Хоолны жор

Наполеон торт

Бага байхад ээж минь баяр бүрээр Наполеон торт хийж өгдөг байлаа. Маш гоё амттай болохоор тэр дороо л дуусчихдаг байж билээ. Энэ удаад ээжийн жороор та бүхэнд наполеоныг зүрхэн хэлбэрт оруулан хүргэж байна.

ОРЦ:

  • 500 гр гурил
  • 250 гр масло
  • 2 ш өндөг
  • 100 мл сүү

Крем

  • 200 гр масло
  • 1 ш молоко

ХИЙХ АРГА:

1. Гурил дотроо хөлдүү маслоо тёркоор үрнэ. Масло нь их амархаан үрэгдэнэ.

2. Маслоо гурилтайгаа нийлүүлж багсарна. Масло нь шингээд жигд болно. Дээрээс нь 2 ш өндөг 100 мл сүүгээ хийгээд гурилаа зуурна.

3. Гурилаа сайтар нухаад 6-7 ш тэнцүү хуваана. Гурил маслотой учраас элдэхэд хэвэнд орохгүй нялцайгаад бутраад байдаг. Хөлдөөгчинд 30 мин амраана. эсвэл хөргөгчинд 1 цаг байлгана. Ингэхээр масло нь царцаад элдэхэд хялбар болно.

4. Гурил амарч байх хооронд кремээ бэлдэнэ. 200гр масло, 1 лааз молокотой нийлүүлж хутгана. Масло тасалгааны хэмд зөөлөрсөн байх хэрэгтэй. Миксерээр хутгавал өтгөн бүр гоё болдог юм билээ.

5. Зүгээр хутгасан ч болно.

6. Гурилаа нимгэн элдээд хэвлэнэ. Сэрээгээр хатгаж цоолно. Хатгахгүй бол гурил маань бондгор бондгор хөөгөөд онцгүй болно.

7. Шарах зуухаа 200-220 хэмд урьдчилж халаана. Гурилаа 10-12 мин жигнэнэ. Сайн халаахгүй бол болохгүй удаад байдаг. Ингээд печенээ зуухнаас гарангуут нь халуун дээр нь кремээ зузаахан түрхэж өгнө. Халуун дээр нь түрхвэл крем нь амархан шингээд давхрагууд нь хоорондоо наалдаад зөөлхөн болдог. Сайн дарж түрхэнэ. Бага зэрэг хагарвал зүгээр зүгээр.

8. За ингээд бүгдийг нь давхарлаад кремээ түрхэнэ. Хэвлээд илүү гарсан печенээ нухаж үйрмэг болгоод гадуур нь бүрж түрхэнэ. Гүзээлзгэнээр чимэглэлээ.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!