Кино

1980 он хүртэлх шилдэг 10 монгол кино

Монгол улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсөөд 85 гаран жил болж байна. Анх 1935 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ардын сайд нарын зөвлөлийн 32-р хурлаар ерөнхий сайд П.Гэндэн, нэгдүгээр орлогч сайд Х.Чойбалсан, хоёрдугаар орлогч сайд Г.Дэмид, нарийн бичгийн дарга н.Өлзий-Очир нарын гарын үсэг бүхий тогтоолоор “Монгол кино” үйлдвэр байгуулагдсан билээ. Ингэснээр Монголын кино урлагийн түүхэн хуудас эргэж эхэлжээ.

10. Хөхөө гэрлэх дөхлөө

Атар газар эзэмших аянд гарсан залуучуудын амьдралд тохиолдож байгаа бэрхшээл, түүнийг даван туулж буй үйл явдлыг хэтрүүлэгт инээдмийн аясаар өгүүлсэн бүтээл. Гол дүр Хөхөөгийн хоосон мөрөөдөгч сэтгэл, бардам зан төрх нь түүнийг инээдэмт үйл явдалд хөтлөн оруулж байгаагаар киноны зохиомж тодрон гардаг.

9. Нүгэл буян

Энэхүү кинонд Буддын шашны номлолоор халхавчлан ертөнцийн алив булай явдлыг үйлдэж буй лам багшийнхаа мөн чанарыг таньж, хуучин нийгмийн бузар бурангуйг нээн илчилж, тэрхүү хүрээллээс ангижирч чөлөөт амьдралын ариун замыг эрэлхийлэн тэмцэж байгаа залуу хосын хайр сэтгэлийн зовлон, хагацлыг харуулжээ. Зохиолыг Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” хэмээх сонгодог өгүүллэгээс сэдэвлэсэн байна. 

8. Сэрэлт

“Сэрэлт” киног 1957 онд бүтээсэн бөгөөд 1928 оны үед Монголд шинжлэх ухааны эмнэлэг нэвтэрч эхлэхэд хөдөө орон нутагт ирсэн орос эмч эмэгтэй, нутгийн нэр хүндтэй маарамба нарын өрсөлдөөнөөр хуучны дадал заншил, үзэл бодол, шашны нөлөөг даван туулж, хүмүүсийн үзэл бодолд эргэлт гарч, сэтгэхүйд шинэ ёс суртахуун хэрхэн төлөвшиж буй тухай өгүүлнэ.

7. Энэ хүүхнүүд үү

Нэгдлийн дарга Жамц, эмэгтэй хүнийг ажилд авах дургүйг сонссон түүний хүүгийн сүйт бүсгүй  Дуламсүрэн эрэгтэй хүний дүрд хувилан очиж, эмэгтэйчүүдийн хүчийг дутуу үнэлэгчдийг хэрхэн даван дийлж байгааг хэтрүүлэгт инээдмийн аясаар харуулжээ. Уг киног Ч.Лодоидамбын “Итгэж болно” жүжгийн санаагаар бүтээжээ.

6. Аман хуур

Нийслэл Улаанбаатар хотод өдөр ирэх тутам шинэ содон барилга нэмэгдэж орчин үеийн сайхан хот болж байгааг үзүүлэхийн зэрэгцээ хүмүүсийн амьдралд шинэ соёл зан заншил бүрэлдэн тогтох явцад шинэ хуучны зөрчил хүчтэй явагдаж баидгийг энэ кино харуулна. Дарь авгай эцгийнхээ босгож өгсөн голомтоо орхиж нүүхгүй гэж зүтгэн охины үерхдэг барилгачин залууг ашиглан хуучин хашаагаа хэвээр хадгалахыг эрмэлзэнэ. Гэтэл байдал Дарийн бодсоноор болсонгүй, хашааг нь нураана. Үүнээс болж Дарь, Төмөр хоёрын харьцаа муудаж, Сономынх хуучин хашаагаа орхин нүүгээд намар хотод орж ирэнгүүтээ шинэ  байранд орно. Дарь авгай шинэ байранд Төмөрийнхтэй  цуг байгаагаа сүүлд мэднэ. Гэхдээ  урьдын адил муухай аашилсангүй, өөрийн хүргэн болох хүн гэж тооцоход хүрч, түгжигдмэл амьдралаасаа салах дургүй байсан Дарь авгайн ухамсар шинэчлэгдэж байгаагаар киноны үйл явдал өрнөнө.

5. Анхны алхам

Энэ кино нь сургуулийн танхимд заалгасан онолын мэдлэгээ практик амьдралаар батлан арвижуулснаар амжилтанд хүрч чаддагийг харуулж, хүмүүс хөдөлмөрийн явцад бие биенээ танин нөхөрлөдөг гэдгийг ахмад, залуу үеийн харилцаагаар дамжуулан үзүүлжээ. Их сургуулийн оюутан бүсгүй Мядаг дадлага хийхээр Дорж даргатай хадлангийн бригадад томилогдон ирнэ. Нутгийн хашир өвгөд Балдан, Жүгдэр, буриад Базар, залуу хадланч Болд нар гар нийлэн ажилладаг туршлагатай хадланчид гэдгийг үл ойшоон өөрийн заалгасан номын дагуу тэдэнд хадлангийн хугацааг мөрдүүлэх гэж оролдсон нь ялимгүй зөрөлдөөн үүсгэх боловч ажлын явцад бие биенээ харилцан ойлгоно.

4. Говийн зэрэглээ

Сумын төвийнхний жирийн амьдрал, хөдөө орон нутагт соёл, олон түмний ажил хэрхэн явагдаж байгаа тухай өгүүлэхдээ эх орныхоо үнэт баялгийг хайрлан хамгаалах, хүн арддаа тустай үйл бүтээх зорилготой залуусын зарчимч, шударга, хөдөлмөрч чанар, хөдөөгийн хүмүүсийн сайхан сэтгэл, хүнлэг ёс суртахууны түвшин зэргийг сургуулийн захирал Хашхүү, холбоочин бүсгүй Номин, тракторчин Арслангийн дүрээр дамжуулан харуулжээ.

3. Цогт тайж

“Цогт тайж” 1945 онд Монгол кино үйлдвэрт бүтээсэн 2 ангит хар цагаан кино. Энэ кинонд ХVII зууны үед амьдарч байсан эх оронч, соён гэгээрүүлэгч Цогт хун тайжийн намтарт түшиглэн, Манжийн түрэмгий бодлогын эсрэг тэмцэн боссон Монголчуудын тусгаар тогтнолын хөдөлгөөнийг уран сайхны аргаар чадварлаг боловсруулан тусгасан юм. Киног бүтээхэд тэр үеийн Монгол улсын жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хөрөнгийг зарцуулжээ.

2. Зэрэг нэмэхийн өмнө

Энэ кино нь шог үлгэрийн өгүүлэмжтэй бөгөөд тайж Мижид нийслэл хүрээ орж, Богд хаанд их өргөл өргөн зэрэг цол нэмж, шан харамж хүртэхээр явах замд Боролдой, Долдой хэмээх хоёр зарц нь уран цэцэн арга мэх хэрэглэн үргэлж түүнийг даван дийлж байгаа явдлыг инээдмийн аясаар үзүүлжээ. 

1. Тунгалаг Тамир

Энэ киног Монгол Улсын төрийн хошой шагналт, нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны түүх хувьсгапын сэдэвт хоймсон романы сэдвээр бүтээсэн бөгөөд ХХ зууны эхэн үеийн Монголын  хөдөө нутгийн дүр төрх, эрх чөлөөний төлөөх тэмцэл, шинэ нийгмийн харилцааны ард олны оюун санаанд гарсан өөрчлөлт зэргийг туульсийн хэлбэрээр тусган харуулжээ.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!