Бусад

Хадаа аваргын нойр, нулимс, инээмсэглэл гурав ямархан үнэтэй байсан бэ

“Аваргын ханыг цөмлөх хэцүү дээ, хэцүү, Аргатай аавын хүүд биш, аатай аавын хүүд ч биш, хувьтай хүний үрд л аваргын хаалга онгойдог юм” гэж дархан аварга Ж.Мөнхбат гуай нотлон өгүүлсэн удаатай. Зарим хүн нэг түрүүлээд шууд аварга цол авдаг бол Мөөеө аварга улсын наадамд гурван жил дараалан түрүүлээд ихэс дарга нарыг зад зандран байж энэ эрхэм алдрыг хүртсэн ажгуу.

Тэгвэл Хадаа аваргын хувьд аварга цолд хүрэхийн тулд бүтэн арван жил зарсан байдаг юм. Энэ хугацаанд Хад аварга гурван удаа үзүүрлэсэн хэдий ч түүнд аварга цол олгоогүй билээ. Хүүхэд шиг гэнэн энэ хүчтэн 1984 оны үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний бүсийн барилдаанд Мөнгөн арслантай барилдаж байхдаа мөрийг нь дэрлээд зогсоогоороо унтчихсан байсан гэдэг. Яагаад вэ гэхээр тэр үед улсын аваргын тэмцээнд шалгарахын тулд нийгэмлэг, бүс, хотын гэсэн шатарчилсан барилдааныг маш шахуу, дэндүү ойр ойрхон зайнд явуулдаг байснаас бөхчүүд цуцаж, ядаргааны туйлд хүрдэг байжээ.

1980 оны улсын баяр наадмын урьдхан Хадаа “хэл ам”-д ороогдон цагдаад байцаагдаж байв. Хэрэгт холбогдож ялд унана гэж санаагүй Хадаа наадамдаа зодоглохоор Төв цэнгэлдэхийн хаалгаар алхан орохдоо “Энэ жил би түрүүлнэ” гэсэн бодолтой байжээ.

Зүүний магнайд гарахаар зодог шуудгаа өмсөж зэхээд нэгийн давааны оноолтоо хүлээгээд сууж байсан Хадаа дээр хоёр цагдаа хүрч ирээд, “чамайг наадамд барилдуулахгүй” гэж хэлээд хувцаслаж хамт явахыг шаардахад хөөрхий Хадаа “яагаад?” гэж асуулгүй яахав.

-Чи гэмт хэрэгт холбогдсон тул чамайг улсын наадамд барилдуулах нь нам засгийн үзэл сурталд таарахгүй гэж үзсэн гэж цагдаа нарыг сүржигнэн тайлбарлахад Хадаа сууж байсан модон сандлаа зодгоороо шавхуурдаад “хурдан яв” гэж шаардах цагдаа нарын араас нулимстай нүдээ арчсаар дагаж одсон гэдэг.

Тэгэхэд дэргэд нь сууж байсан Цэрэнтогтох аварга өөрийн эрхгүй нулимс унагасан гэдэг. Хадаа аварга анх шоронд суугаад гарч ирснээсээ хойш бор дарсанд хорхойсдог болсон байжээ. Хүмүүс ч архи бариад гүйж ирэх нь элбэг байсан юмсанж.

Самбо барилдааны Дэлхийн аваргын бэлтгэлд гарчихаад байсан нэг өдөр дасгалжуулагч, Улсын начин Ч.Өвгөнхүү,

-“За, та хоёр Хадааг нүдээ салгахгүй сайн харж байгаарай, битгий алдчихаарай. Алдчих юм бол сахилгад сууна гэж мэдээрэй!” хэмээн Улсын начин Дармаабазар, аймгийн арслан Батдорж /Гарди магнай кинонд тоглодог/ хоёрт тушаажээ. Учир нь тэр үед Хадбаатар “Алдар” нийгэмлэгийн тамирчин ахлагч байсан аж. Өвгөнхүү начны тушаалыг мөнөөх хоёр яс дагасан нь мэдээж. Хадааг хаашаа л явна, Спортын төв ордон дотуур салахгүй дагаад явжээ. Хадаа ч учир шалтгааныг ойлгоод өнөө хоёроосоо бултах арга бодно биз. Тэгээд жорлон руу орохдоо,

-“Та хоёр гадаа байж бай. Би удаан бие засна” гэж хэлжээ. Нөгөө хоёр хүлээгээд л байж. Хагас цаг өнгөрөв. Хариугүй бүтэн цаг болох нь ээ. Хэрэг бишидсэнийг ухаарсан нөгөө хоёр жорлонд ороод Хадааг олсонгүй. Тэгэхнээн баавгай шиг том биетэй Хадаа жорлонгийн жижигхэн цонхоор шургаад гараад явчихсан байжээ, Яаж багтсан юм бүү мэд. Тэвдэж сандарсан Дармаабазар начин, Батдорж арслан хоёр Спортын ордноос гүйлдэн гараад хавь ойроор хичнээн эрж хайгаад ч Хадааг олсонгүй. Хагас цагийн дараа Хадаа нь “Улаанбаатар” рестораны довжоон дээр зогсчихсон өнөө хоёрын зүг гараа даллаад, улаа бутарсан царайтай амьтан тун ч сэтгэл хангалуун маадгар зогсож байхыг нь харсан гэлцдэг юм. Хөөрхий, Хадаагийн нойр, нулимс, инээмсэглэл гурав ямархан ч үнэтэй байж вэ дээ…

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!