Спорт

Хамгийн их дэмжигчтэй, ид барилдаж буй 10 бөх

Ид барилдаж байгаа бөхчүүдээс хамгийн их дэмжигчтэй 10 бөхийг онцлон танилцуулж байна.

10. Д.Анар

Доржийн Анар нь Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, 1992 онд төрсөн, улсын харцага цолтой бөх юм.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Серикээр дөрөв, улсын начин Д.Амарсайханаар тав, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр зургаа давж “Улсын харцага” цол хүртсэн.

9. Э.Даш

Эрдэнэбатын Даш нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.

Ардын хувьсгалын 94 жилийн ойн наадмын тавын даваанд улсын начин Т.Баасанхүүгээр тав даван шөвгөрч “Монгол улсын начин” цол хүртсэн.

8. О.Хангай

Оргихын Хангай (1990 онд төрсөн) нь Ховд аймгийн Буянт сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх юм.

Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, аймгийн арслан Б.Сериктай тунан барилдаж, зургаа даван шөвгөрч “Улсын харцага” цолыг хүртсэн.

7. Т.Баасанхүү

Төрөөгийн Баасанхүү нь Увс аймгийн Тэс сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага юм. Тэрээр үндэсний бөхөөс гадна самбо, жүдо бөхөөр хичээллэдэг бөгөөд самбо бөхийн 2009 оны залуучуудын УАШТ-ийн хүрэл, жүдо бөхийн оюутны УАШТ-ийн хүрэл медальтай. Том ах Т.Даваажав нь сумын цаан цолтой, дунд ах Т.Мягмаржав нь аймгийн арслан цолтой, улсад 3 давж байсан.

Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Тайвангаар дөрөв, улсын начин Л.Лха-Очироор тав, аймгийн арслан (улсын начин) Д.Амарсайханаар зургаа давж ” Монгол улсын харцага ” цолыг хүртсэн.

6. Ч.Санжаадамба

Чимэдрэгзэнгийн Санжаадамба (1985-12-30) нь нь Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм. Монгол Улсын 22 дахь аварга.

Ч.Санжаадамба нь цэргийн хурц арслан цолноос шууд улсын заан гэх эрхэм цолны эзэн болж байсан, 2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн, мөн Гиннесийн номд зориулсан 6002 хүчит бөхийн барилдаанд түрүүлж Гиннесийн номд нэрээ мөнхөлсөн тэрээр Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж Монгол Улсын аварга цол авсан гэх түүхэн амжилтуудын эзэн юм. Түүнийг бөх сонирхогчид өнөө цагт төрсөн жудагтай ховорхон сайн бөхчүүдийн нэг хэмээдэг.

5. Б.Батмөнх

Батзоригийн Батмөнх нь (1985) Төв аймгийн Баянхангай сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм. ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх.

2013 онд Улсын наадамд 7 давж Улсын заан цол хүртсэн.

4. Р.Пүрэвдагва

Ренчинбямбын Пүрэвдагва (1985-11-21) нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, үндэсний бөхийн Улсын арслан юм. Бөх билэгт дэвжээний бөх.

2016 онд Улсын наадамд 9 давж үзүүрлэн Улсын арслан цол хүртэв.

3. Б.Гончигдамба

Батнасангийн Гончигдамба (1985 оны 1 сарын 15-нд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн) нь үндэсний бөхийн улсын гарьд цолтой бөх юм. Тэрээр улсын баяр наадамд 2006 онд анх удаа зодоглож, нэгийн давaанд Сэлэнгэ аймгийн харьяат, сумын заан Б.Эрдэнэбаярт унаж гараагаа эхэлж байжээ.

2013 онд Улсын наадамд 8 давж Улсын гарьд цол хүртсэн.

2. П.Бүрэнтөгс

Увс аймгийн Давст сумын уугуул, үндэсний бөхийн улсын аварга юм. Увс аймгийн Давст сумаас анх 1981 онд Мядагийн Мөнгөн арслан цол хүртсэнээс хойш 21 жилийн дараа төрсөн арслан цолтон юм. Олимп дэвжээнд 4 жилийн турш бэлтгэл хийнгээ улс, аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж байлаа. 2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа Увс нуур дэвжээний тамирчдын нэг болжээ.

2020 онд Улсын наадамд 9 даван түрүүлж Улсын аварга цол хүртсэн.

1. Ц.Содномдорж

1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Үндэсний бөхийн Улсын арслан юм. Тэрээр 2009 оны үндэсний их баяр наадмаар 5-ын даваанд Монгол улсын харцага Т.Өсөх-Ирээдүй (Тухайн үедээ Монгол улсын начин цолтой байсан)-тэй тунан барилдаж давснаар Монгол улсын начин цолыг хүртсэн. Улмаар 2011 оны үндэсний их баяр наадамд Монгол улсын заан Батзоригийн Батмөнх (тухайн үедээ аймгийн арслан байсан)-өөр 6 даван харцага цолны болзол хангасан. 2015, 2016 онуудад 6 давж харцага цолоо баталсан тэрээр 2017 оны наадамд 9 даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртжээ. Ц.Содномдорж нь бие галбир сайхантай, уран гоё барилдаантай, олны хүндлэл хүлээсэн бөх билээ.

Бусад мэдээ

4 сэтгэгдлүүд

  1. Бүрэнтөгс мэхгүй бөх түүний оронд Батсуурь нь мэдрэмж сайтай, мэхний олон хувилбартай хамаагүй илүүшдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!