг олсон хамгийн тод жишээ бол Эрик Кантонагийн Лийдсээс Манчестер Юнайтед руу шилжсэн явдал юм. Тэр үүгээрээ Английн хөлбөмбөгийн түүхийг өөрчилсөн.

Кантона Францын хөлбөмбөгт өнгөлөг байсан карьераа үргэлжлүүлэн Элланд Роудэд ирсэн бөгөөд 1992 оны 1-р сард гэрээ байгуулж, Лийдсийг Премьер лигийн өмнөх улирлын аварга цол хүртэхэд нь тусалсан.

Лийдс Премьер лигийн анхны улиралд аварга цолоо хадгалан үлдэх зорилготой байсан бөгөөд Кантона Charity Shield-д хет-трик хийж улирлыг ганган эхлүүлэв.

Гэвч удалгүй тоглогч, дасгалжуулагч хоёрын хооронд харилцаа муудаж Кантона багаа солихоор болов.

Хачирхалтай нь Лийдс хойд зүгийн хүчтэй өрсөлдөгч багтайгаа наймаа хийсэн ба лигийн 8-р байранд явж байсан Манчестер Юнайтедад Кантона очсон юм.

Үлдсэн нь түүх юм.

Улирлын хоёрдугаар хагаст Улаан чөтгөрүүд Английн аварга болж 26 жилийн цомын хүлээлтийг зогсоосноор Кантона хөгжөөн дэмжигчдийн дуртай тоглогч болсон юм.

Кантона Сэр Алекс Фергюсоны багт зөв цагт төгс таарсан тоглогч байсан бөгөөд Юнайтед Премьер лигийн эхний жилүүдэд ноёрхож 5 улирлын турш 4 удаа аварга болж 1994 онд оны шилдэг тоглогч болж байсан.

Лийдст төдийлөн тохироогүй ч Манчестер хотод байр сууриа олж клубын хамгийн агуу тоглогчдын нэг болж Премьер лигийн түүхэн дэх хамгийн сонин солилцооны нэг болсон.

4. Andy Cole

Манчестер Юнайтед Премьер лигийн эхэн үед ноёрхож байсан боловч 90-ээд оны эхээр сэргэн мандаж байсан Ньюкаслаас шинэ сорилттой тулгарч байв. Кевин Киганы баг дээд лигт дэвшиж дараагийн улиралдаа лигт 3-р байранд орж байв.

Ньюкаслын амжилтыг Арсеналд амжилт гаргаж чадаагүйнхээ дараа Бристол Ситигээс Сейнт Жеймсийн цэцэрлэгт хүрээлэнд ирсэн Энди Коулын гайхалтай тоглолтуудтай холбодог.

Коул Премьер лигийн эхний улиралдаа 34 гоол, 13 гоолын дамжуулалт өгсөн бөгөөд энэ үзүүлэлтээрээ лигийг тэргүүлж Алтан гутал, оны шилдэг залуу тоглогчийн шагналыг хүртэж байсан.

Тэрээр Юнайтедийн ноёрхлыг зогсоох Ньюкаслын түлхүүр тоглогч байсан ч шаазгайнууд барьж авахыг оролдож байсан багтаа түүнийг зарсан юм.

Юнайтед 1995 оны 1-р сард Британийн рекорд үнэ болох 7 сая фунт стерлинг /6 сая фунт стерлинг + Кейт Жиллеспи/-ийн саналыг тавьсан бөгөөд Ньюкасл ч үүнийг зөвшөөрч Коул Манчестерийг зорихоор болсон.

Тэрээр анхны улиралдаа Премьер лигт түрүүлсэн бөгөөд нийт 4 удаа лигийн аварга болж Аваргуудын лигт мөн түрүүлсэн.

Харин Ньюкасл уг мөнгөөр Лес Фердинандыг авсан бөгөөд тэр ч гайхалтай тоглолтыг үзүүлэн Шаазгайнууд 1996, 1997 онуудад дараалан дэд аварга болж байсан.

3. Ashley Cole

Эшли Коул Арсеналын академиас гарч ирэн хойд Лондонгийн өмсгөлтэй лигийн 2 удаагийн аварга болж, 2003/04 онд Премьер лигийн “Ялагдашгүй” багийн бүрэлдэхүүнд байсан билээ.

Энэ ялалтаас хоёрхон жилийн дараа тэрээр Лондоны өрсөлдөгч Челси клубт очиж гайхшруулсан.

Челси энэ наймааг хийснээрээ торгууль хүлээсэн бол Коулыг Арсеналын хөгжөөн дэмжигчид “хөлсний цэрэг” гэж нэрлэх болсон. Энэ солилцоогоор Коул Челсид очсон бол Арсенал бэлэн мөнгө болон Уильям Галласыг авсан билээ.

Залуучуудын багаас гарч ирэн үндсэн багт тоглож Арсеналын домог болох байсан Коулыг урвагч хэмээх болсон ч энэ наймаа нь Лондонгийн хоёр багийн ирээдүйн зорилгыг илэрхийлж байв.

Коул нэр хүндээ улам өргөж, Премьер лигийн хамгийн гайхалтай зүүн жигүүрийн хамгаалагчдын нэг болж карьерынхаа туршид бараг бүх боломжит томоохон цомыг өргөж 2012 онд Аваргуудын лигт түрүүлсэн.

Харин Арсенал Коулыг явснаас хойш 8 жилийн турш томоохон хэмжээний цом авч чадаагүй юм.

2. Carlos Tevez

Өөр нэг шилжилт бол Карлос Тевес Манчестер Юнайтедээс Манчестер Ситид очсон явдал юм.

Тевес Улаан Чөтгөрүүдтэй хоёр улирал хамт тоглож, 2 удаа лигийн аварга цолыг хүртэж байсан бөгөөд Криштиану Роналду, Уэйн Рүүни нартай зэрэгцэн гайхалтай довтолгооны хэсгийг бүрдүүлж, 2008 онд Сэр Алекс Фергюсоны удирдлага дор Аваргуудын лигт түрүүлж байсан.

Дараагийн улиралд Тоттенхэмээс Димитар Бербатов ирсэн нь түүний тоглох минутыг багасгасан тул Тевес явахаар шийдэж, Ситигийн шинэ төсөл дээр нэгдсэн билээ.

Аргентин тоглогч эхний хоёр улирлын турш 52 гоол оруулж, 2011 онд Ситид Английн цомын тэмцээнд түрүүлэхэд туслаж 35 жилийн цомын цангаа тайлагдсан ба дараагийн улиралд нь гайхалтай байдлаар Манчестер Юнайтедийн аваргын цолыг булааж чадсан.

Дараа нь тэрээр “R.I.P Fergie” гэсэн зурагт хуудас барин аваргын баяраа тэмдэглэсэн билээ.

1. Robin van Persie

Дээр дурдсан Манчестер Ситигийн амжилт нь Манчестер Юнайтедийг 2012 оны зуны солилцоо наймааны үеэр ажиллахад хүргэсэн бөгөөд Сэр Алекс Фергюсон нэг хотын өрсөлдөгчөөсөө аваргын цолоо буцааж авахыг хүсч байв.

Иймд Фергюсон өмөнх улиралд нь Премьер лигийн Алтан гутал шагналыг 30 гоол оруулж хүртсэн, оны шилдэг тоглогчоор шалгарсан Арсеналын ахлагч Робин ван Персийг авахаар болжээ.

Арсенал, Манчестер Юнайтед Премьер лигийн түүхэн дэх гол өрсөлдөгчид байсан ч Их Буучдын ирээдүй бүдгэрч, Улаан Чөтгөрүүд гэрээний хугацаа нь дуусахад ердөө нэг жил үлдсэн довтлогчтой гэрээ байгуулж боломжийг ашигласан юм.

Ван Перси, Сеск Фабрегас, Самир Насри нар цом авах хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр багаа орхисон нь Арсеналыг алдарт он жилүүдээсээ хэр хол ухарсныг харуулсан юм.

Энэхүү наймаа нь Арсеналыг сулруулж, агуу өрсөлдөгчдийнхөө нэгийг хүчирхэгжүүлсэн бөгөөд Ван Перси Улаан чөтгөрүүдийн төлөө хйисэн анхны улиралдаа лигийн 26 гоолыг оруулснаар Алтан Гутал шагналыг дараалан хүртэж, Юнайтедын дээд лигийн рекорд болох 20 дах аваргын цолыг авахад тусалсан юм.

Тэрээр гурван улирлын турш 105 тоглолтод 58 гоол оруулж, Фэнербахчег зорьсон билээ.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!