Зөвлөгөө

Тэтгэлгийн ярилцлагад бэлдэх зөвлөгөө

Өмнөх дугаарт бид та бүхэндээ тэтгэлэгт хүсэлт илгээх гэж байгаа бол анхаарах зүйлсийн талаар хүргэсэн. Харин энэ удаа хэрхэн тэтгэлгийн ярилцлагад бэлдэх талаар зөвөлгөө хүргэж байна.

Гадаад үзэмждээ анхаарах

Энэ бол таныг ганган сайхан хувцаслаарай гэсэн үг биш юм. Хувцаслалт гадаад үзэмждээ хэрхэн хандсан нь шүүгчдэд бага ч гэсэн сэтгэгдэл төрүүлдэг гэдэг нь тодорхой. Хэт тансаг, чамин харагдах хэрэггүй бөгөөд хэрвээ та эмэгтэй бол тод будалт ч мөн тохиромжтой зүйл биш билээ.

Хэлсэн цагаа барих

Эхний шатанд тэнцсэн бол шалгарсан хүн бүрт тусгайлан ярилцлагын цаг олгодог. Энэ цагаа маш сайн барьж нэг минут ч хоцорч болохгүй гэдгийг санаарай. Энэ бол таныг хэр хариуцлагатай хүн болохыг илтгэх нэг шалгуур юм шүү.

Бэлтгэлтэй байх

“Нэг удаа тэтгэлгийн ярилцлагын үеэр нэг хүү орж ирсэн. Тэр маш бэлтгэлтэй байгаа нь харагдсан юм. Тэмдэглэлийн дэвтрээ чамбайлан бэлдэж, бүр запас үзэг хүртэл авчирсан байсан. Тэгээд асуулт асууж эхлэхэд тэр зарим зүйлийг тэмдэглэж авч байсан нь таалагдсан. Учир нь энэ үйлдэл нь түүнийг ажилд хариуцлагатай ханддаг нэгэн гэдгийг харуулсан юм”. Энэ мэт жижиг үйлдэл, бэлтгэл нь шүүгчдэд таалагдах тохиолдол байдаг байна.

Асуултад тайван хариулах

Сандарснаасаа болж олон хүн асуултыг буруу ойлгох, хэт нуршуу хариулах зэрэг алдаанууд гаргадаг. Ярилцлагын асуулт бол таны хэзээ ч сонсож байгаагүй зүйлийн талаар асуух биш зөвхөн таныг таньж мэдэхийн тулд асууж байгааг үргэлж санаарай. Харин үнэхээр мэдэхгүй зүйл гарвал шударгаар үнэнээ хэлж байсан нь хамгийн зөв шийдэл болдог.

Мэндлэх

Энэ бол таныг өөртөө итгэлтэй байгааг харуулах болно. Анхны уулзалтаар талууд нэг нэгнээ харах агшинд ямар ч байсан мэндэлж байх хэрэгтэй.

Толины өмнө бэлтгэл хийх

Энэ бол маш чухал хэсэг юм. Гэртээ байхдаа ярилцлагын үеэр асуудаг түгээмэл асуултуудад сайн бодож хариулж дараа нь толины өмнө хариулах маягаар бэлтгэл хийгээрэй. Мөн видео камер ашиглан яриагаа цэнэж, алдаа дутагдлаа сайжруулах арга ч бас бий. Энэ бэлтгэл нь ярилцлагын үеэр сандрахаас хамгаалах болно.

Эцэст нь энэ бол та өөрийгөө шалгуулж буй шалгалт биш харин өөрийгөө харуулах боломж юм. Тиймээс өөртөө итгэлтэй байхыг хичээгээрэй.

Бусад мэдээ

Leave a Reply

error: Content is protected !!