Бусад

Бууж өгсөн бөхийн аз харьдагийг Батсуурь аварга биеэрээ туулжээ

Монголын есхөн Дархан аваргын тоонд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харъяат Шаравын Батсуурь аварга яалтгүй багтдаг юм. “Эгэм, тахим мэхний эзэн” хэмээн алдаршсан Батсуурь аварга биеэр бага ч маш хурдтай, гавшгай хурц барилдаантай бөх байжээ.

1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойн баяр наадмын өмнөхөн Төмөр замчдын баярт зориулсан барилдаан Сонгинын буланд болоход Улсын заан цол хүртчихээд аманд нь ааг, цээжинд нь бяр багтаж ядсан ирээдүйн их аварга Ж.Мөнхбат “намайг хаях аавын хүү энэ довон дээр байхгүй дээ” хэмээн аархан бардаж явжээ. Уг наадамд дархан аварга Б.Түвдэндорж, даян аварга Ц.Чимэд-Очир, Ш.Батсуурь гурав ирчихээд бусдаас тусдаа ярилцаад сууж байхад нь Мөнхбат заан очоод,

-Гурван хөгшин борог /хатсан хагд өвс/ сайн байцгаана уу? Би ч өсч байгаа ногоо доо! хэмээн ам гарчихжээ. Тэр үед Түвдэндорж аварга, Чимэд-Очир аварга хоёр 45-тай, Батсуурь 39 настай харин Мөнхбат ердөө хорьхон насан дээрээ ёстой л ургаж явсан ногоо адил цэл залуухан явж.

Ахмад аваргууд залуу зааны “том үг”-ийг тоосон шинжгүй дуугүй өнгөрчээ. Гэтэл барилдаан эхэлмэгц их аваргууд залуухан заан руу довтолж эхэлсэн байна. Гурвын даваанд даян аварга Чимэд-Очир, Мөнхбатыг амлажээ. Гэвч хөгшин аварга залуу заанд юу ч болсонгүй. Дөрвийн даваанд дархан аварга Түвдэндорж түүнийг амлаад бас л өвдөглөчихөв.

Харимал аваргууд том ам гарсных нь төлөө ээлжлээд амлаж буйг ойлгосон Мөнхбат “Тавын даваанд Батсуурь аварга намайг авна. Суурь аваргыг хаячихвал ч хэлэх үгтэй дээ. Хаяна даа” гэж бодсоноор нь Суурь аварга амлажээ. Гэтэл Батсуурь аварга Мөнхбатыг ганцхан харваж дайраад хаяхад аатай залуу зааны хоёр хөл гозойгоод ар сээрээрээ газарт жигтэй чангаар ойчжээ.

Дараа жилийнх нь наадмаар Мөнхбат заан “Надтай эгнэх бяртай бөх алга” гэж мөн аархаад тааралдсан бөх болгондоо бардаж явтал нь Батсуурь аварга ирээд “За, бяр их үү?” гэхэд нь “Ихээ их. Спартикиадаар Гүрбадам зааныг дугтрахад идээлсэн шүдийг нь сугартал хаясан юм. Зундуй зааныг ам хамраас нь цус садартал дугтарч шидсэн.

Одоо үлдсэнийх нь дүүрээг дэлбэртэл савна даа” гэж аархвал Батсуурь аварга “Намайг чи яахав” гэжээ. Гэнэгүй энэ үгэнд Мөнхбат аварга хариулж чадаагүй гэдэг юм. Урьд нь Сонгинын буланд ам гараад чухам л дүүрээгээ дэлбэ шидүүлснээ санаад дуугарч чадаагүй нь тэр аж. Хожим дархан аварга Ж.Мөнхбат гуай,

-Би Суурь аваргатай дөрвөн л удаа барилдахдаа хоёр унагаж, хоёр унасан юм. Гадаа барилдахдаа аваргад ойчиж, зааланд л хоёр хаясан хүн. Суурь аварга бол том хүн мөртлөө мөн ч хурдтай харвана шүү… хэмээн дурссан байдаг юм. Ш.Батсуурь аваргыг улсынхаа наадамд хоёроор тогтохгүй түрүүлэх байсан боловч нэгэн айхтар “гэм”-ээс болж түрүүлэх од нь харьсан гэж ярьдаг.

1947, 1948 оны наадмаар дараалан түрүүлж босоо аварга явсан Батсуурь аварга 1949 оны наадамд баздаа бууж өгснөөс аз нь харьсан юмсанжээ. 1949 оны наадмын талаар аварга хожим ингэж өгүүлжээ.

-Улсын наадамд хоёр жил дараалан түрүүлчихээд гурав дахь жилийнхээ наадамд “Улсын идэр залуу аварга” гэж цоллуулаад гарлаа. Ёстой цээжнээс бяр амтагдаж явсан цаг. Нисэхийн П.Аюуш заан бид хоёр нэг айлын хүргэн, төрсөн эгч дүүсийг авч суусан базууд. Наадам өндөрлөхийн урьд орой бид хоёр хадмындаа очин цай уулаа. Аюуш маань хэлж байна.

-Батсуурь аа! Маргаашийн наадам чи бид хоёрынх болно. Чи надад бууж өг. Би улсад түрүүлж үзье л дээ гэдэг юм байна. Тэгэхэд Аюуш 25 жилийн ойн наадмаар 6 давж, дутуу даваагаар заан цол авсан ч заанаа баталж амжаагүй явсан юм. Би хэллээ.

-Чи юу ч болтугай Хужаа арсланг давчихаад гараад ир гэлээ. Энэхүү Хужаа хэмээх Чүлтэмсүрэн арслан бол 1942 оны наадамд түрүүлчихээд ид л явсан цаг нь. Аюуш барилдсаар яалтгүй “Дэрэн бор” гэдэг Самданжигмэд арсланг хаяад Хужаа арслан, Цэвээнравдан арслан бид гуравтай их шөвөгт гараад ирлээ.

Аваргын эрэмбээрээ Цэвээнравданг би амлаад төвөггүй давлаа. Тэгтэл нөгөө Аюуш маань Чүлтэмсүрэнг хаяад бид хоёр яах аргагүй л үзүүр түрүүнд үлдлээ дээ. Тэр үед надад “За, байз. Энэ золигтой чинь яадаг юм билээ” гэсэн эргэлзээ төрж байсан юм. Тэгээд хүн гуйж байхад гэсэн юм санагдаж

“За буугаад өгье дөө” гэж бодоод өртөл Аюуш яах ийхийн зуургүй дайрч хамаад намайг хаячихсан… хэмээн хуучилсан билээ. Тоогүй нь энэ явдал Батсуурь аваргад багагүй балагтай туссан банйа.

Баздаа бууж өглөө гэж хилэгнэсэн маршал Чойбалсан “ах дүүсээрээ хуйвалдаж төрийн наадмаар тоглох эрхийг чамд хэн олгосон юм бэ” гэж зад загнаад түрүүлсэн Аюуш, үзүүрлэсэн Батсуурь хоёрт бай шагналыг нь өгсөнгүйгээр үл барам Батсуурь аваргыг Сүхбаатар аймгийн хилийн цэрэгт “цөлж” хөөн явуулсан аж.

Тэр үед хүмүүс “Наадмаар гурван жил дараалан түрүүлсэн бөх гарч байгаагүй учраас армиас одоо төрөх нь” гэлцэж, маршал Чойбалсангаас авахуулаад бэлгэшээж байхад чи Аюушид бууж өгдөг чинь яаж байгаа юм бэ. Бөх хүний аз хийморьт муу юм боллоо шүү” гэж зэмлэсэн юм.

Нээрэн л миний аз харьсан даа. Бөхийн хийморь маань гундсан юм. Бөх хүнд хийморь лундаа гэж айхтар юм байдаг юм” хэмээн өгүүлсэн билээ. Баз хүргэн Аюушид бууж өгснийхөө хойтонгийн наадамд Батсуурь аварга дөнгөж дөрөв давсан юм.

Ерөөс түүнээс хойш хоёр удаа үзүүр түрүүнд шалгарч чадсан боловч түрүү авч чадалгүй өнгөрсөн билээ. Бууж өгсөний балгийг биеэрээ туулсан Батсуурь аваргын энэ гэнэн алдааг хойч үеийн бөхчүүд санаж явахад сануулга болох нь магад ажаам.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!