Бусад

Монголчууд хэзээ вакцинтай золгох вэ?

Хөл хорионы улмаас халдвар газар авахаас сэргийлж байгаа ч вакцингүйгээр энгийн амьдралдаа эргэн орох боломжгүй. Дотооддоо халдвар алдсанаар дэлхийн дийлэнх орны адилаар вакцин нэн шаардлагатай болж байна. Цаашдаа дэлхий нийттэй эдийн засгийн харилцаанд орохын тулд зайлшгүй вакцин хэрэгтэй. Иймд одоогийн байдлаар найдлага төрүүлж байгаа вакцинуудыг танилцуулъя.

Pfizer, BioNTech

Энэхүү вакциныг бүтээхдээ вирусийн генийн кодын хэсгээс ашиглаж RNA гэгдэх шинэ технологид тулгуурласан. Ийнхүү вирусийн код бүхий вакциныг тарьснаар хүлээн авагчийн биеийн дархлааны тогтолцоо гаднын биетийг илрүүлж дайралт хийн устгадаг. Энгийнээр тайлбарлавал ирээдүйд ижил төрлийн вирус илрэхэд устгах аргачлалд бэлтгэгдэнэ гэсэн үг.

  • Вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн 90%-с дээшид нь дархлаа тогтсон
  • Хоорондоо гурван долоо хоногийн зайтай 2 тун хийлгэх шаардлагатай
  • Үнэ: $20

Гол хүндрэл нь -70С хэмд хадгалах шаардлагатай. Хуурай мөс бүхий, GPS байршил тогтоогчтой тусгай хайрцгаар тээвэрлэх хэрэгтэй.

Moderna

Дээрх вакцинтай ижил технологи ашигласан.

  • Туршилтад 30,000 хүн оролцсон, 94.5%-ийн найдвартай нь тогтоогдсон
  • Дөрвөн долоо хоногийн зайтай 2 тун хийлгэх шаардлагатай
  • Үнэ: $32-37

-20С хэмд чанараа алдахгүй тул Pfizer-тай харьцуулахад хадгалах, тээвэрлэхэд хялбар.

Oxford, AstraZeneca

Давуу тал нь хадгалахад өмнөх вакцинуудаас илүү хялбар, үнэ хямд. Хөргөгчийн температурт хадгалах боломжтой. Бүтээхдээ сармагчинд халдварладаг энгийн томуун вируст суурилж хөгжүүлэн хүний биеийн онцлогт тохируулан өөрчлөлт оруулсан.

  • Туршилтын үр дүн маш сайн гарсан гэж эрдэмтдийн баг мэдээлж байгаа. Одоогоор дархлаа тогтох 70%-ийн найдвартай
  • Өмнөх вакцинуудын адил 2 тун шаардлагатай
  • Үнэ: $3-4

Бусад

Олон улсын хэмжээнд төдийлөн хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа хэд хэдэн сүүлийн шатны туршилтдаа орсон вакцин бий.

Оксфордын вакцинтай төстэй зарчмаар үйлчилдэг ОХУ-н Спутник-5 вакцин нь 92%-ийн үр дүнтэй гэгдэж байгаа. “Ерөнхийлөгч В.Путиний охин, ОХУ-н дотоод хэргийн сайд болон хэд хэдэн өндөр албан тушаалтан вакцин хийлгэсэн. Биеийн байдал сайн байгаа” гэх мэдээллийг хойд хөршийн хэвлэлүүд өгч байгаа. Уг вакцины үнэ нь дээр дурдсан барууны орнуудын вакцинаас илүү хямд байх болно гэж Оросын судалгааны баг мэдээлсэн.

Үүнээс гадна өмнөд хөршийнд Уханийн биологийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн институт, Хятадын Sinopharm-ийн вакцины эцсийн шатны туршилт үргэлжилж байна.

Одоо юу хүлээгдэж байна вэ?

  • Вакцин аюулгүйг бүрэн батлах ёстой
  • Эмчилгээнд ашиглах зөвшөөрөл олгох ёстой
  • Хэдэн тэрбум тун вакцин үйлдвэрлэх шаардлагатай
  • Дархлаа хэр удаан хугацаанд найдвартай тогтож байгааг судлах шаардлагатай

Бэрхшээл

Их Британи, Европын холбоо, АНУ, Япон зэрэг чинээлэг орнууд туршилтын эцсийн шатандаа орсон вакцинуудын дийлэнхийг аль хэдийнээ урьдчилан захиалах гэрээ байгуулсан. Ингэснээр вакцины шударга бус хуваарилалт хийгдэх эрсдэл үүсэж байна. Өндөр хөгжилтэй биш ч вакцины урьдчилсан захиалга хийсэн орнуудын жишээг харвал Бразил, Мексик тусгай хяналттай нөхцөлд иргэдээ вакцины туршилтад хамруулсан. Ингэснээр ирээдүйд үйлдвэрлэх вакцинаас тодорхой хувийг түрүүлж худалдаж авах гэрээ байгуулсан. Үүнээс гадна дийлэнх шинжээчдийн таамгаар ирэх онд дэлхийн хүн амын хэрэгцээг хангахуйц тооны вакцин үйлдвэрлэх боломжгүй.

Монгол улс яах вэ?

Цар тахлын улмаас эдийн засаг нь сульдсан дунд, буурай хөгжилтэй орнуудад вакцин хүртээх COVAX хөтөлбөр гэж байгаа. Чинээлэг орнуудын санхүүжилтээр худалдан авах чадвар муу 92 орны иргэдэд вакцин түгээх зорилготой энэ хөтөлбөрт Монгол улс нэгдсэн. Гэхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, Вакцины холбоо гэгддэг GAVI-аар удирдуулсан энэ хөтөлбөр нь шударга түгээлтийг гол зорилго болгосон тул эхний ээлжид хөтөлбөрт хамрагдсан бүх орны хүн амын 20%-г вакцинжуулахад анхаарах дүрэмтэй. Өөрөөр хэлбэл Монгол улс 3.4 сая хүн амтай ч эхний ээлжид буюу 2021 оны эцэс гэхэд дээд тал нь 680 мянган хүнээ вакцинжуулалтад хамруулах боломжтой.

Засгийн газар юу хийв?

  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “50.6 сая ам.долларын Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улс вакцин авах хүсэлтээ олон улсад өгсөн” гэж хэлсэн. Дээр дурдсан COVAX хөтөлбөрөөр дамжуулж захиалга хийнэ гэсэн үг.
  • 2020 оны 11-р сарын 23-ны өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан вакцин оруулж ирэх ажлын хэсгийг байгууллаа.

Дүгнэлт

Монгол улсад халдвар хяналтаас гарчхаагүй, нэн яаралтай вакцинжуулах шаардлага бусад орныг бодоход бага байна. Вакцинтай золгох өдөр хол тул нүдээ чилтэл алсыг ширтэхийн оронд маскаа л зүүцгээе дээ.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!