Бусад

Аварга болохын тулд Дамдинд гурван удаа түрүүлэх, Бээжинд 16 наадам элээх “хугацаа” шаардагджээ

Хакухо Даваажаргал, Асашёорюү Дагдадорж нарыг эс тооцвол энэ зуунд Монголоос одоогоор А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, Э.Оюунболд, П.Бүрэнтөгс гэдэг есөн аварга төрөөд байна. Харин өнгөрсөн 20-р зуунд 21 аварга тодорчээ. Өөрөөр хэлбэл таван жилд нэг аварга төрдөг гэсэн математик дүгнэлт хийж болох нь. Ардын хувьсгалаас өмнөх 21 жилд Ш.Лувсанжамба, С.Чүлтэм, Ц.Буянтогтох, Х.Шаравжамц, М.Мөррэнчин хэмээх таван аварга тодорчээ.

Сүүлийн хоёр зуунд төрсөн аваргуудын “Аваргын ханыг” нэвтэлсэн насны байдлыг үзвэл даншигт найм, арван засагт таван удаа түрүүлсэн Гэнэнгийн Өсөхбаяр дархан аварга хамгийн залуудаа буюу 20 насандаа анх даншиг наадамд магнайлж, 22 насандаа хоёр дахь удаагаа түрүүлэн “аваргын” алдрыг олжээ. Даншигт долоо, арван засагт таван удаа түрүүлсэн Омбойн Дугар аварга 24 насандаа аваргын оргилд хүрч байв.

Сонирхолтой нь дээрх орь залуудаа аварга цол авсан хоёр хүчтэний эцгүүд нь арслан /Гэнэн/, заан /Омбой/ цолтой удам залгасан бөхчүүд байжээ. Харин орчин үеийн аваргууд буюу 1921 оноос хойш аварга цол авсан хүчтэнүүдийн насны байдалд харьцуулсан судалгаа хийж үзвэл хамгийн залуу нь 22 нас, хамгийн ахмад нь 36 насандаа “аваргуудын эгнээнд” нэрээ мөнхөлжээ.

Арван засгийн наадамд есөн удаа завсаргүй босоо түрүүлсэн Галсанхүүгийн Вандан аварга 1922 оны улсын наадамд түрүүлэхдээ 32 настай байв. Хоёр наадам дараалан үзүүрлэн 1925 оны улсын наадамд түрүүлэхдээ Ганжууржавын “босоо” Самдан аварга 26 настай байв. Ард түмэн тэднийг арслан гэдэггүй “аварга” хэмээн өргөмжилдөг байсныг 1995 онд МҮБХ батламжлан соёрхсон билээ. “Босоо” Самдан аваргын чацуутан “буур” Жамъян 1925 оны наадмаар үзүүрлэж хойтон жил нь багын анд, бяр тэнхээ ихтэй Ш.Төмөрбаатарыг дагуулан улсад зодоглоод үзүүр түрүүнд үлдэхэд найз нь Жамъянгаа түрүүлж аварга болог гэснийх үү “Би ханалаа, чи түрүүл” гээд бууж өгснөөр “буур” аварга 26 насандаа энэ эрхэм алдарт хүрсэн ажээ.

Домогт Намхай аваргын нутгийн хүү Бадам-Оргийн Түвдэндорж анх удаа улсын наадамд зодоглохдоо гурав даваад хойтон нь буюу 1939 оны улсын наадмаар “хужаа” хэмээх Ө.Чүлтэмсүрэн арслан, Я.Дорлиг заан, “боохой” Д.Данзан арслан, Б.Төрбат арслан, “урт гарт” М.Лхагва арслан нарын халхын цуутай хүчтэнүүдийг цувуулан хазайлгаж шууд арслан болсон ба 1941 оны наадамд хоёр дахиа түрүүлснээр 25 насандаа “аварга” цолтой болжээ. Энэ алдарт бөх нийт долоон удаа түрүүлэхдээ “Би арав түрүүлчих боломжтой байсан ч хүнээс илүү гарах сонирхол байгаагүй” хэмээн ярьсан удаатай.

Архангай аймгаас төрсөн гурав дахь аварга, Хайрхан сумын уугуул Цэдэндоржийн Чимэд-Очир даян аварга 1943 оны наадамд анх зодоглоод начин болж хойтон жилийн наадмаар нь Түвдэндорж аваргыг даван түрүүлж арслан цолд хүрчээ. 1950 оны наадмаар ахин магнайлж 34 насандаа “аварга” болсон байна. Говь-Алтай аймгийн Шаравын Батсуурь аварга хоёр ч наадамд гурав дөрвийн даваанд унасныхаа дараа 1947 онд түрүүлэн шууд арслан болоод 1948 оны наадамд дахин түрүүлснээр 26 насандаа аваргын босгоор алхжээ. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, тэр тусмаа Уйлган голоос Монголын гурван аварга төрсний ууган нь Жамсрангийн Цэвээнравдан аварга болой.

Тэрбээр 1943 оны наадамд долоо даван начин цолыг алгасан заан болж, 1951 оны улсын наадмаар арслан цолтойдоо Дорнодын “хумбан хар” Балсан арслан, Бадамсэрээжид арслан, Батсуурь аварга, Түвдэндорж аварга зэрэг халхын их хүчтэнүүдийг хазайлган 10 давж түрүүлээд 33 насандаа Монголын аваргын тоог нэмжээ.

“Дамдин гарлаа, дайрлаа, давлаа” хэмээн алдаршсан энэ домогт хүчтэн улсад анх зодоглоод начин болж, 1956, 1957 оны наадамд түрүүлсэн ч түүнд аварга цол өгсөнгүй. Харин 1958 онд гурав дахиа түрүүлсэн хойно л Дамдинд “аварга” цол хайрлажээ. Хоёр түрүүлээд аварга болоогүйн шалтгаан нь Дамдин буриад угсааны хүн байсантай, нөгөө талаар учраа болгоноо ганцхан дайраад хаячихдаг байсантай холбоотой байж мэднэ.

Хамгийн их азтай аварга бол яах аргагүй Сэрээтэрийн Цэрэн даян аварга юм. Монгол бөхийн 33 шинж бүрдсэн бөх гэгддэг Цэрэн улсын начин байхдаа ес даван түрүүлэхэд түүнд арслан бус шууд аварга цол олгожээ. Энэ үед тэрбээр дөнгөж 22 настай байлаа. Ам, аа хоёртоо багтаж яддаг омог бардам Жигжидийн Мөнхбат аварга мөн л Дамдин аварга шиг гурван удаа түрүүлж байж авараг болсон төдийгүй нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал, Ж.Самбуу хоёроос “Өгдөггүй аварга цолоо одоо өг, өгөхгүй бол сумын наадамд түрүүлээд байнд авах даагыг минь бүү авчихаарай” хэмээн аархаж, зандарч байж аварга цолондоо хүрсэн сонин түүхтэй.

Хэрэв хоёр түрүүлэхэд нь аварга цол өгсөн бол Мөнхбат аварга 23-тай аваргын эгнээнд орох байжээ, гэвч өгөөгүй тул гурвантаа дараалан түрүүлж 24 настайдаа энэ цолыг хүртжээ. Цагтаа “Увсын долоон харын” толгой гэгдэж явсан Хорлоогийн Баянмөнх аварга 1968 оны наадмаар Баасанхүү начин, Дэмүүл арслан, Сосорбарам арслан, Мөнхбат аварга, Дамдин аварга зэрэг тэр цагийнхаа хүчтэнүүдийг өвдөг шороодуулан түрүүлэхээсээ өмнө 1967 оны наадамд үзүүрлээд 24 настайдаа аваргын ямба эдэлжээ.

Уран гараа дэвээний
Урлагийн гавьяат зүтгэлтэн
Угсраа олон мэхний
Ууган гавьяат мастер… хэмээн нэрлэгдсэн Уйлган голын гурав дахь аварга Чойжилын Бээжинг нэг авч хаясан бөхөө дахиж амладаггүй, үнэнхүү хүчийг үзэн өрсөлддөг сайхан үлгэртэй бөх байсан гэлцдэг.

Бээжин аварга улсын наадамд 16 дахь удаагаа зодоглосон 1970 оны наадмаар ес даван түрүүлж 36 настайдаа улсын аварга цолтны жагсаалтад нэрээ бичүүлжээ. Харих тийшээ явж байсан үедээ ийнхүү түрүүлсэн нь Бээжин аваргын шударгуу, зөв сэтгэлтэй бөх явсны гавьяа гэлтэй.

Өнөө цагийн бөхчүүд дотор дархан аварга А.Сүхбат, дархан аварга Д.Цэрэнтогтох нар шиг барилдааны уран авъяастай нь ховор гэлцдэг билээ. Улсын наадамд анх удаа зодоглоод л начин цолд хүрсэн Дашдоржийн Цэрэнтогтох аварга 1978 оны наадамд анх түрүүлж 1980 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авснаар аваргуудын багт орж улмаар тэр жилийнхээ наадамд түрүүлжээ. Тэгэхэд аварга 29 настай байлаа. Энгүй их бяр тэнхээгээрээ гайхагдсан Д.Хадбаатар 1976 оны наадамд 25 настайдаа анх түрүүлж арван жилийн хойно аваргын хойморт залагдах үедээ 35 настай байжээ.

20-р зууны цагийг эзэлсэн их аварга Баднаанямбуугийн Бат-Эрдэнэ улсын наадамд анх удаа 20-тойдоо зодоглож гурав давсан ба хойтон жил нь начин цол авч, зургаахан жилийн дотор улсын наадамд хоёронтоо түрүүлснээр 25 насандаа аваргын оргилд түүртэхгүй гарчээ.

1991 оны наадмаар их шөвөгт Баянаа аварга, үзүүр түрүүнд “том” П.Сүхбат зааныг давж түрүүлээд Улсын арслан цол хүртсэн Одвогийн Балжинням 1994 оны 768 бөх зодоглосон наадмаар ес давж үзүүрлэсэн ба эдгээр амжилтыг нь бөхийн холбоо үнэлж 1995 онд аварга цол хайрласанаар О.Балжинням 35-тайдаа энэ эрхэм цолыг эдэлсэн байна.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!