Спорт

Хамгийн олон түрүү бөхтэй аймгууд

Улсын баяр наадмаас түрүү хүртсэн тоогоор аймгуудыг эрэмбэлбэл хорин нэгэн аймгаа Увсын цэнхэр хязгаарын хүчтэнүүд магнайлж, Арын сайхан Архангай хүчтэнүүд удаалж Хэнтий, Төв, Хөвсгөл аймгууд айргийн тавд багтаж байна. Хорин нэгэн аймгаас одоогоор Баян-Өлгий, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Сүхбаатар аймгуудын хүчтэнүүд улсын баяр наадмаас түрүү хүртээгүй байна.

Түрүүлж байгаагүй

Үндэсний бөхийн түүхэнд нийт 14 аймгийн бөхчүүд түрүүлсэн байдаг бөгөөд харин 7 аймаг ганц ч түрүү аваагүй байна. Эдгээрт: Баян-Өлгий, Сүхбаатар, Дундговь, Дорноговь болон сүүлд шинээр нэмэгдсэн 3 аймаг болох Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгууд багтдаг аж. Эдгээрээс Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат улсын арслан Дагвадоржийн Азжаргал 2006 онд Улсын наадамд 9 давж үзүүрлэж байжээ.

1 түрүү

Ховд, Баянхонгор, Өмнөговь гэсэн 3 аймгийн бөхчүүд тус бүр 1 удаа түрүүлж байсан байна.

  • 1940 онд Ховд аймгийн Буянт сумын харъяат улсын арслан Ш.Ванчинхүү
  • 1949 онд Баянхонгор аймгийн Богд сумын харьяат улсын арслан П.Аюуш
  • 1969 онд Өмнөговь аймгийн Манлай сумын харъяат улсын арслан Г.Дэмүүл

2 түрүү

Говь-Алтай, Сэлэнгэ, Дорнод аймгууд нь 2 удаа түрүүлж байжээ.

  • Дорнод аймгаас 1936 онд Л.Балсан арслан, 1937 онд Ш.Гэлэг арслан (эдгээр 2 бөх бүгд 10 давсан)
  • Сэлэнгэ аймгаас 1921 онд Д.Дамдин, 2013 онд Г.Эрхэмбаяр аварга
  • Говь-Алтай аймгаас 1947, 1948 онд дархан аварга Ш.Батсуурь түрүүлж байв.

3 түрүү

Завхан аймаг нь 3 удаа түрүүлж байжээ. 1924 онд “Босоо” С.Шагдар, 1930 онд С.Шагж арслан, 1933 онд М.Лхагва арслан тус тус түрүүлж байв.

8 түрүү

8 удаа түрүүлсэн амжилтаар Өвөрхангай аймаг 7-р байранд орж байна.

  • 1927 онд Өвөрхангай аймгийн Сант сумын харъяат улсын арслан О.Аюур 10 давж түрүүснээс хойш ахин түрүү авалгүй яг 51 жил завсарласан байдаг.
  • Үүнийг дархан аварга Д.Цэрэнтогтох зогсоосон бөгөөд тэрээр 1978, 1980, 1983, 1984 онуудад буюу 4 удаа түрүүлжээ.
  • 1985 онд улсын арслан Б.Ганбаатар
  • 2006 онд улсын аварга Д.Сумъяабазар (10 давсан)
  • 2008 онд улсын арслан Д.Ганхуяг нар түрүүлэв.

9 түрүү

Ардын хувьсгалын 10 жилийн ойгоор анхныхаа түрүүг авч байсан Булганыхан 9 удаа түрүүлснээр жагсаалтын 6-р байранд орж байна.

  • 1931 онд улсын арслан М.Бэх-Очир
  • 1939, 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 онд дархан аварга Б.Түвдэндорж
  • 1961 онд даян аварга С.Цэрэн түрүүлж байв.

1961 оноос хойш Булганы бөхчүүд түрүүлээгүй бөгөөд 60 дахь жилдээ үргэлжилж байна.

10 түрүү

Улсын их баяр наадамд анх удаа 5 дараалан түрүүлж байсан дархан аварга Дарийн Дамдин тэргүүтэй Хөвсгөлийн хүчтэнүүд 10 удаа түрүүлсэн амжилтаар 5-р байранд орж байна.

  • 1942 онд улсын арслан Ө.Чүлтэмсүрэн
  • 1951 онд улсын аварга Ж.Цэвээнравдан
  • 1956, 1957, 1958, 1959, 1960 онд дархан аварга Д.Дамдин
  • 1970 онд улсын аварга Ч.Бээжин
  • 37 жил завсарласны эцэст 2007 онд улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлсэн
  • Хамгийн сүүлд буюу 2017 оны наадмаар улсын арслан Ц.Содномдорж түрүүлээд байна.

14 түрүү

Дархан аварга Ж.Мөнхбат, А.Сүхбат, аварга Д.Хадбаатар тэргүүтэй Төв аймгийнхан улсын баяр наадмын 14 түрүү авсан амжилтаар 4-р байранд орж байна.

  • 1932 онд улсын арслан П.Бат-Очир
  • 1935 онд улсын арслан Л.Чимэд
  • 20 жилийн дараа буюу 1955 онд улсын арслан С.Оргодол
  • 1963, 1964, 1965, 1966, 1967, 1974 онд дархан аварга Ж.Мөнхбат
  • 1976, 1986 онд улсын аварга Д.Хадбаатар
  • 2000, 2001, 2004 онд дархан аварга А.Сүхбат нар түрүүлж байв.

15 түрүү

Улсын их баяр наадамд хамгийн олон удаа буюу 11 удаа түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аваргын үнэмлэхүй амжилтын ачаар Хэнтийн бөхчүүд 3-р байранд 15 түрүүтэйгээр орж ирлээ.

  • 1925 онд улсын аварга Г.Самдан түрүүлснээс хойш Хэнтийн бөхчүүд 63 жил түрүүлээгүй байсан юм.
  • 1988, 1989, 1990, 1990*, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999 онуудад дархан аварга Б.Бат-Эрдэнэ
  • 2015, 2019 онд улсын аварга Э.Оюунболд нар түрүүлжээ.

* – Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт зохион байгуулагдсан “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн даншиг баяр наадам

16 түрүү

Арын сайхан хангай нутгийнхан 16 түрүүтэйгээр 2-р байранд явж байна. Олон түрүүтэй бусад аймгийнхнаас ялгаатай нь 1 хүний давамгайлал байхгүй бөгөөд нийт 11 хүчтэн улсын их баяр наадамд түрүүлж байжээ.

  • Ардын хувьсгалын анхны ойгоор буюу 1922 онд улсын аварга Г.Вандан
  • 1923 онд улсын арслан Д.Далантай
  • 1926, 1928 онд даян аварга Н.Жамъян (“Буур”)
  • 1929 онд улсын арслан Б.Банзар
  • 1934 онд улсын арслан Х.Дэлэг
  • 1938 онд улсын арслан Б.Төрбат (дээрх бөхчүүд бүгд 10 давсан)
  • 1943 онд улсын арслан Д.Лувсанжамц
  • 1944, 1950 онд даян аварга Ц.Чимэд-Очир
  • 1962 улсын арслан Д.Жамц түрүүлснээс хойш яг 40 жил Архангайн бөхчүүд түрүүлж үзээгүй байсан юм.
  • 2002, 2003, 2005, 2009 онд дархан аварга Г.Өсөхбаяр
  • 2016 онд улсын аварга Ч.Санжаадамба (10 давж) түрүүлжээ.

17 түрүү

Архангайн түрүү 16, Увсын түрүү 15 болоод байсан 2018 оны наадмын үзүүр түрүүнд Увс, Архангайн хоёр бөх үлдэж, улсын арслан Н.Батсуурь улсын аварга Санжаадамбыг хаясан юм. Ийнхүү 1922 оны Ардын хувьсгалын анхны ой болсон барилдаанаас 1968 он хүртэл буюу домогт аварга Х.Баянмөнхийг анх удаа түрүүлэх хүртэл 46 жилийн хугацаанд нэг ч удаа түрүүлж байгаагүй хэдий ч Увсын бөхчүүд маань 16 удаа түрүүлсэн амжилтаар Архангайн бөхчүүдтэй тэнцэж ирсэн. Харин 2020 онд улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлснээр Увс аймгийнхан бусад аймгаа хошуучилж эхэлсэн байна.

  • 1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987 онд дархан аварга Х.Баянмөнх
  • 1991 онд улсын аварга О.Балжинням
  • 2010 онд улсын арслан Б.Ганбат
  • 2011 онд улсын аварга С.Мөнхбат (10 давсан)
  • 2014, 2018 онд улсын аварга Н.Батсуурь
  • 2012, 2020 онд улсын аварга П.Бүрэнтөгс нар түрүүлж байв. 

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!