Бусад

Аварга, заан хоёрт тохиолдсон гайхалтай түүх

Хүний л амьдрал хойно бөхчүүдэд бусдын адил зовлон жаргал тохиолдож л байдаг. Монгол бөхийн босоо цагаан их өргөөний хойморт олон аваргууд цагийг эзлэн заларч байгаагаас нь ес нь баяр наадмын манлай олныг баясуулагч, даяар дурсагдах далай даян дархан аварга агаад тэдний нэг нь Монгол улсын үндэсний спортын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар дархан аварга Д.Цэрэнтогтох юм.

1972 оны улсын баяр наадамд анх удаа зодоглосон байлдагч Цэрэнтогтох шууд 6 давж өсөх идэр Улсын начин цол авсан агаад тэр намраа нутгийнхаа бүсгүй О.Отгончулуунтай ханилжээ. Анхны үр нь хөвүүн төрсөн ч 1976 оны Монреалийн зуны олимпийн урьдхан өвчний учир нялхдаа эндэж, залуухан эх эцгийнхээ зүрхийг шархлуулсан гунигт явдал болжээ.

Удаах хүүхэд нь охин мэндэлсэн бөгөөд хувь заяаны сонин учралаар Цэрэнтогтох аварга өөрөө охиноо эх барьж авсан түүхтэй ажээ. Тэр үед аваргынх Таван шарын байранд айлын хажуу өрөө хөлслөн суудаг байсан агаад эхнэр нь гэнэт өвдөж түргэн тусламж ирэхээс өмнө яах ийхийн зуургүй амаржиж аварга эх барьжээ. Гэргий Отгон нь сувилагч тул нөхөртөө зөвлөж яахыг хэлж өгсөн аж.

-Тэр үед ёстой л саунд суучихсан юм шиг хамаг биеийн хөлс асгарчихсан байж билээ. Түргэний эмч бүр хожуу ирсэн л дээ. Тэгээд эхнэр, охин хоёрыг маань эмнэлэг рүү аваад явлаа. Намайг “Гэртээ төрүүллээ” гэж эмч загнаад эмнэлэгт очсон хойно намайг дотогшоо оруулдаггүй. Тэр үед надад яагаад ч юм “Тоншуул” сэтгүүлийн сурвалжлагчийн үнэмлэх явж байсан юм. Түүнийгээ эмчид нь гаргаж үзүүлээд зад загнаж байгаад эхнэр охин хоёр дээрээ орчихож билээ хэмээн Цэрэнтогтох аварга дурсдаг юм. Энэ бол хүний амьдралд маш ховорхон учрах гайхалтай тохиолдол билээ.

Үлгэрт эсгий гэрээ ээжтэйгээ хамт үүрээд нүүдэл хийсэн тухай өгүүлдэг. Тэгвэл яг ийм тохиолдол Долгорсүрэн заанд тохиожээ. Сумогийн их аварга Асашёорюү Дагвадорж тэгэхэд хорвоод ч мэндлээгүй байв. Долгорсүрэн зааныг “Бушхүүгийн үлгэр” гэдэг кинонд тоглуулахад ээжийгээ гэртэйгээ хамт өргөөд явдаг хэсэг уг кинонд байжээ.

Энэ кинонд Жалаа начин бас тогложээ. Сонирхолтой нь Долгорсүрэн заан цэргээс халагдаад Улаанбаатарт ажил хийж амьдрах болохдоо ээж дүү нараа Өвөрхангайгаас авчирчээ. Нэг өдөр ээжийнх нь бие өвдөж эмнэлэгт аваачих хэрэгтэй болов. Тэр үед телефон утас гэрт нь байсангүй. Автобус такси ч бүр бараг үгүйтэй адил тийм цаг байжээ.

Улсын начин цол хүртээд байсан Долгорсүрэн заан ээжийгээ хувцаслаад нуруундаа үүрч хаа байсан Орбит, Толгойтоос явганаар хотын төв рүү ирж эмнэлэгт авчран ээжийгээ үзүүлж хэвтүүлжээ.

-Ээж минь хөнгөхөн байсан юмуу. Тээр хол газраас замдаа нэг ч амралгүй ээжийгээ үүрээд алхаж байхдаа би ядарч түүртсэнээ мэддэггүй юм. Хамгийн гол нь ээж минь л хурдан эдгээсэй, бушуухан л эмнэлэгт аваачиж эмчид үзүүлэх юмсан гэж бодож байсан.

Хожим “Бушхүүгийн үлгэр” киноны Монгол бөхийн дүрд тоглохдоо муу ээжийгээ ингээд эмнэлэг рүү үүрч явснаа санаж байсан даа… гэж Долгорсүрэн заан дурссан байдаг. Амьдралд олон сайхан учрал тохиолддог. Цэрэнтогтох аварга, Долгорсүрэн заан хоёрт учирсан энэ хоёр явдал чухам тийм ажгуу.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!