Зөвлөгөө

Тэтгэлэгт хүсэлт явуулахад анхаарах 7 зүйл

Тэтгэлгүүдэд хэрхэн амжилттай хүсэлт илгээх талаар зөвлөмжүүдийг хүргэж байна. Хүсэлт явуулахдаа заавал анхаарах 7 зөвлөмжийг хүлээн авна уу.

1. “Гэрийн даалгавар”-аа сайн хий

Зөвхөн тэтгэлэг авах гэлтгүй ажилд орох, нийгэмлэгт элсэх зэрэгт “гэрийн даалгаврын” хэсэг хамгийн чухал. Ингэхэд гэрийн даалгавар гэж юу вэ?

Энэ бол тэтгэлэг олгогч талаа судлах судалгаа юм. Ямар төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг газраас уг тэтгэлгийг зарласан байна, ямар төрлийн тэтгэлэг зэргийг судлах хэрэгтэй.

2. Надад тохирох тэтгэлэг мөн үү?

Тэтгэлэг л бол хамаагүй гэж хандаж дайралдсан болгон луу дайрах хэрэггүй. Энэ тэтгэлэг үнэхээр надад тохирох тэтгэлэг мөн үү гэж өөрөөсөө асуугаарай. Үүний учир нь зарим тэтгэлэг олгогч газраас тэтгэлэг өгч байгаа хүндээ төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах, дадлагад гарах зэрэг шаардлагыг тавьдаг. Тиймээс шалгууруудыг харгалзан үзэж сонголтоо хийгээрэй.

3. Хянамгай бай, үг үсгийн алдаагаа дахин дахин шалга

Олон тэтгэлэг өгдөг компаниуд яг ижил нэгэн зүйлийг хэлж байсан юм. Олон хүүхдүүд тэтгэлгийн материалаа явуулахдаа маш хэнэггүй ханддаг гэнэ. Үг үсгийн алдаа, нугаларсан цаас, дутуу бүрдүүлсэн материал зэрэг нь таныг үнэлэх үнэлэмжийг нурааж орхидог ажээ. Тиймээс материалаа дахин дахин хянаж нягтлаарай.

4. Бүтээлч сэтгэлгээ гарга

Ер нь заавал бүрдүүлэх зааврын дагуу материалаа өгнө гэсэн үг биш юм. Ядаж л ямар нэг нийгмийн ажилд оролцож байсан бол тухайн үед авхуулж байсан зургаа хавсаргаарай.

5. Давуу талаа бүрдүүл

Би юугаараа ялгарах вэ? гээд нэг бодоод үзээрэй. Тантай зэрэг хүсэлт илгээж буй олон хүмүүсээс яг юугаараа ялгарч болох талаар маш сайн бодох хэрэгтэй. Учир нь шалгаруулалтын багийнхан хүн нэг бүрийн давуу талыг хайж олохгүй. Та өөрөө л энэ давуу талаа ил гаргаж харуулаарай.

6. Өөрийгөө бусдаас асуу

Бүрдүүлэх материалын гол зорилго бол хувь хүнийг таньж мэдэх билээ. Өөрийгөө тодорхойлж бичихдээ хэт битгий өөрийгөө дөвийлгөөрэй. Олон жишээнээс харахад өөрийгөө супер хүн мэтээр бичих нь зөв сонголт биш юм. Алдаа дутагдал байгаа бол үүнийгээ хэрхэн засаж сайжруулж байгаа талаар, хэрхэн мэрийлттэй ажиллаж байгаа талаар бичих нь илүү үр дүнтэй. Мөн эссе бичих хэсэгт аль болох жишээ баримттай бичиж байгаарай. Ингэж бичихэд өөрийгөө бусдаас асууж мэдэх нь их тус болдог.

7. Яг одооноос л эхэлж бэлд

Тэтгэлэг зарлагдсан цагаас бэлдэж эхлэх нь бидний хамгийн том алдаа юм. “Энхийн цагт хөлс их урсвал дайны цагт цус бага урсана” гэдэг үг байдаг. Тиймээс цаг тулгаж хэзээ ч бүү бэлдээрэй.

Танд амжилт хүсье!

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!