Бусад

Ерөнхийлөгчийн сонгууль: Х.Баттулга – У.Хүрэлсүх

УИХ-д суудалтай дөрвөн намаас дөрвөн нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боловч, үндсэндээ хоёр том нам блок болж, энэ хоёрын хооронд тоглолт явах нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, гол тулаан МАН, АН-ын хооронд өрнөнө.

МАХН болон ХҮН-уудын хувьд одоогоор лав бие даасан байдал харагдахгүй байгаа тул хоёр том намын бөөрөнд нэг нэгээрээ “хавчуулагдан”, хоморгонд нь сонгуульдах шинжтэй байна.

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын бүхий л үйл ажиллагаа МАН-д ашигтайгаар тусдаг. Тиймээс МАН-ын “охин хампаан” гэж хэлэгддэг.

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд “Одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвших эрхгүй” хэмээн мэдэгддэг зэрэг нь МАН-ын бодлоготой яв цав нийлдэг.

Харин МАХН-ын хувьд “Та бидний эвсэл”-д хамтдаа хэвээр байгаа АН-ын бодлого, тэр дундаа дахин нэр дэвших нь тодорхой болоод байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн стратегийг шулуухан дэмжээд эхэллээ.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар Оюутолгойн гэрээг цуцалтал төв талбайд өлсгөлөн зарлана гэсэн нь үүний нэгээхэн илрэл юм.

Ардчилсан нам, нэр дэвшигч Х.Баттулгын хувьд Оюутолгойн гэрээ, оффшор бүс дэх авлигын мөнгө болон баялгийн хуваарилалт гэсэн сэдвүүдээр сонгуульд орох нь тодорхой болж байна.

Ерөнхий сайд асан С.Батболд гэсэн нэг дүртэй орох нь ойлгомжтой болж байна.

Дүр гаргах нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хуучин арга нь. 2012 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт ялалт байгуулсан Х.Баттулга “Сонгуулийн тактик юу байв?” гэсэн сэтгүүлч З.Боргилмаагийн асуултад “Ц.Нямдоржийг ярьсаар байгаад гараад ирлээ” гэж хэлж байсан.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж гэртээ зурагтгүй, түрээсийн байранд амьдардаг гэдэг домгийг уншигч та санаж байгаа байлгүй. Тэрээр энэ удаад С.Батболд гэдэг дүрийг сонгон авчээ. С.Батболдын хүү 600 мянган ам.долларын цаг зүүдэг гэж ярихаар Баянхонгорын хөгшчүүлийн ам ангайдаг байсан нь энэ удаад давтагдах болов уу.

Эрх баригч МАН-ын хувьд энэ удаагийн сонгуульд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг сойх нь тодорхой болчихлоо. Иймдээ ч сая Ерөнхий сайдаас огцорлоо. Ачаагаа авч, цохилтоос бултсан У.Хүрэлсүх хүндээс хөнгөн жинд илүү сайн тулалдах нь гарцаагүй.

МАН-ын нэр дэвшигч Засгийн газрын мөрийн хөтөлбөр, тэр дундаа эхлүүлээд буй бүтээн байгуулалтын ажлууд, коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлсэн оновчтой арга хэмжээ, утааг 50 хувь бууруулсан гэх зэрэг хийсэн ажлаа яриад сонгуульдана.

Төгсгөлд нь хэлэхэд, Ерөнхийлөгчийн сонгууль он гаруут албан бусаар эхэлчихлээ. МАН, АН хоёр хэрхэн тулалдах, Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын “дайн” Үндсэн хууль цэц болон УИХ дээр хэрхэн өрнөх нь ард түмэнд гарцаагүй сонирхолтой, хамаатай болоод байна.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!