Спорт

Дархан аваргын хөнгөн гуниг

Хөдөөнөөс ирсэн шинэ цэрэг Д.Дамдин улсын наадамд анх барилдан зургаа давахад, алдарт бөх Б.Түвдэндорж, Ц.Чимид-Очир аваргууд “Биднийг залгах бөхийн манлай тодорч байна” хэмээн уулга алдсан гэдэг.

Д.Дамдин аварга төрөлхийн их бяртай бөх байжээ. Ялангуяа хүзүүний бяр тамтаггүй тул их, бага ямар ч хүнийг толгойгоороо сэжихэд овгос хийлгээд л гаргаад ирдэг байжээ. Иймээс түүнийг ид үед нь “гарлаа, дэвлээ, давлаа” хэмээх цөөхөн үгээр тодорхойлдог байсан нь чухамдаа учраа бөхчүүдээсээ хол тасархай байсны илэрхийлэл юм.

Хүч тамирын үзүүлбэр үзүүлж 1953-1981 он хүртэл циркийн Д.Дамдин гэж хэлүүлэн 1973 онд гавьяат жүжигчин цол хүртсэн.

Улсын наадамд тав түрүүлж, тав үзүүрлэн, тав шөвгөрсөн дархан аварга билээ.

Харин энэ зураг 1990 онд аж.

Монголын нууц товчооны 750 жилийн ойн баярт зориулсан хүчит 768 бөхөөс шөвгийн гуравт үлдсэн Д.Дамдин аваргын хүү улсын заан Д.Баяраа залуу аварга Б.Бат-Эрдэнэд дөнгөж унаад байлаа.

Хэдхэн хоногийн өмнө улсын наадмаар мөн л Б.Бат-Эрдэнэд өвдөг шороодсон билээ.
Хурсан олны уухайн дуу намсаагүй харин ч хүч улам түрж байх зуур Д.Дамдин аваргын хормойг салхи дэврүүлж, харин сэтгэл юуг нь хөнгөн гуниг эзэмдэн, гүн бодол дарж хөлийн цэц рүү эргэж байх мөч энд үлдэн хоцорчээ.

Энэ өдрөөс арав гаруй жилийн дараа Д.Баяраа Монгол Улсын гарьд цол хүртсэн билээ.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!