Сонин хачин

И.Идэржаргал: “Аавын хаалга татаад гарч ирээд архи ууж яваад хорвоог барна гэж боддог байсан. Гэтэл амьдрал минь эсрэгээрээ эргэж, эхнэр хүүхэд, амьдралын

“Дөч гарсан хойноо эргээд бодоход хайран сайхан хорин насаа хог дээр хаячихаж гэж бодох юм байна шүү дээ” хэмээн ярих эрийг И.Идэржаргал гэдэг. Тэрбээр залуу насандаа алдаж, бор дарсанд дурлан урт гараар аавын хаалга татаад гарч ирсэн удаатай. Учир нь, тэр хулгай дээрмийн хэргээр найман жил нэг сарын ял авч Дарьтад хоригджээ. Тийнхүү ял эдлэх хугацаандаа зүүн гараа алдаж, эрүүл мэндийн шалтгаанаар таван жил суугаад, хугацаанаасаа өмнө суллагдсан байна. И.Идэржаргал хорихоос суллагдасныхаа дараа жил орчим хөдөө нутгаар явж, мал маллаж амьдрах гэж үзсэн ч бүтээгүй гэнэ.Ergelt.mn-д өгсөн нэгэн сайхан түүхийг хуваалцъя.

Тэгээд ч “Архи дарс ууж явж байгаад үхье” гэж бодох болжээ. Уг нь хэцүү нэртийн хаалгыг татахаасаа өмнө тэр ээж, дүү, ах гуравтайгаа амьдардаг байж. Гэвч тэднийгээ үнэнхүү зовоож, тангараг тасрахад хүрчээ. Учир нь, Идэрээ төрсөн ахынхаа хоёр, гурван ч гэрийг зарж, архи авч уусан гэнэ. Энэ тухайгаа “Би тэднийгээ хашраасан байхгүй юү. Орой гарна. Юмыг нь хусна. Гуйж авна. Гуядаж ч авна. Одоо бодоход үнэхээр тэнэг байсан санагддаг юм” гэж ярьлаа. Ийнхүү амьдралд сэтгэл хоргодох зүйлгүй явсан түүнийг 2009 оны тавдугаар сард 90 саяын Гансүх Г.Загдаагийнд очихыг санал болгожээ. Хэрэв тэр өдөр И.Идэржаргал тэнд очоогүй бол өнөөдөр дөрвөн үрийн аав гэгдэх алдарыг хүртэхгүй байв. Учир нь тэрбээр эхнэр Ш.Батцэцэгтэйгээ “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын хашаан дотор танилцсан юм.

Түүний эхнэр Ш.Батцэцэг буюу Улаанаа 14 жилийн өмнө тус байгууллагад очсон анхны хүмүүсийн нэг аж. Ээж, эгч, нагац эгчийнхээ хамт айлтай тал талаар нь нийлж авсан хашаа байшинд амьдардаг байжээ. Гэвч ээжийг нь нас барсны дараа хашаа байшингаа нийлж авсан айл нь охидыг хөөжээ. Ингэж өөрсдийн гэр орноо бусдад алдснаа ч мэдэхгүй “Ер нь айлын хашаанд амьдрах хэцүү юм” гэж эгчтэйгээ ярилцан Ш.Батцэцэг “Зөв амьдрах ухаан”-ы хаалгыг татсан хэрэг.

Дүрэм зөрчин гэр бүл зохиосон нь 2010 онд анх ирэхдээ И.Идэржаргал “Сар орчим байж нэг сайхан хувцаслаж аваад, биеэ тэнхрүүлчихээд явна” гэсэн бодолтой байсан гэнэ. Тэгтэл нэг л мэдэхэд Г.Загдаагийнд нэг жил болж, итгэл хүлээсэн нярав болсон байжээ. Тэрбээр анх Батцэцэгийг хараад “Энэ хүнтэй л ханилна” хэмээн бодсон ч, намайг тоохгүй болов уу хэмээн зүрх нь шимширч явсан гэдэг. Учир нь, өрөөсөн гартай хүнийг яаж тоов л хэмээн санаж явсных. Харин Ш.Батцэцэг “Гангар” компанид барилга дээр ажиллаж, сайн танихгүй И.Идэржаргал гэх залууг төдийлөн хайхардаггүй байж.

Гэтэл нэг л өдөр И.Идэржаргалын муу зан хөдөлж, модны үйлдвэрийнхээ, багаж хэрэгслийг хулгайлж, зараад архи уучихаж. Маргааш нь үйлдвэрийн ажил эхлэх гэтэл багаж байдаггүй. Хүмүүс эрэл сурал болсоор дээврийн цонхоор орж, хэн нэгэн хулгайлсныг тогтоожээ. Хариуцлагатай нярав И.Идэржаргал ч “Хэн ингэдэг байна аа” хэмээн шогширч байлаа. Гэтэл Г.Загдаа “Чи авсан” гэж. Хамт олон болоод Г.Загдаагийн эхнэр Г.Амарсайхан нар өрөөсөн гаргүй хүн яаж хулгай хийх юм гээд л өмөөрч гарчээ. Тэгтэл Г.Загдаа энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаар шийдүүлэхээр болж, хэсгийн цагдаа “Хэргээ хүлээвэл таныг Г.Загдаа уучилна.

Хэрэв хэргээ хүлээхгүй бол та дахин шоронд явж, амьдралынхаа долоо, найман жилийг алдана. Таны хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа шүү дээ” гэжээ. Ингэж л хулгайн хэргээ хүлээн, үйлдвэртээ очсон Идэржаргалд Г.Загдаа итгэж, бүх түлхүүрээ даатгасан гэнэ. Дахин хоригдож болох хэргээс мултарсан И.Идэржаргал Ш.Батцэцэгтэй дотносож, нэг л мэдэхэд гэр бүл зохиохдоо тулжээ. Улмаар байгууллагынхаа удирдлагуудад гэр бүл болох хүсэлтэйгээ хэлтэл “Нэг нэгнийгээ сайн мэдэхгүй байж болохгүй. Манайх эр эм хоёрыг гэр бүл болгодог байгууллага биш” гээд халгаасангүй. Тэгэхээр нь И.Идэржаргал, Ш.Батцэцэг хоёр байгууллагааасаа гарч нийтийн байранд амьдарчээ.

Хайр сэтгэлийнхээ төлөө өөрсдийн замаа хөөж, нийтийн байранд амьдралаа эхлүүлсэн хоёр анхны хүүхдээ олжээ. 2010 оны аравдугаар сарын сүүлээр жиндүүхэн, бүрхэг өглөө эхнэр нь төрөхөөр өвдөж эхлэв. И.Идэржаргал түргэн тусламж дууджээ. Анхны хүүхдээ өлгийдөж авахаар сандарсан эр түргэн тусламжийн тэргийг даган тэнхээгээрээ гүйсэн гэнэ. Тэгээд л эхнэртээ тор дүүрэн хүнс авч, дэлгүүр нүүлгэх шахуу юм болж эмнэлэгт очтол түүнийг нь оруулдаггүй гэдгийг мэджээ. Энэ явдлаас хойш арван нэгэн жил хэдийн өнгөрч, тэд дөрвөн охины ээж, аав болцгоосон байна.

Том охиноо төрснөөс хойш ч тэднийх нийтийн байрандаа амьдарч байлаа. Гэтэл И.Идэржаргал өдөр бүр архи уух болжээ. Тэгэхээр нь Ш.Батцэцэг “Нэг нь архи уугаад өдөр бүр согтуу байхад, ганц хүн ажиллаад энэ амьдрал бүтэхгүй юм байна” гэж бодоод хоёр гурван сар нөхөртөө нүүр өгөлгүй, эгчийндээ очоод амьдарчихжээ. Байдал нэг л бишидсэнийг ойлгосон И.Идэржаргал охиныхоо төрсөн өдөрт бэлдээд хүрээд иржээ.

Тухайн үед дунд охиноо олчихсон байсан Ш.Батцэцэг айлгахаар шийдэж “Хоёр дахь хүүхдээ авахуулна” гэв. Идэрээ үүнд уурлаж, “Ахиж архи уухгүй” хэмээн амлаад, эргээд нийлжээ. Ингээд хоёр охины аав, ээж болсон хоёр буцаад “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага дээрээ очиж, ажил төрөлтэй болж, Идэрээ ч түүнээс хойш дөрвөн жил архи уугаагүй гэнэ. Гэхдээ урьд нь архины хамааралтай байсан учраас яг дөрвөн жил уугаагүйгээс биш хааяадаа бор дарс хүртчихдэг хэвээр байгаа гэлээ. Хоёулаа гарч, дөрвүүлээ болоод ирсэн хоёрт байгууллагаас нь амьдрах байр гаргаж өгч, тэд өөрсдөө тохижуулалтаа хийжээ.

Ийнхүү “Шор.онгоос гарч ирээд архи ууж яваад үхье гэж боддог байсан. Гэтэл амьдрал минь эсрэгээрээ эргэж, эхнэр хүүхэд, амьдралын утга учиртай болсон. Өнгөрсөн амьдралаа харахад тэнэг юм боддог байжээ” хэмээн ярьдаг И.Идэржаргал “дахин “Наарны хадаас” болохоос аврагдан сайхан ханьтай учирч, дөрвөн үртэй болсон хувьтай хүн дээ би” гэлээ.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!