Спорт

Нөхөртөө туслахын төлөө Баянмөнх аварга бууж өгч байжээ

1960-аад оны эхээр Монголд чөлөөт бөхийн барилдааныг хөгжүүлэхээр анхны шигшээ баг байгуулахад дархан аварга Ж.Мөнхбат, даян аварга С.Цэрэн, улсын арслан Ө Эрдэнэ-Очир улсын заан Т.Зундуй, улсын харцага Д.Сэрээтэр, аймгийн заан “жижиг” Б.Санжаа нарын бөхчүүдийг сонгож авчээ. Тэр үед чөлөөт бөхийг монголчууд бүү хэл бөхчүүд өөрсдөө ч мэдэхгүй тул барилдах дургүй байсны нэг нь дархан аварга Х.Баянмөнх байв. 1963 онд Баянмөнх аварга улсын заан цолтой дөнгөж хорин настай байв. Ирээдүйтэй залуу заанд чөлөөт бөхөөр барилдах санал тавихад Баянмөнх эхлээд шууд татгалзжээ. Юу гэвэл Казахстаны бөхчүүдтэй Монголын бөхчүүдийг барилдуулахад 57 кг-ийн тамирчин Б.Сүхбаатар өрсөлдөгчдөө давхар мэхэнд даруулж ялагдахыг хараад Баянмөнх “ёстой зэрлэг муухай барилдаан байна” гэж эмээсэн аж. Тэгээд л шууд дургүйцжээ. Хөдөө байдаг ээжийгээ асарна гэж шалтаг ч тоочсон аж.

“Гэтэл чамд 500 төгрөгийн цалин өгнө. Ээжийгээ хотод аваад ир” гэжээ. Тэр үеийн 500 төгрөг их мөнгө байжээ. Багшийн сургууль дөнгөж төгсөөд байсан түүнд ийм хэмжээний цалин хангалуун амьдрахад элбэг хүрэлцэх учраас бодож байгаад зөвшөөрчээ. Cap гаруйн дараа Баянмөнх Ардчилсан Германы бөх, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 6-р байрын шагналт Хайнцыг оноогоор ялахад нь Гадаад орны шилдэг бөхийг ялсан”-ых нь төлөө түүнийг 500 төгрөгөөр шагнахад бүр ч урамшсан гэнэ. Ингэж л Баянмөнх аваргын дэлхийн түвшний шилдэг бөх болох замын эхлэл тавигджээ.

1971, 1974 оны Дэлхийн аваргаас хоёр удаа мөнгөн медаль, 1975 онд дэлхийн аварга болсон тэрбээр самбо барилдаанаар дэлхийгээс алт мөнгөн медаль бас хүртсэн төдийгүй 1972 оны Мюнхений олимпоос мөнгөн медаль авчирсан юм.

1968 оны Мехикогийн олимпд оролцох үедээ Баянмөнх улсын наадамд түрүүлж аварга цолтой болчхоод байжээ. Өмнөх жил нь Мөнхбат аварга дэлхийн аваргаас хүрэл медаль авчирсан нь Монголын бөхчүүдэд сайн барилдах урам зориг өгсөн байв. 1968 оноос Баянмөнх 97 кг-ийн жинд барилдах болсон бөгөөд бяр хүчээ нэмэхийн тулд аж үйлдвэрийн комбинатад сайн дураараа ачигч хийдэг байжээ. Эхлээд зуу гаруй кг жинтэй боодолтой ноосыг даадаггүй байсан гэнэ. Харин эвийг нь олоод ирэхээрээ хурга шиг л шиддэг болсон байна.

Мехикогийн олимпд Монголын найман бөх барилдаж нэг мөнгө, гурван хүрэл медалиас гадна хоёр тусгай байрын шагнал авсны нэг нь Баянаа аварга байлаа. Эхний гурван тойрогт өрсөлдөгчдөө ялсан Баянмөнх дөрөвдүгээр тойрогтоо Унгарын хөдөлмөрийн баатар алдарт бөх Йожеф Чатаритай таарч торгуулийн оноогоор ялагджээ. Тавдугаар тойрогт Туркийн алдарт бөх, олимп дэлхийн аварга Айктай барилдав. Туркийн бөх, Баянмөнхийг цэвэр дийлсэн нөхцөлд олимпын алтан медаль авах байв. Хэрэв оноогоор ялбал Зөвлөлтийн бөх Шота Ломизе аваргын алдарт хүрэхээр байжээ.

Гэтэл энэ эгзэгтэй үед Туркийн шигшээ багийн дасгалжуулагчид манай дасгалжуулагч О. Цэрэндавгатай уулзаад “шивнээ” хийжээ. Тэд Баянмөнх аваргыг Айкт цэвэр ялагдуулж туслах юм бол бид хариу тусалъя. Танай бөхчүүдэд медаль авах боломж олгоё гэжээ. Энэ үед манай нэг бөх хүрэл медаль авах бололцоотой болоод байсан ба түүний учраа бөх нь дийлэгдэх юм бол Монголын бөхчүүд дөрөв дэх медалиа хүртэх байсан аж. Баянмөнх ялагдсан тохиолдолд V байр эзлэх байсан бөгөөд Туркийн алдарт бөх Айкийг дийлнэ гэдэг хүнд даваа байжээ.

Ингээд багш нар нь Баянмөнхөд учрыг тайлбарлаж “Айкт цэвэр хожигд” гэхэд Баянаа аварга:

-Эх орны төлөө юм бол би зөвшөөрье. Гэхдээ манай багт ахин нэг медаль ирнэ гэсэн баталгааг Туркууд өгөг! гэсэн байна. Ингэж Баянаа эх орны эрх ашгийн тулд бууж өгчээ. “Танд харамсалтай байсангүй юу” гэхэд Баянаа аварга “Монголынхоо төлөө бууж өгч байгаа учраас надад харамсалтай санагдаагүй. Гэхдээ би “бүтэх юм бол бууж өгье” гэсэн. Би цэвэр хожигдсон. Харин манайд дөрөв дэх медаль ирсэн” хэмээн өгүүлсэн юм.

-Олимп дэлхийн аварга Айк, ЗХУ-ын Иван Ярычин, дэлхийн аварга В.Гулюткин, Х.Бютнер болон Чатари, Элмази, Кристоф гээд гадаадын том бөхчүүдтэй барилдаад Монголдоо ирэхэд манай бөхчүүд жижиг харагдаад өөртөө омогшиж бяр амтагдаад байдаг байсан. Миний үед Дэмүүл, Эрдэнэ-Очир, Мөнхбат гээд барилдахад хэцүү өрсөлдөгчид байсан юм. Гэтэл гадаадын томчуудтай эн тэнцүү барилддаг болоод ирснээс хойш манай бөхчүүд надад “юм” болохоо больсон юмаа хэмээн Баянаа аварга “аархсан”.

Олимпын наадамд зөвхөн чөлөөт бөхийн төрлөөр таван олимпд зодоглосон ондоо бөх байдаггүй бөгөөд аав хүү хоёулаа олимпын наадамд оролцсон өөр тохиолдол Монголд бас байдаггүй аж.

-Үнэнийг хэлэхэд Монголд надад бэлтгэл хангагч байгаагүй. Гадаадын томчуудаас би арга мэхээр л дутуу байснаас биш бяр хүчээр бол дутах юм байгаагүй. Сайн бэлтгэл хангагчгүй учраас миний бэлтгэлжилт жаахан дутууддаг байсан юм гэж Баянаа аварга аргагүй үнэнийг өгүүлсэн. Арван жилийн туршид олимп, дэлхийд түрүүлж аман хүзүүдэж, айргийн тавд шөвгөрч явсан Баянмөнх аваргын ялалт амжилтыг үндэсний бөхийн тасархай амжилтынх нь сүүдэрт дарагдуулж болохгүй билээ.

Бусад мэдээ

Leave a Reply

Back to top button
error: Content is protected !!